Х.Цагаанбаатар Амстердамын гран-прид зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар Амстердамын гран-прид зодоглоно

Голландын нийслэл Амстердам хотноо энэ сарын 19, 20-нд болох жүдо бөхийн гран-при тэмцээнд оролцох Монголын цагаан өмсгөлтнүүд маргааш хилийн дээс алхах гэж байна. Түрүүлсэн тамирчинд чансааны 200 оноо олгох тус тэмцээнд Монголын баг эрэгтэй ес, эмэгтэй таван тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм.

Баг тамирчдын бүрэлдэхүүнд дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар багтсан байна. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр БНСУ-д өвдгөндөө мэс засал хийлгэсэн тэрбээр “өвчтэй” байх хугацаанд цөөнгүй тэмцээн, уралдаан өнжсөн тул дэлхийн чансааны тэргүүн эгнээнээс буугаад байгаа билээ. Тэмцээн, уралдаан бүрт алгасахгүй оролцож, чансааны оноо цуглуулахыг шаарддаг, тэр хэрээр олимпийн наадмын эрхийн болзол хангах жүдочдын хувьд олимпийн наадам дөхсөн энэ үед бүхий л тэмцээн чухалд тооцогдоно. Тиймээс хэдийгээр мэс засал хийлгээд удаагүй байгаа ч бэлтгэлийн зааланд байнга очиж, бэлтгэл сургуулилтаа таслалгүй хийж, улмаар энэ сарын эхээр болсон жүдо бөхийн хэвтээ барилдааны улсын аварга болсон Х.Цагаанбаатар алдсан оноогоо нөхөхөөр Амстердамын гран-прид зодоглох болжээ. Түүний хамт эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ С.Мияарагчаа Амстердамын татамид зодоглох юм. Түүнчлэн Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр үндсэн жин болох -100 кг-д барилдах ажээ.

Амстердамын гран-при тэмцээнд зодоглох Монголын баг тамирчид:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар
66 кг: С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн
+100 кг: Х.Мөнхбаатар

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг
52 кг: Б.Бат-Эрдэнэ
63 кг. Ц.Мөнхзаяа
70 кг: Ц.Наранжаргал
-78 кг: П.Лхамдэгд

Баг тамирчид жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Х.Болдбаатар, Д.Баттулга нарын удирдлага дор Амстердамын гран-при тэмцээнд зодоглох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж