Тансаг хурим, банкны чекээр гоёсон сүйт залуу

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Тансаг хурим, банкны чекээр гоёсон сүйт залуу


Өнгөрсөн долоо хоногт Делид болсон нэгэн хуримын тухай тус хотын хэвлэлүүд өнөө хэр шуугисаар байна. Нэртэй хоёр улстөрч худ ураг барилдан, бэл бэнчингээ гайхуулсан нь түүхэнд тэмдэглэгдэхээр цуутай хурим болжээ. Энэтхэг хүмүүс хуримын үеэр хөрөнгө чинээгээ харуулахыг хичээдэг нь гэм биш зан. Гэвч энэ хурим арай л илүү байсан бололтой.


Хуриманд оролцохоор 18000 хүн ирсэн бөгөөд харин хуримын өмнөх ёслолд оролцсон 2000 зочин тус бүр мөнгөн гоёл чимэглэл, үндэсний хувцас сари, 500 ам.доллар бэлгэнд аван гэртээ харьжээ. Амьд цэцгээр биш, банкны чекээр эрх хэлхэн хүзүүндээ зүүсэн сүйт залуугийн хуримын бэлэг таван хүний суудалтай нисдэг тэрэг байлаа. Хуримын бэлтгэл ажилд 1000 ажилчин хөлслөн 40 хоног ажиллуулсан байна. Дели хотын захад орших харшид болсон уг хуримын үеэр 100 гаруй нэр төрлийн хоолоор дайлан, хуримын үсчин 5000 ам.долларын хөлс авчээ. Том хэмжээний 12 дэлгэц ашиглан найр наадмын үеэр зочдыг хөгжөөсөн гэнэ.


Хоёр улстөрч байр сууриа бэхжүүлэхээр ярьж тохирон хоёр хүүхдээ ийнхүү гэрлүүлсэн бөгөөд хайр сэтгэлээр биш эцэг эхийн зааж өгсөн хүнтэй суух уламжлал өнөөдөр ч энэ оронд түгээмэл хэвээр. Хуримын маргааш таван одтой зочид буудалд болсон хүндэтгэлийн хүлээн авалтад Энэтхэгийн Ерөнхий сайд, Болливудын одод ирж оролцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж