Кино наадам “Эзэн Богдын эр хоёр загал”-аар эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Кино наадам “Эзэн Богдын эр хоёр загал”-аар эхэлнэ

Монгол-Францын төв, Гёте институт хамтран Герман, Францын элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Франц-Германы дөрөвдүгээр кино наадам Монголд болох гэж байгаа талаар бид мэдээлсэн. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ.

Кино наадам энэ сарын 16-19-ны хооронд үргэлжлэх бөгөөд хоёр франц, хоёр герман, нэг монгол кино гаргах юм. Кино наадмын хүрээнд маргааш буюу энэ сарын 16-нд “Тэнгис” кино театрт найруулагч Д.Бямбасүрэнгийн “Эзэн Богдын эр хоёр загал” киноны нээлт болох аж. Энэхүү киног “Ингэн нулимс” киногоор “Оскар”-ын наадамд нэр дэвшиж байсан найруулагч Д.Бямбасүрэнг найруулж, гол дүрд Азийн дива, Өвөрмонголын дуучин Ч.Урнаа тоглосон юм. Энэ хоёр уран бүтээлч хоёулаа ХБНГУ-д амьдардаг бөгөөд өчигдөр Монголд ирээд байгаа аж. Хэвлэлийн хурлын үеэр дуучин Ч.Урнаа хэлэхдээ “Би Хөххотоос өчигдөр Монголд ирлээ. Их сайхан байна. “Эзэн Богдын эр хоёр загал” кинонд тоглоод, маргааш бүх монголчууддаа нээлтээ хийх гэж байгаад баяртай байна” хэмээв. Харин киноны ерөнхий найруулагч Д.Бямбасүрэн ийнхүү ярилаа. “Би “Эзэн Богдын эр хоёр загал” киногоо хоёр жилийн өмнө буюу 2009 онд хийж дууссан. Европын бүх орнуудад гарсан. Одоо Франц улсад гарч байгаа. Хэдий удсан ч хоёр жилийн дараа Монголдоо киноныхоо нээлтийг хийх гэж байгаад баяртай байна. Киноны год дүрд тоглосон дуучин Ч.Урнаа Европт амьдардаг. Гэхдээ үргэлж монгол дуугаа дуулж байдаг, алдартай дуучин хүн юм. Ч.Урнаа жил бүр Өвөрмонголын Ордос нутагтаа очиж, Монгол үндэснийхээ, ардын дууг дуулж, үргэлж эрэл хайгуул хийж явдаг. Тиймээс кинондоо Ч.Урнааг тоглуулсан. Кино маань Ч.Урнаа Ар монголоос “Эзэн Богдын эр хоёр загал” дууг хайж байгаагаар эхэлдэг. Өөрийн хайсан дуугаа олох нь уу гэдгийг манай киноноос үзээрэй” хэмээн хэлэв.

Франц-Германы дөрөвдүгээр кино наадмын нээлт “Эзэн Богдын эр хоёр загал” киногоор эхлэх юм. Нээлт маргааш “Тэнгис” кино театр 18.30 цагт болно. Тус киног ердөө дөрөхвөн өдөр гаргана гэдгийг сануулъя. Харин кино наадмын хаалт энэ сарын 19-нд “Black Box” театрт шилдгийн шилдэг Монголын таван богино хэмжээний киног үзүүлснээр өндөрлөх нь ээ.

Кино наадмын хүрээнд Монголын урлагийн зөвлөл, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагатай хамтран монголын кино зураглаачдад зориулж, Германы Потсдам хотын Бабелсбергийн kино телевизийн дээд сургуулийн профессор Д.Ариунсайхан гурав хоногийн мэргэжил дээшлүүлэх хичээлийг Монгол-Францын төвд энэ сарын 14-16-ныг хүртэл заах юм байна.


М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж