
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын ээлжит аравдугаар хуралдаан өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Тус хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол-Оросын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын Монголын хэсгийн дарга Д.Цогтбаатар, Оросын талаас ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн дэд сайд, Орос-Монголын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын оросын хэсгийн дарга М.А. Травников нар даргалав.
Дэд комиссын ээлжит Х хуралдаанаар хил залгаа аймаг, субъектуудын шууд хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мод боловсруулах үйлдвэрийн чиглэлийн хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэв.
Хуралдааны төгсгөлд Монгол-Оросын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын хуралдааны ажлын протоколд хоёр тал гарын үсэг зурав.
Мөн өдөр ОХУ-ын Эрхүү мужийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын нээлтийн арга хэмжээ болов гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.