”Урт нэртэй” хуульд ухаалаг өөрчлөлт хийх үү?

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

”Урт нэртэй” хуульд ухаалаг өөрчлөлт хийх үү?

УИХ өнгөрсөн оны долоодугаар сард Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталсан. Гэвч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь, Х.Баделхан, Д.Кёкүшюзан Батбаяр, А.Тлейхан, О.Чулуунбат нар  хууль бат­лагдсанаас хойшхи нэг жил хага­сын хугацаанд хуулийн хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэхэд зарим бэрх­шээл тулгарч байна гэж үзээд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дэд дарга Н.Энхболдод 2011 оны  нэгдүгээр сарын 27-нд өргөн барьсан юм.

Одоогоор хүчин төгөлдөр мөр­дөгдөж буй хууль нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тог­тоох, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн хэд нь, аль хэсэг нь дээрх хилийн заагт хамрагдсан цуцлах ёстой нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэм­шигчдэд олгох нөхөн олговрын хэмжээг тогтооход ихээхэн бэрх­шээл учирч байна. Мөн тусгай зөв­шөөрлийг цуцалсны нөхөн төлбөр олгоход улсын төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрч байна хэмээн үзээд эрхэм гишүүд ийм хуулийн төсөл санаачилжээ.

“Урт нэртэй” хуулийг хэрэг­жүүлэхийн тулд лиценз эзэмшигчдэд олгох нөхөн олговрын хэмжээ л гэхэд наанадаж таван их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолоод байгаа. Манай улсын бүтэн жилийн төсвийн орлого гурван их наяд 122.5 тэрбум төгрөг гээд бодохоор яаж нөхөн олговор олгоод, лицензийг нь хурааж хуулиа хэрэгжүүлэх вэ гэдэг нь анхнаасаа бүрхэг байсан. Гэвч нэр төр горилсон улстөрчид улайрч дайрсаар эцэстээ энэ нь улс төр болж хувирсан. Тэр ч байтугай салбарын сайдыг огцруулах асуудал л гол зорилго нь байжээ гэж ойлгохоор байгаа юм.

Хүссэн ч, эс хүссэн ч манай эдийн засгийн тэргүүлэх салбар нь уул уурхай юм. Тухайлбал 2009 оны байдлаар уул уурхайн салбарт оруул­сан хөрөнгө оруулалтын хэмжээ 471 сая ам.долларт хүрч, 2103 тэрбум төг­рөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолжээ. Үйл ажиллагаагаа хаал­гасан аж ахуйн нэгжүүд алтаа Мон­голынхоо банкинд л тушаадаг. Харин Монгол Улсын хэмжээнд 2010 оны эцсийн байдлаар нийт алт­ны дийлэнх хэсэг буюу 75.9 хувийг Канадад, жоншны 75 хувийг ОХУ тус тус экспортолсон байна. Төр алт ол­борлогчдынхоо энэ гавьяаг нь үнэлж, “шагналд” нь 2010 оны долдугаар сард 254 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хурааж хохироосон. 

Одоо хэлэлцүүлэхээр зэхэж буй урт нэртэй хууль (албан бус нэ­рээр)-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь зургаан зүйлтэй. Хуулийн төслийн нэгдүгээр зүйлд заасан “Хуучин улсын үйлдвэрийн газ­рууд, уул уурхайн үйлдвэрлэлээс нө­хөн сэргээлт хийлгүй орхисон газ­руудад тооллого явуулж, нөхөн сэр­гээх ажлын зардлын үнэлгээ, тоо­цох аргачлалыг Засгийн газар тог­тооно”, мөн “Энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасан хилийн заагт хам­рагдаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу газрын нөхөн сэргээлтийг бүрэн хариуцна” гэсэн 5.2, 5.3 дахь хэсгийг тус тус нэмэхээр тусгажээ. Түүнчлэн хуульд агуулгын хувьд тохирох “хориглох” гэсний өмнө “хязгаарлаж” хэмээн нэмж оруулан тавдугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 4.1-д заасан хилийн заагт хамрагдаж байгаа нөхөн сэргээлт хийлгүй ор­хисон газруудад тухайн ашиглаж байсан компаниудаас төлбөр авах замаар нөхөн сэргээлтийн ажлыг мэр­гэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлнэ” хэмээн өөрч­лөн найруулжээ. Мөн хуулийн дөрөв­дү­гээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хо­риглоно” гэснийг “газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж, дээрх зүйлийн 4.5 дахь хэсгийн “хай­гуулын болон ашиглалтын тус­гай зөвшөөрөл олгохгүй” гэснийг “хай­гуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй” гэж тус тус өөрчилсөн байна. Хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг буюу “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална” гэсэн хэсгийг хасахаар болжээ.

Алт олборлох чиглэлээр үйл ажил­лагаа явуулж буй 130  гаруй аж ахуйн нэгж бий. Тэдний 80 орчим хувь нь арилжааны банкуудад тусгай зөвшөөрлөө барьж хөрөнгө босгосон байдаг. Алт олборлолтоос 38 тэрбум төгрөг улсын төсөвт орно гэж батал­сан УИХ-ын нэр бүхий гишүүд тө­рийн нэрийн өмнөөс шийдвэр гар­гаж байгаагаа ухамсарлан бизнес­мэнүүдэд хандан  “Банкнаас хүүтэй мөнгө зээлж хөрсөнд булсан хохь чинь” гэсэн шийдвэр гаргах нь дэн­дүү шударга бус. Тиймээс УИХ ал­даа­гаа засаж, хуулийн төсөлд оруулж буй нэмэлт өөрчлөлтөд онц­гой анхааралтай хандан, зөв шийд­лийг олж чадна гэдэгт итгэж байна.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж