Монголчууд бол ”сайхан” ард түмэн

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Монголчууд бол ”сайхан” ард түмэн

Монголчууд бол үнэхээр хээгүй, гүндүүгүй, сайхан ард түмэн. Бид бүхнийг сайхнаар төсөөлж, бүх зүйлд итгэдэг сайхан сэтгэлтэй хүмүүс. “Иргэн Батын сар тутамд авдаг цалин нь ирэх онд 53 хувиар өснө” гэсэн мэдээлэл гэнэт түгэв. Гэтэл энэ мэдээлэлтэй зэрэгцээд өргөн хэрэглээний барааны үнэ өссөн ч ирээдүйг өөдрөгөөр төсөөлнө гэдэг бол үнэхээр сайхан сэт­гэл. “Махны үнэ тэнгэрт хадлаа” гэсэн хэрнээ л махаа идэж л байдаг хүмүүс шүү дээ, бид. “Улстөрчид бэлэн мөнгөний амлалт өгөх нь буруу” гэж ярьсан хэдий ч бэлэн мөнгө өгөөд эхэлбэл уртаас урт дараалал үүсгэж байгаад авчихдаг гудиггүй хүмүүс шүү, бид. Монголчуудыг ирээ­дүйдээ ит­гэл­гүй энэ тэр гэж их гоо­чилдог ч үнэндээ бидэн шиг ирээдүйгээ итгэлтэй харж тэсэрч дэлбэрчихгүй өдийг хүрч байгаа хүмүүс хаана байна. Болохгүй, бү­тэхгүй үзэг­дэл нийгэмд байж л бай­на. Тэр болгоныг бид асуу­дал болгож хардаггүй. “Ирээ­дүйд сайхан болно” л гэж төсөөлдөг. Улаанбаатар бол хүн тогтож суугаад бай­хаар хот биш шүү дээ. Утаа­тай, түгжрэлтэй, ууртай хот. Гэтэл энд амьдрагсад дан­даа л ирээдүйд тэмүүлж бай­на. Насаараа утаанд нь хорд­чихсон хэрнээ “Ирэх өвөл арай өөр болно” гэдэгт итгэж байгаа учраас энд амьдрал үргэлжилж л байна. Өдөр ирэх бүр амьдрал нь доройтож, цаг тутамд хэрэглээнийх нь мөнгө тасалдаж байвч дараа жилийнхээ байр байдлыг бодоод сайхан сууж байна даа хүмүүс. Хөдөөгийнхөн 20 жилийн өмнө сонгож байсан хүнээ 20 жилийн дараа ч сонгох л юм ярьж байна. Угтаа сонгогдсон нөхөр бол тухайн аймагтаа юу ч хийгээгүй л байхгүй юу. Гэтэл тэдний сонголтод юу нөлөөлөөд байна вэ гэхээр сайхан сэтгэл л нөлөөлж байгаа юм. Япон, Өмнөд Со­лонгос улсын ард түмнийг өөр­сөдтэйгээ жишье л дээ. Ажил­лаж байгаа компани нь дампуурлаа зар­лачихвал япон, солонгосчууд бол боо­гоод үх­чихдэг. Харин мон­гол хүн байгууллага нь дампуурсны маргааш л дахиад ажлын байр хайгаад явж байна. Энэ дэлхий дээр үүнийг гайхамшиг гэхгүй бол юуг гайхамшиг гэх билээ дээ. Бид бол үнэхээр сайхан сэтгэлтэй, ирээдүйдээ итгэдэг, жаахан хэнэггүй ард түмэн дээ.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж