Европа лигийн шөвгийн 16-гийн тоглолтууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Европа лигийн шөвгийн 16-гийн тоглолтууд эхэллээ

Европын хөлбөмбөгийн холбооны Европа лигийн шөвгийн 16 багийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө Буурал тивийн хөлбөмбөгийн ногоон талбайд өрнөлөө. Харин хариу тоглолтууд ирэх долоо хоногийн пүрэв гаригийн шөнө болж, улмаар шөвгийн наймд өрсөлдөх багууд тодрох юм.

Өнгөрсөн шөнө нийт найман тоглолт болсноос Украйны “Динамо Киев” талбайдаа Английн “Манчестер Сити”-г хүлээн авч, 2:0 харьцаатай хожсоноор шуугиан тарьсан бол Португалийн “Брага”-гийн талбайд зочилсон “Ливерпуль” 1:0-ээр ялагдал хүлээжээ. Киев хотын Лобановский Динамо цэнгэлдэхэд болсон тоглолтын Шевченко, Гусев нар гоолдсоноор талбайдаа итгэл төгс ялалт байгуулсан бөгөөд ирэх долоо хоногт Манчестер хотын цэнгэлдэхэд давуу байдалтайгаар зочлох болж байна. Харин Мерсисайдын “Улаанууд”-ын хувьд тоглолтын 18 дахь минутад хаалгандаа гоол алдсанаар ялагдал хүлээжээ. Гоолын эзэн нь Алан байв.

Мөн өнгөрсөн шөнө “ЦСКА Москва” Португалийн аварга “Порту”-д талбайдаа 1:0-ээр хожигдсон бол “ПСВ Эйндховен” “Рейнжерс”-тэй хуурай тэнцжээ. Түүнчлэн “Баейр Леверкузен” талбайдаа “Вилльярреал”-ыг хүлээн авч, 3:2 харьцаатай хожигдсон байна. Тус тоглолтод эзэн багаас Кадлец, Кастро нар гоолдсон бол шөвгийн 16-д үлдсэн Испанийн цорын ганц төлөөлөл болох “Вилльярреал”-аас Росси нэг гоол оруулж, Нилмар дубль хийжээ. Түүнчлэн “ПСЖ”-г талбайдаа хүлээн авсан “Бенфика” 2:1-ээр ялалт байгуулсан бол “Твенте” талбайдаа “Зенит”-ийг 3:0-ээр, харин “Спартак Москва” “Аякс”-ын талбайд зочлон тоглож 1:0-ээр өрсөлдөгчөө буулган авчээ.

Өнгөрсөн шөнө болсон тоглолтын дүн:

“Бенфика” /Португаль/ 2:1 “Пари Сен-Жермейн” /Франц/
“Динамо Киев” /Украйн/ 2:0 “Манчестер Сити” /Англи/
“Твенте” /Голланд/ 3:0 “Зенит Санкт-Петербург” /ОХУ/
“ЦСКА Москва” /ОХУ/ 0:1 “Порту” /Португаль/
“ПСВ Эйндховен” /Голланд/ 0:0 “Рейнжерс” /Шотланд/
“Баейр Леверкузен” /Герман/ 2:3 “Вилльярреал” /Испани/
“Аякс” /Голланд/ 0:1 “Спартак Москва” /ОХУ/
“Брага” /Португаль/ 1:0 “Ливерпуль”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж