Буриадын дуурийн театрынхан зочиллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Буриадын дуурийн театрынхан зочиллоо

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр сүүлийн үед гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж, гадны театр, уран бүтээлчидтэй хамтран ажиллах болсон юм. Өнгөрсөн улиралд Герман, Америк, Итали, Оросын удирдаач, уран бүтээлчид ирж, үзэгчдэд олон сайхан тоглолтоор бэлэг барьсан бол саяхан ХБНГУ-ын удирдаач, хөгжимчид ирж “В.А.Моцартын үдэш” гала тоглолт хийгээд буцсан билээ. Тэгвэл, театрт шинэ зочид иржээ. Энэ удаад УДБЭТ-т Буриадын театрын уран бүтээлчид зочилж байгаа юм. ОХУ-ын Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Азат Максутов, театрын зураач Катя Триоль, Екатерина Димитева концестмейстер нар УДБЭТ-т зочилж, өнгөрсөн амралтын өдрүүдэд П.И.Чайковскийн “Хунт нуур”, Ж.Вердийн “Риголетто” дуурийг үзэж сонирхлоо. Тэд анх удаа Монголд ирж байгаа бөгөөд Буриадын дуурь, бүгжийн эрдмийн театр, Монгол Улсын дуурь, бүжгийн эрдмийн театртай хамтран ажиллах, уран бүтээлчдийг солилцох, уран бүтээлчдийн туршлага солилцох зорилготой ирсэн байна.

Энэ талаар Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач Азат Максутовоос тодрууллаа.

-Юуны түрүүнд та Монголын театрын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монголчууд ийм сайхан дуурь, балетын театртай байна гэдэг үнэхээр гайхамшигтай. Би анх удаа Монголд ирж байна. Бүх зүйл гайхамшигтай байна. Би өчигдөр /өнгөрөгч бямба гаригт/ Ж.Вердийн “Риголетто” дуурь үзлээ. Маш сайн тавьсан байна. Тайз, тавилт үнэхээр маш сайн “Риголетто”-той юм байна. Харин өнөөдөр /өнгөрөгч ням гаригт/ “Хунт нуур”-ыг үзэж байна. Хамгийн сонирхолтой нь, сүүлийн үед Европын орнуудад сонгодог урлаг хэт техникжээд, зүрх сэтгэл нь хөрчихсөн юм шиг мэдрэмж төрөөд байгаа. Харин танай театрын уран бүтээлчдийг үзэхэд үзэгч хүний хувиар харахаар зүрх сэтгэлтэй, дотроос нь гэрэлтсэн их гоё, сонин мэдрэмж төрж байна.

-Та театрын хоёр ч тоглолт үзлээ. Мэргэжлийн хүний хувьд манай уран бүтээлчдийг хэрхэн дүгнэж байна?

-Бүжгэн жүжгээс эхлээд ярья. Мэргэжлийн өндөр төвшинд, дэг жаягтай, уламжлалаа хадгалсан дэгтэй юм байна. Танай дуучид бол маш сайн хоолойтой. Байгалиас заяасан гайхалтай хоолойтой юм. Европт азиудыг урьж тоглуулдаг мода дэлгэрсэн.

-Цаашид манай театртай хэрхэн хамтран ажиллах гэж байна?

-Эхлээд бид танилцах гэж ирсэн. Дараа жил бид Вагнарын маш том төсөл хэрэгжүүлж байгаа. Танай солистуудаас урих, боломжит дуучныг хайх гээд маш олон ажил төлөвлөж байна.

-Якутын театрынхан Монголд ирж, тоглолт хийж байсан. Буриадын театрынхан монголчуудад хэзээ тоглолтоо сонирхуулах бол?

-Мэдээж хамтарч ажиллах, харилцан уран бүтээлчдээ солилцох, зочилж тоглолт хийнэ.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж