
Тус эмнэлэг нь арьсны нөхөн сэргээх мэс заслыг маш өндөр түвшинд хийдэг. 15 орчим их эмчтэй. Ихэнх нь Франц, Өмнөд Солонгос, Бельги, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн өндөр боловсролтой баг аж. Эмнэлэг нийтдээ 120 гаруй өвчтөний ортой. Дулааны улиралд өвчтнүүдийнх нь тоо 80-аас буудаггүй. Өвлийн улиралд хэвтэх ор бараг олддоггүй аж. Энэ эмнэлэг улсын гэсэн тодотголтой болохоор баян, ядуу, гудамжных гэлтгүй ирж эмчлүүлнэ. “Ихэнхдээ траншейнд амьдардаг, гэр оронгүй, тодорхой хаяггүй хөлдөж, түлэгдсэн, нүүр нь гэмтсэн иргэд ирж эмчлүүлдэг. Энэ нь заримдаа маш их асуудал болдог” хэмээн тус эмнэлгийн Түлэнхийн нөхөн сэргээн хүлээн авах тасгийн эрхлэгч О.Хишигсүрэн эмч хэлж байв. Мөн могойд хатгуулсан, нохойд уруулсан, осгосон гээд биед нь гэнэтийн сэдрэл үүссэн өвчтөнүүд олноор ирдэг гэнэ. Тэрбээр эмнэлгийн орчны талаар “Бидний ажиллаж байгаа орчин үнэхээр муу байна. Өвчтөнүүд маань сайхан орчинд эмчлүүлбэл сэтгэл зүйд нь эергээр нөлөөлнө. Ийм газарт хүн эмчилнэ гэдэг байж болохгүй асуудал. Манай эмч нарын ур чадвар өндөр тулдаа л өвчтөнийг зовлонгоос нь салгаж байгаа юм. Бид ажилдаа дургүй байгаадаа биш, орчиндоо ой гутаж байна. Шинэ байр барьж өгнө гэсэн ч одоо хүртэл байхгүй. Бараг сураг тасарч байна” хэмээн сэтгэл дундуур байгаагаа нуулгүй хэлж байв. Мөн нэгэн өвчтөнөөс эмчилгээ, орчны талаар асуухад “Яах вэ, эмчилгээ нь боломжийн. Миний баруун хацар түлэгдчихсэн байсан. Одоо гурав хонож байна. Гайгүй болж байгаа. Харин орчин нь жаахан тиймэрхүү байна. Арга ядсандаа л энд ирж эмчлүүлж байна. Уг нь төрийн мэдлийн эмнэлэг шүү дээ. Ядаж аятайхан засвар хийчихээгүй л байгаа юм даа. Эмч нарын хувьд мэргэжилдээ их сайн бололтой юм байна лээ. Ийм газар ажиллаж байгаа тэд нарыг харахаар үнэхээр өрөвдмөөр санагддаг” гэсэн юм. Гэмтэл согог судлалын үндэсний төв 1991 онд шинэ байр руугаа нүүхэд Түлэнхийн тасаг салбарлаж үлджээ. Байрлаж буй газар нь хотын төвд ашигтай байрлалтай болохоор бизнес эрхлэгчдийн шуналыг их хөдөлгөдөг бололтой. Эмч нар ч энэ газраа авч үлдсэндээ баяртай байдаг юм билээ.
Арьсны түлэнхий, эмгэгийн нөхөн сэргээх эмнэлэгт “Улсын төсвөөр шинэ байр барьж өгнө” хэмээн Эрүүл мэндийн яамныхан амласан боловч “Зураг төслийг нь хийж байна” гэх нэрийдлээр өдийг хүрчээ. Бид тус эмнэлгийн дарга Б.Бат-Оргилоос эмнэлгийн шинэ байр хэзээ баригдах, үйл ажиллагаа орчных нь талаар тодруулахад “Эмнэлгийн орчин нөхцөл үнэхээр хүнд байгаа. Эмнэлгийн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Гаднаас эмч нар ирж хамтарч ажилладаг болохоор эмнэлгийн байрнаасаа ичдэг” гэлээ. Дарга, ажилчид, өвчтөнгүй ийнхүү эмнэлгийн байрандаа сэтгэл дундуур байгаагаа хэлж байна. Анх харсан хэн ч Арьсны түлэнхий, эмгэгийн нөхөн сэргээх эмнэлэгт ирэхэд сэтгэл түгшмээр, бас өрөвдмөөр… Бид тэдний шинэ барилгын ажлын талаар Эрүүл мэндийн яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Н.Түмэндэмбэрэлээс тодруулсан юм. Тэрбээр “Түлэнхийн эмнэлгийн барилгын зураг төслийн ажил хийгдэж байгаа. Зураг төсөл гарсны дараа хөрөнгө санхүү нь шийдэгдэж барилгын ажил эхэлнэ. Энэ оны төсөвт тусгаагүй ч 2013 оноос шийдэх байлгүй дээ” гэсэн. Эмнэлгийн дарга “Өмнө нь зураг төсөл нь гараад 2012 оны төсөвт 13 орчим тэрбум төгрөг тусгана хэмээж байсан. Гэтэл тэд зураг төслөө дахин хийж байна гэдэг нь мөнгөө багасгах гэсэн шалтгаан” гэж байлаа. Ирэх арванхоёрдугаар сарын 2-нд тус эмнэлэгт Францаас эмч нар ирж сургалт явуулах аж. Тэд монгол эмч нартай долоо хоног энэ байранд хамтарч ажиллана. Эрүүл мэндийн яам нь “Эмнэлгийн шинэ байр баригдана”, харин эмнэлгийнхэн нь “Бид шинэ орчинд улам ч эрч хүчтэй ажиллана” хэмээн мөрөөдсөөр дахин хэдэн жилийг ардаа орхих бол.
"Улс төрийн тойм" сонин
