”Нам унхиагүй байгаа учир гишүүд шүүмжилж байна”

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

”Нам унхиагүй байгаа учир гишүүд шүүмжилж байна”

УИХ-ын гишүүн З.Энхболдыг “Ярилцах танхим”-ынхаа зочноор урьж, ярилцлаа.

-Танай намын бүлэг Сон­гуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс­лийг 48:28 хувилбараар явуу­лах саналыг дэмжив үү?

-Бүлгийн хурлаар сон­гуулийг 48:28 тогтол­цоогоор явуулъя гэж шийдвэрлэлээ. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн най­руулгын төсөлд тогтол­цоо­ноос гадна сайжирч байгаа өөр олон заалт бий. Үүн дотор санал хурааж гүйцээгүй хэдэн заалт байгаа юм. Жишээ нь нэг санал авах байранд оногдох сонгогчийн тоо, шилжих, шилжихгүйгээ хэр­хэн томъёолох вэ зэргийг шийдвэрлэнэ. Тиймээс эдгээр асуудлыг хэлэлцэн санал хурааж, хуулиа энэ долоо хоногт батлах нь зүйтэй гэж үзэж байна.

-Шилжих, шилжихгүй гэд­гийг тодруулахгүй юу. Нэр дэвшигч мажоритари тогтолцооноос пропор­цио­наль руу орох тухай хэлж бай­на уу?

-Ер нь мажоритари тог­толцооны хамгийн муу зүйл нь дөнгөж 50+1 санал авсан хүн сонгогдож, үлдсэн нь буюу 49.9 хувийн саналтай хүн гадна үлддэг. Юу гэсэн үг вэ гэхээр нийт сонгогчдын саналын талынх нь төлөөлөл УИХ-д суудаг. Харин дэлхий даяар “Энэ бол буруу юм. Сонгууль бүрийн дараа “Миний төлөөлөл алга” гэж боддог хүмүүсийн тоо нийт сонгогчдын тал хувь нь байдаг учир мажоритари тогтолцооноос татгалзъя” гэж үзэж байгаа. Шилжинэ гэдэг нь хоёр талын ашигтай. Учир нь хоёр хүн өрсөлдөөд нэг нь 51 хувь, нэг нь 49 хувийн санал авлаа гэхэд тойрог дээрээ авсан саналыг нь намд авчирсан санал гээд намын жагсаалтаар орох боломжийг олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл 51 хувь, 49 хувийн төлөөлөл ялгаагүй намын жагсаалтаар орно гэсэн үг. Үүнийг л холимог систем гээд байгаа шүү дээ. Энэ тогтолцоог бид ч бодож олоод байгаа юм биш. Германчууд бодож олсон юм. Манай улсад 1996 оны орон нутгийн сонгуулийг энэ хуулиар явуулсан. Тухайн үед хувь хүнээрээ хоёрт орсон хүн намын жагсаалтаар аймаг, сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн болж байв. Ер нь шилждэг тогтолцоог авснаар “УИХ-ын гишүүн сайд болохгүй” гэх хуулийг давхар явуулж болно. Сонгогдсон хүн сайд болбол сонгууль явуулахгүйгээр намаас нь дараагийн хүнийг УИХ-ын гишүүн болгодог байвал уян хатан болно гэсэн үг.

-Хэрэв мажоритариар өрсөлдөөд 49 хувийн санал авсан бол намынхаа жагсаалтаар бараг нэгээр гарч ирэх боломжтой гэсэн үг үү?

-Гэхдээ нам нь долоон хувийн босго давсан бол шүү дээ.

-Тэгэхээр л энд асуудал байгаа юм биш үү. Учир нь мажоритариар гарч ирж чадаагүй нэр дэвшигч намдаа нөлөө бүхий бол УИХ-ын гишүүн болох бололцоо нээлттэй байгаад байна?

-Харин ч эсрэгээрээ. Тэр 48 мандатын төлөө нам бүрээс 48 хүн өрсөлдөнө. Энэ хүмүүс сонгогчдын саналыг авчирч байгаа юм. Тиймээс үүн дотроос л намынхаа жагсаалтыг бүрдүүл гэж байна. Нэг үгээр хэлбэл хэн нэгэн буюу саналын хуудаст бичигдээгүй хүн УИХ-ын гишүүн болж болохгүй. Харин заавал сонгуульд оролцож, хувь хүнээрээ, намдаа санал авах учиртай. Тэгээд хувь хүнээрээ санал авбал УИХ-ын гишүүн болно. Намдаа авчирсан саналыг дээрээс нь эрэмблэнэ гэж байгаа юм. Тойргийн хүн амын тоо харилцан адилгүй байдаг. Тийм учраас аль нэг тогтолцоогоор нь явуулах боломжгүй. Тухайлбал процентоор нь явуулбал хөдөөд нэр дэвшигч цөөн учир 49.9 хувь болох магадлал өндөр. Гэтэл хотод хэн ч, хэзээ ч 49.9 хувийн санал авах бололцоогүй. Тодруулбал хөдөөнөөс нэр дэвшсэн хүний 49.9 хувийн саналын тоо 10, 20-хан мянга байхад хотод авсан 20 хувийн санал нь 50, 60 мянга байх жишээтэй. Тиймээс энэ хоёрыг зөв хослуулах хэрэгтэй юм.

-Ардчилсан намын бүлэг мандатын тоог хүн амын тоотой харьцуулах санал гаргасан хэдий ч Ардын намын бүлэг хүлээж авсангүй. Иймээс та бүхэн саналаа дахин тавих уу?

-Мажоритари буюу 48-аа дараа нь яах вэ гэдгийг хуулийн төсөлд бус тогтоолын төслийг хэлэлцэх үеэр ярина. Яагаад гэвэл УИХ Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсны дараа тойргийн мандатын тоог тогтоол гарган өөрчилнө. Мөн орон нутгийн сонгуулийн тойргийг байгуулах ажил Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан хийх ёстой.

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ чигээр нь баталбал Үндсэн хуулийн Цэцэд очиж, “унах” магадлалтай гэх юм. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Тиймээс л уг хуулиа энэ долоо хоногт батлан гаргах шаардлагатай. Ингэж байж дараа нь хуульдаа засвар хийх хугацаа үлдэнэ.

-Ардын намынхан гэнэт буулт хийсний цаана хуучин хуулиараа явуулах гэсэн бодол байна гэж хардах хүн бий?

-Юун түрүүнд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө хурдан баталж, Үндсэн хуулийн Цэцийн шалгуурыг давах хэрэгтэй.

-“УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэсэн Үндсэн хуулийн заалт Үндсэн хуулийн Цэцэд “унах” гол заалт болоод байна. Ингэхгүй байх хуулийн гарц байгаа юу?

-УИХ-ын гишүүд хэн нэгний төлөөлөлгүйгээр шууд сонгогдоно. Шууд бус сонгоно гэдэг нь нэг хэсэг хүнийг “УИХ-ын гишүүдийг сонго” гээд явуулчихдаг. Тэдгээр хүмүүс нь гишүүдийг сонгодог тогтолцоог хэлээд байгаа юм. Улсын Бага хурлын гишүүдийг шууд бусаар сонгодог. Учир нь Ардын их хурлын 450 депутатыг ард түмэн сонгож, эдгээр депутатууд иргэдийг төлөөлж Улсын Бага хурлыг сонгоно. Харин өнөөдөр 1.5 сая сонгогч саналаа өглөө гэхэд тэдний саналыг үндэслэн УИХ-ын 76 гишүүнийг сонгоно. Энэ нь өөрөө шууд сонгууль юм. Шууд, шууд бус сонгуулийн ялгаа нь гэвэл энэ. Түүнээс биш “УИХ-ын гишүүнийг шууд сонго гэсэн байна, яагаад намыг сонгох гээд байна” гэдэг яриа агуулгаараа буруу. Намд өгч буй саналаар гишүүд УИХ-д орно. Эдгээр хүмүүсийн нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд өгч, үүнээс ард түмэн сонголтоо хийх юм.

-Төрийн байгуулалтын байн­гын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэвлэл мэдээллийн байгууллагынханд нэлээд хатуу заалт орсон. Нэр дэвшигч­дийн нэр төрд халдах, гүтгэсэн утга бүхий мэдээллийг нийтлэсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэх талаар ярьж байгаа. Гэтэл нэр дэвшигч хэвлэлээр дамжуулан мэдээлэл цацаж, тэр нь хэн нэгнийг гүтгэсэн байвал хэвлэлийнхэнд торгууль ногдуулах гээд байх юм. Ингэж болно гэж үү?

-Тухайн нэр дэвшигч бэлтгэсэн мэдээллээ төлбөртэйгээр нийтлэх нь өөр хэрэг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийнхөө бодлогын хүрээнд бичиж байгаа бол бас өөр. Тиймээс үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Ер нь буцах эзэнтэй мэдээлэл бол арай өөрөөр уншигдана. Тэгэхгүй бол “Тэр тэнд согтуу явсан гэнэ. Тэгэхдээ зодолдсон гэнэ” гэх эзэнгүй мэдээлэл гаргах нь сонины хариуцлага юм. Ийм ялгаа үргэлж гарах ёстой л доо. Өөрөөсөө хамаараагүй зүйлээс хариуцлага хүлээх байдлаас хэвлэл мэдээллийн байгууллагууд сэргийлэх учиртай. Эзэн, хаягтай мэдээлэлд асуудал үүсэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үед ч  гэлтгүй бүх л үед гаргаж буй мэдээллээ хянах үүрэгтэй. Ингэж л ажиллавал торгуулахгүй шүү дээ. Торгууль гэдэг нь мөнгө гаргуулна гэсэн үг биш шүү дээ. Харин ийм үйлдэл хийчихвээ, хийчихвэл үр дагавар нь ийм байна шүү гэж хэлж байгаа. Товчоор хэлбэл “битгий хий” л гэсэн үг байхгүй юу.

-Таны хувьд энэ заалтыг дэмжиж байна гэж ойлгож болох уу?

-Ер нь торгууль байх ёстой. Миний хувьд замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа хүмүүсийн торгуулийг нэмэх хэрэгтэй л гэж боддог. Торгууль нь бага байгаа учир л дүрмийг зөрчөөд байна. Хэрэв цалинтай нь тэнцэх хэмжээний торгуультай болбол зөрчил гаргахаа болино. Тиймээс бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн бичиж байгаа зүйл нь үнэн, зөв бас хариуцлагатай байх шаардлагатай. Эзэн биегүй мэдээлэл цацаж, сонгуулийн үеэр үүнээс нь болж зарим хүнд нөхөж баршгүй хохирол учирдаг болохоор ийм хуулийн заалт оруулдаг юм.

-Торгууль ногдуулахаас урьтаж, хууль зүйн орчныг сайжруулах нь чухал юм биш үү?

-Сонгуулийн бус үед компаниуд төлбөртэй материал гаргадаг. Зарим сонин, хэвлэлийн мэдээллийн аль нь төлбөртэй, аль төлбөргүй гэдгийг нь ойлгохоо больчихоод байна. “Оюутолгой” ХХК төлбөрөө төлсөн сониныхоо талбайд юу ч гэж бичиж болно. Гэтэл Оюутолгойн талаар сэтгүүлч өөрийнхөө хэлсэн зүйлийг бичиж байгаа хэлбэрээр гаргаж байна. Уг нь доор нь төлбөртэй гэж бичих ёстой байтал, оронд нь сэтгүүлч тэр бичлээ гэдэг. Гол буруу нь энэ.

-Авлигатай тэмцэх газрын дарга нартай холбоотой бичиг УИХ-д ирсэн боловч алга болчихлоо гэж та хэлж байсан. Энэ юу болсон бол?

-УИХ-ын дарга Ерөнхийлөгч рүү бичиг явуулсан юм билээ. Уг бичиг нь “Авлигатай тэмцэх газрын дарга нар ял авсан. Орных нь хүнийг хэнээр томилуулах саналаа ирүүлээч ээ” гэх утгатай юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр шаардлага тавьсны үр дүнд энэ ажил урагшиллаа.

-Авлигатай тэмцэх газ­рын дарга Ч.Сангарагчаа суллагд­саныхаа дараа ажил дээрээ очсон. Гэтэл түүнийг ажлаа хийх боломжгүй гэж буй. Харин УИХ-ын зарим гишүүн Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарыг баривчилсан нь хууль бус болсон гэж тайлбарладаг?

-Авлигатай тэмцэх тухай хуулийн 22.2-т “Авлигатай тэмцэх газрын удирдлагууд нь гэмт хэрэг үйлдэж тэр нь шүүхээр нотлогдож, ял авбал ажлаас чөлөөлөгдсөнд тооцно” гэж байгаа. Тиймээс ажилдаа очиж, ажлаа хийнэ гэдэг ойлголт байж болохгүй.

-Нийтлэлч Баабар “УИХ-ын гишүүн З.Энхболд одоо Жамух болчихжээ” гэсэн байсан. Та юу гэж бодож байна вэ?

-Яах вэ Баабар тэгж бодож байгаа байх. Би бол тэгж бодохгүй байна. Аль 800 жилийн өмнө байсан хүнтэй зүйлрүүлдэг нь ч юу юм. Энэ бол нэг их сонин зүйл биш.

-Нэр бүхий есөн гишүүн УИХ-ын даргад шаардлага хүргүүлчихсэн байгаа. Ерөнхий сайд Засгийн газрын 50 хувь нь хэмээн хуульд заачихсан. Тиймээс огцруулах шаардлагагүй гэж буй?

-Зарим гишүүн ингэж бодож байгаа болохоос биш бид есөн гишүүн өөр бодолтой байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлнө гэдэг УИХ-ын үндсэн үүрэг бий. Ерөнхий сайд Засгийн газрын 50 хувь учраас дангаар нь огцруулах асуудал тавьж болохгүй гэх заалт Үндсэн хуульд байхгүй. Харин ч эсрэгээр нь Ерөнхий сайдыг томилж, чөлөөлдөг хууль байгаа юм.

-Тэгвэл есөн гишүүн цаашид юу хийх вэ?

-Харж л байя.

-Юуг харна гэж?

-УИХ-ын хэлэлцүүлэг хэрхэн өрнөхийг харна. УИХ хэлэлцэх боломжтой. Ерөнхий сайдыг огц­руулах хүсэлгүй гишүүд олон байгаа бол юунд нь айдаг юм. Хэлэлцүүлээд л кноп дараад асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй шүү дээ. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулж болдог заалт байгааг засах ёстой гэж үзэж байгаа.

-Гэхдээ нэг, хоёр, гурван гишүүн нийлээд Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавиад байвал Засгийн газар тогтвортой байх боломжийг алдагдуулахгүй гэж үү?

-Асуудал тавих эрх нь нээлттэй. Харин тавьсан асуудлыг УИХ хэлэлцэж, шийдвэрлэх үүрэгтэй. Хэрэв цаашид ийм асуудал тавихгүй байлгая гэвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруул гэсэн үг юм. Засгийн газрыг огцруулахад 19 гишүүний гарын үсэг шаарддаг бол Ерөнхий сайдыг үүнтэй адил хэмжээний дархлаатай болгох учиртай.

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, Ерөнхий сайдыг огц­руулах талаар ярьж байхад “Би­дэнтэй УИХ-ын гишүүд нэгдэнэ” гэж байсан. Гэтэл нэмэгдэх гишүүд чинь хааччихав?

-Мэдэхгүй. Гишүүдээс асууж, гарын үсэг зуруулахад хэд нь зурсан түүгээрээ л явна. Заавал тэдэн гишүүн байх ёстой гэж төлөвлөгөө зохиох цагийн гарз.

-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэзээ болох вэ?

-Энэ сарын сүүлчээр болно.

-Хурлын үеэр намын даргаа “унагах” асуудал босох нь бололтой?

-Ийм асуудлыг босгож байгаа хүнээс нь асуу. Намын даргадаа шаардлага тавьж байгаа гишүүдийн зөв шүү дээ. Сонгууль дөхөөд байхад нам алга болчихлоо гэж байгаа.

-Хэрэв намын даргаа солих хэрэгтэй гэвэл та юу гэж үзэх вэ?

-Би зөв гэж үзнэ. Нам унхиагүй байгааг жирийн гишүүд шүүмжлээд олон жил болж байна. Тэгэхээр нам сайн ажиллах ёстой.

-Таныхаар сайн ажиллахын тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Нөгөө нам сонгуулийнхаа ажилд орчихлоо. Харин манай нам юу ч хийгээгүй байна. Цацаг­даад байгаа “Thanks MAN” гэх сурталчилгааг “С.Батболд оо” гэж уншиж болно. Мөн “Монгол Ардын нам” гэж уншиж болно. Сурталчилгаа гэж хэлүүлэхгүйн тулд янз бүрээр оролдож байна. Гэвч Ардын намынхан сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихлээ. Тийм учраас манай намын гишүүд намын даргаа ажиллаач гээд байгаа юм. Хэрэв ажиллах хүсэлгүй бол байраа тавьж өгөөд, ажилладаг хүмүүс нь хийе л гэж байна.   

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж