Путин: Бид Оросын итгэлийг алджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Путин: Бид Оросын итгэлийг алджээ

Засгийн газар нь ард түмнийхээ итгэлийг алдсан гэж Оросын ерөнхий сайд зөвшөөрөөд Путин гурав дахь удаагаа 2012 оны гуравдугаар сард ерөнхийлөгчийн тушаалд суухдаа үүнийг засч залруулахын тулд “шууд ардчиллыг” хэрэгжүүлнэ гэж амлажээ.

Путин гадаадын эрдэмтэд, сэтгүүлчидтэй уулзах үеэр тавигдсан “Оросын засаглал хэтэрхий төвлөрсний улмаас ерөнхийлөгч Дмитрий Медведевийн заалтуудын 80 хувийг бүс нутгуудад үл тоох буюу хагас дутуу биелүүлж, засаглалын бүтцэд  хэн ч итгэхээ больсон” гэх асуултын хариуд Путин тэдэнтэй санал нэг байгаагаа хүлээн зөвшөөрч олныг гайхашруулав. Тэрээр Оросын удирдлагын өнөөгийн загвар “шавхагдаж дууссаныг” хүлээн зөвшөөрлөө.

Түүний хэлснээр, өөрийг нь 11 жилийн өмнө ерөнхийлөгч болж байхад улс орон нь иргэний дайны ирмэгт тулсан байсан. Тиймээс орон нутгийн сонгуулийг болиулан захирагчдыг өөрөө томилдог “гар удирдлагын” системийг бий болгосон.

“Валдай” гэдэг  олон улсын маргааны клубын гишүүдтэй уулзахдаа тодорхой хэмжээний татварын болон эрх мэдлийг бүс нутагт буцаах цаг ирлээ гэж Путин хэлсэн байна. Тэрээр үүнийг хийх эрмэлзлэлээ батлаад гэхдээ маш болгоомжтойгоор хийх хэрэгтэй гэсэн байна. Тэрээр шууд ардчиллыг өргөжүүлэх тодорхой санаа байгаа, гэхдээ энэ тухай зарлах нь арай эрт байна гэжээ. Зүлгэн талбайгаа бүтээхэд 400 жил зарсан гэж ярьдаг британичуудыг тэрээр жишээ болгоод, гэхдээ Орост тийм их цаг хугацаа байгаагүй гэв.

Захирагч нарын нэр хүндийн талаар Кремлиэс явуулсан олон нийтийн судалгааны дүн Gazeta.ru. сайтаар цацагдсаны дараа Путин яриагаа хийсэн юм. Уг судалгаагаар Путины Нэгдмэл Орос намын бүс нутгийн жагсаалтыг толгойлсон захирагчдын чансаа нь 20 хувиас доогуур байгааг харуулжээ.

Москва, Санкт-Петербург, Кали­нин­градад Путиныг ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн намаас гишүүд нь гарч байна. Гэхдээ энэ нь ирэх арванхоёрдугаар сарын сонгуулиар Нэгдмэл Орос нам олонхын санал авахад төдийлөн нөлөөлөхгүй байх. Нэгдмэл Орос нам нь хүнд сурталтнуудын нам бөгөөд багш, оюутнууд ба төрийн албаны хэдэн сая албан хаагчдыг хүчээр өөрсдийн төлөө санал өгүүлдэг гэсэн муу нэртэй. Гэхдээ өнөөгийн энэ байдал нь өөрчлөлт хийх ёстой гэж Путинд сануулсан тод дохио болж байна.

Захирагчдын сонгуульд эргэн оруулна гэж түүнээс хүлээгээгүй. Гэхдээ л одоо хоёр комисс захирагч нарт илүү эрх мэдэл, хөрөнгө өгөх, тэднийг ажлаа орон нутагтаа тайлагнадаг болгохын төлөө арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Москвагийн хамгийн баян морин клубын нэгний “Шинэ зуун” гэсэн нэртэй рестораны ер бусын орчинд 2,5 цагийн уулзалтыг эрдэмтэдтэй хийх явцад Путин өөрөө ерөнхийлөгчөөр сонгогдсон мэтээр ярьж байлаа.

Тэрээр өөрийн “том найз” Сильвио Берлусконийг огцорсонд харамслаа илэрхийлэн түүнийг “Европын улс төрийн сүүлчийн могикан” гэж нэрлэв. “Берлускони нээлттэй хүн. Би хэн нэгнийг гомдоох гээгүй гэхдээ Европын улс төрд тийм хүн ховор. Германы канцлер асан Герхард Шредер Сильвио маш сайн, нээлттэй сэтгэлтэй, зүгээр хүн гэхдээ улстөрч биш гэж байнга надад ярьдаг байв. Дараа нь Шредер огцорсоны дараа би түүнд бидний яриаг байнга сануулан Берлускони улстөрч биш гэдэг бил үү, гэтэл чи хаана байна вэ? гэж асуудаг болсон юм” хэмээн Путин хэлэв.

Пуужингийн довтолгооноос хам­гаалах системийг Оросын хилийн орчим байгуулж байгаад нь Путин АНУ-ыг шүүмжилж бай­на. Пуужингийн довтолгооноос хам­гаалах систем нь стратегийн цөмийн хүчний тэнцвэрийг алдагдуулна гэсэн Орос сануулж байгаа түгшүүрийг хэн ч анзаарахгүй байна гэж тэрээр хэлэв. Мөн тэрээр Ливийн хэрэгт хутгалдан орсон талаарх шүүмжлэлээ давтлаа. Тэрээр Сирийн сөрөг хүчинд хандан ерөнхийлөгч Башар Ассадтай уулзахыг уриалав. Энэ гурван байр суурь нь АНУ-ын засаг захиргааны зүгээс Оростой ачаалал бууруулах бодлогоо хэвийн явуулахад нь саад болж байгаа билээ.

Ирэх жилийн гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгууль нь түүний Медведевтай байраа солих шийдвэрийг зөвхөн батлах болно гэсэн шүүмжлэлийг Путин үгүйсгэв. Тэрээр “Гордон Браун ямар нэгэн сонгуульгүйгээр Тони Блэйрээс засгийг авсан. Гэтэл үүнээс болж, британичуудын сонгуулийн эрхийг хязгаарласан гэх яриа гараагүй” гэлээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж