
Ойрхи Дорнодын үймээнийг дагалдаад урьд өмнө гарч байгаагүй эсэргүүцлийн ажиллагаа Хорватад оволзож байна. Адриатикийн тэнгисийн жуулчлалын Мекка гэгдэх улс орон тусгаар тогтнолоо зарласнаас хойших 20 жилийн түүхэнд нь байгаагүй их үймээн гарч байгаа учраас шинжээчид Балканы хойгт Арабын хувьсгал гарч магадгүй гэж түгшиж эхэлжээ. Гэлээ ч Хорватийн Засгийн газрын эсрэг хөдөлгөөн, тус улсыг Европын холбоондоо авахгүйг байгааг шүүмжилсэн энэ эсэргүүцэл арабынхаас өөр нь мэдээж.
Ахмадаас эмэгтэйчүүд хүртэл
Мартын 8-ны баярын өдөр Хорватад болсон өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн төв нь тус орны нийслэл Загреб хот болов. Хувьчлалын дараа дампууран хаагдсан Каменско хотын нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд үйлдвэрийн байрандаа очин сарнай өргөөд “Бид ажилтай болохыг хүснэ!”, “Засгийн газар сөнөтүгэй!” гэсэн уриа цуурайтуулж байв. Хэдэн мянган хүн эрх баригч “Хорватын ардчилсан нийгэмлэг” намын байрны зүг жагсан эсэргүүцлээ илэрхийллээ. Ийм эсэргүүцлийн жагсаал Адриатикийн тэнгисийн эргийн Риека хотод болсон байв.
Өнөөг хүртэл шахуу тайван байсан Хорватын эсэргүүцэл хоёрдугаар сарын сүүлчээс 1990-1995 оны иргэний дайны ахмад дайчдын гаргасан жагсаалаар эхэлжээ. Мөн тэднийг залуус дэмжсэн байв. Тэд хоёр долоо хоногийн өмнөөс Загребын гудамжнаа гарч жагсан Сплит, Риека, Пула, Осиека зэрэг том хотуудад мөн эсэргүүцэл дэгдсэн байна. Жагсагчид цэргийн гэмт хэргээр шоронд хоригдож байгаа 350 хорват хүнийг суллахыг шаардсан байв. Мөн саяхан энэ хэргээр Босни ба Герцеговина д баригдсан генерал Тихомир Пурдаг суллахыг бас шаардсан байна. Эхний жагсаалуудын үеэр цагдаагийнхантай гаргасан мөргөлдөөнд 30 орчим хүн шархдаж, 60 гаруй хүн баривчлагдав.
Энэхүү жагсаал дараагийн хөдөлгөөнүүдийг өдөөж өгөв. Засгийн газрыг эсэргүүцсэн ажиллагаа улам бүр нийгмийн шинжтэй болж байна. Өнгөрсөн долоо хоногийн турш Загреб хотод эсэргүүцэл өрнөн улс орон даяар тархаж эхэлжээ. Жагсаалд олон мянган хүн оролцож байгаагаас гадна хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид ч дүүрэн байв.
Тунис, Египетийн хувьсгалын жишигээр Хорватын эсэргүүцэгчид жагсаал цуглаан хийхээ Facebook зэрэг олон нийтийн сүлжээгээр тохиролцож байлаа. Сүүлийн жагсаалуудад “Хулгайч хангалттай, одоо боллоо!", "Бидэнд сонгууль хэрэгтэй!" гэсэн уриа ч харагдаж эхлэв. Эхлээд тэд Засгийн газраа коммунистууд, урвагчид, Хорватын дайсан гэж байсан бол гуравдугаар сарын жагсаалуудад “330 мянган ажилгүйчүүд, 70 мянган цалингүй хүмүүс. Капитализм нь энэ үү? Үгүй, баярлалаа, боллоо” гэсэн уриа гаргаж ирэв.
Жагсагчид ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж, 2009 онд Засгийн газраа байгуулсан Ядранка Косорыг огцрохыг шаардсан байв. Саяхан гурван сая евро угаасан хэргээр Австрид баригдсан өмнөх ерөнхий сайд Иво Санадерыг дурсахаа мартсангүй. Түүний хэргийг Зальцбургийн шүүх дахин хоёр сараар сунган хорихоор болов.
Гуравдугаар сарын жагсаалууд нэлээд ширүүн болж, жагсагчид эрх баригч намын туг, Европын холбооны тугийг ч уран хаяж байлаа. Сөрөг Социал демократ намын туг ч хэлмэгджээ. Тэд иргэний дайны хорват дайчдыг мөрдөн мөшгихийг эсэргүүцэж байгаа юм. Ахмад дайчид ЕХ-той хийж байгаа хэлэлцээрээ зогсоохыг шаардаж байгаа.
Дараагийн эсэргүүцлийн давлагаан нь энэ сарын 5-наас эхлэв. Энэ өдрийн жагсаалыг Facebook сүлжээгээр дамжуулан зохиосон байлаа. Цагдаагийнхантай бас л мөргөлдөөнд хүргэсэн юм. “Авлигад идэгдсэн Засгийн газар бодит байдлыг мэдэх ёстой. Бид эхэлсэн хэргээ гүйцээнэ” гэж жагсагчдын лидер 25 настай Иван Пернар мэдэгдэв. Дараагийн хоёр өдөр нь бусад хотуудад жагсаал үргэлжлэв. Унгарын хил орчмын Вараждина хотноо хамгийн том жагсаад гарчээ. “Хорь хүрэхгүй жил ажлаад гудамжинд хаягддаггүй цалин хөлсгүй ажилчидтай, залууст нь ирээдүй байхгүй ийм орны бид үл хүснэ” гэсэн уриаг жагсагчид байрьж явжээ. Мөн улсын өмнөд хэсгийн Задар боомт хот, зүүний Славонски-Брода, зүүн хойд хэсгийн Вировитица хотуудад бас л тайван биш эсэргүүцэлтэй байлаа.
Европын холбоонд гомдож байна
Хорват ийнхүү 20 жилийн түүхэнд байгаагүй өргөн цар хүрээтэй жагсаалд нэрвэгдлээ. Дэлхийн эдийн засгийн хямрал хуучин Югославын энэ улсыг дайрсангүй. 1990-1995 оны дайны үр дагварыг амссаар байгаа Хорватад хямрал хүнд туслаа. Иргэний дайнаар энэ улс 50 тэрбум ам.долларын хохирол амсчээ. Одоо Хорватын ажилгүйдлийн төвшин 17,7 хувь, инфляцийн төвшин 6,5 хувь болсон байгаа нь Европын холбооны гишүүн орнуудынхаас илүү юм.
Байдлыг авлига газар авсан нь улам хүндрүүлж байна. Авлигаас болоод Брюссель энэ улстай ЕХ-нд элсүүлэхээр хийж байсан гэрээгээ зогсоогоод байгаа ажээ. Мөн Хорват, Словенийн хоорондын жижиг арлаас гарсан газар нутгийн маргаан ч хэлэлцээр явуулахад саад болж буй. Талууд эргийн өчүүхэн зурвасын асуудлаа шийдэхгүй бол ЕХ-нд оруулахгүй гэдгээ Брюссель Загребт сануулсан байна. Өмнө нь Загреб 2010-11 онд ЕХ-ны гишүүн болно гэж байсан бол одоо 2013 он болон хойшлогдлоо.
Хорватчуудад ч энэ огт таалагдахгүй байгаа нь мэдээж. Эдийн засгийн уналт, банкны системийн ноцтой асуудлууд ба нийгэм, улс төрийн тогтворгүй байдал нь Балканы энэ улсад “арабын хувьсгалын” зохиолыг бодит болгоод байна