
Кино наадмыг нээх монгол бүтээл нь найруулагч Д.Бямбасүрэнгийн “Эзэн богдын хоёр загал” хэмээх баримтат кино байх аж. Найруулагч Д.Бямбасүрэнг “Ингэн нулимс”, “Шар нохойн там” зэрэг шилдэг баримтат киногоор нь та таньж байгаа гэдэгт итгэлтэй байна. Авьяаслаг найруулагч бүсгүй шинэ бүтээлийнхээ Монгол дахь нээлтэд оролцохын тулд тус киноны гол дүрд тоглосон Өвөрмонголын дуучин Ч.Урнаагийн хамт ХБНГУ-аас ирэх аж.
Кино наадмын хүрээнд Монголын урлагийн зөвлөл, “Глоб интернэшнл” ТББ-тай хамтран Монголын кино зураглаач нарт зориулж мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах ба Германы Потсдам хотын Бабелсбергийн кино, телевизийн дээд сургуулийн профессор Д.Ариунсайхан гурав хоног үргэлжлэх уг хичээлийг удирдана. Сургалт Монгол-Францын төвд өчигдөр эхэлжээ.
Франц, Германы кино наадмын хөтөлбөр:
• Тэнгис кино театр:
11 сарын 16 /Лхагва/:
18.30. Найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн “Эзэн богдын эр хоёр загал” Киноны нээлт. / Найруулагч “Ингэн тэмээний нулимс” киногоороо Оскарт нэр дэвшиж байсан. Мөн “Шар нохойн там” киног найруулсан.
• “Blackbox” театр:
11 сарын 17, /Пүрэв/:
18.00: “Шөнө дунд ширэнгэн ойд”, Ханс-Кристиан Шмид /Герман, 1995, 90 мин/
Бавар мужийн хөдөөгийн нэгэн хотхонд амьдардаг 17 настай Анна охин аавтайгаа маргалдсаны улмаас гэрээ орхиж, Мюнхен хотод зураг авалтад шалгаруулах элсэлтэд оролцохоор замын унаанд суун одно. Түүний араас эцэг эх нь хотод ирээд эрэл сурал болон мунгинаж явах хооронд Анна харин анх удаагаа эсрэг хүйсийн хүмүүстэй тааламжгүй учралтай золгоно. Маргааш өглөө нь Аннаг гэртээ буцаж ирэхэд бүгдээрээ нэгэн зүйлийг ухаарч авцгаана. Насанд хүрэхэд учирдаг саад бэрхшээлийн тухай өгүүлсэн инээдмийн кино болно.
20.00: «Надад хайртай нь намайг дага», Бэнуа Коэн, /Франц, 2005, 100 мин/
35 настай, Максим Марешал бол гялалзаж яваа эмч бөгөөд өмгөөлөгч эхнэр, түүнийг шүтэн бишрэгч найзууд болон түүнд сэтгэл хангалуун амьдрах гэр бүлээрээ хүрээлүүлсэн залуу юм. Нэгэн өдөр Шинэ хэмээх, электро дуучинтай тааралдсанаар түүний дотор нуугдаж байсан болгон сэрэн гарч амьдралаа орвонгоор нь эргүүлэн эргэн тойрныхноо гайхашруулна. Макс ажлаа орхиж, рок хамтлаг байгуулж залуу насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр сэтгэл шулуудна. Ийнхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд эргэн тойрныхноо сонголтоо дагахыг тулгав.
11-р сарын 18 /Баасан/:
18.00: “Гаджо Дило” Тони Гатлиф (Франц, 1998, 100 мин; Мартини сангийн гранпри шагналт)
Аавыгаа өөд болсны дараа, Стефан зөвхөн кассетан дээр Нора Лука гэж бичсэн дуучныг хайхаар Румынд ирнэ. Энэ кассетыг түүний эцэг нь өөд болохоосоо хэдэн өдрийн өмнө байнга сонсож байжээ. Ийнхүү тэрбээр нэгэн цыгануудын тосгонд ирсэн бөгөөд улмаар Изодортой учирч тэдний соёл, гэр бүлийн амьдрал танилцахын хирээр хайр сэтгэлийн холбоотой болно.
20.00: “Мөнх бус амьдрал” Дорис Дөри (Герман 2008, 127 мин)
60 гаран настай Труди ба Руди Ангермайэр Бавар мужийн нэгэн жижиг тосгонд амьдардаг. Эхнэр нь Рудиг эмчлэгдэшгүй аюултай өвчин туссаныг мэдээд нөхрөө Берлин рүү хүүхдүүд дээрээ хамтдаа айлчилж очихыг ятгадаг. Тэрхүү гэнэтийн айлчлал нь нөхөрт нь болон хүүхдүүдэд нь ч тааламжтай байсангүй. Тэд Балтын тэнгис рүү аялалаа үргэлжлүүлэх бөгөөд тэнд Труди зуурдаар нас бардаг. Ганцаардан үлдсэн Руди эхнэр нь хамтын амьдралынхаа төлөө өөрийн хүсэл сонирхлоосоо татгалзаж байсныг ухаарч, өнгөрсөн ч гэсэн түүнийхээ Япон оронд очиж Фужи уулыг үзэх чин сэтгэлийн хүслийг нь биелүүлэхээр шийддэг.
11-р сарын 19, /Бямба/ : Хаалтын ажиллагаа
18.00: Монголын орчин үеийн кино урлагийн шинэ авьяастнууд оролцоно.
Шалгарсан кинонууд:
1) Хүсэл Шунал, Ц.Бямба – 2010
2) Тайгын дуучин, З.Батбилэг-2011
3) Олгой, хэнгэрэг, төвөнх, Ш.Ихбаяр, 2011 оны 48 цаг наадмын ялагч
4) Намираа, Ц.Мөнх-Оргил-Ataman films-2011
5) ‘’Юуны төлөө”, С.Баттулга, "Юнител"-ийн богино хэмжээний киноны төсөл – 2011 уралдааны ялагч
20.00: «artfilm.com» сайтын албан ёсны нээлт, дэлхийн кино урлагт зориулсан анхны Монгол хэл дээрх цахим хуудас, “Алтан хальс” кино сонирхогч залуучуудын холбоо.