Хуучирсан мэдээ: 2011.11.15-нд нийтлэгдсэн

Эгээрэл ба гэгээрэл

Монгол дахь бурхны шашны бууралт, дэлгэрэлтийн сүүлийн ная шахам жилийн түүхэнд тохиогоогүй даян бясалгалын үйлийг сэргээсэн нэгэн содон үйл явдал өнгөрсөн аравдугаар сарын эхээр болсон юм. Дундговь  аймгийн Дэлгэрцогт сумын Чойрын хийдэд залуу хувраг Осгонбаяр 50 сар буюу 1500 хоног гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлан бясалгал  хийгээд гарч ирсэн нь олны анхаарлыг ихэд татав. Осгонбаяр дээр үеийн агуйд бясалгал үйлдэн үйлийн хорвоогоос өөрийгөө ангижруулдаг байсан  хуврагуудын нэгэн адил даяанч ламын амьдралаар амьдарч, гагцхүү сүсэгтнүүдийн зэхсэн, шавь банди нарын дөхүүлж өгсөн ус унд, бага зэргийн хоол хүнсээр гол залгуулан нэг ч хүнтэй уулзаж үг солилгүй  хорвоогийн хоосон чанарт нэвтрэн эгээрч гэгээрэхийн мөр хөөжээ. Бясалгалд нэвтэрч, эгээрэл, гэгээрлийн мөн чанарыг барих тусам хоол, хүнс хэрэглэх нь улам багасдаг учиртай аж. Мөнөөх хомсхон хоол хүнс биед шингэхээс бус эгэл хүний хэрэглээнээс хэтэрсэн зоог шиг биеэс ялгаран гарах нь ч бараг үгүй болдог ажээ.

Улс оронд учир замбараагаа алдсан явдлууд шил даран гарч, тоймгүй олон зайран, удган уг авч онгод буулган, улстөрчдийн авлига хээл хахууль хэрээс хэтэрч, газар шороогоо худалдсан элдэв будилаан, бохир хэрэг гаарсанд бухимдсан залуу хувраг хорвоогийн явдлаас тасран бясалгал хийхээр шулуудаж 2007 оны дундуур Чойрын хийдэд жижиг хашаан дахь гэрт даяанчлан суусан байна.

Гүрдиваа ринбүүчи хэмээх их буянтан, эгэлгүй лут санваартан өмнө нь Осгонбаярыг Чойрын хийдэд Зава ринбүүчийн хойд дүрээр тодруулжээ. Өвөрлөгч гаралтай Гүрдиваа ринбүүчи бол Монголд ардчилсан хувьсгал ялсан эхний он жилүүдэд морилон ирж өөрийн хөрөнгөөр Амарбаясгалант хийдийг сэргээн засварлаж, бурхны шашныг дэлгэрүүлэхэд ихээхэн зүтгэл гаргаж буян үйлдсээр 2009 оны хавар 100 нас сүүдэр дээрээ тэнгэрт хальсан өлзий ерөөлт эрхэм байв. Тийм өндөр дээд буянтнаас Зава ринбүүчийн хойд дүрд тодруулсан Осгонбаяр даян бясалгалаа тэрхүү Чойрын хийддээ жижигхэн модон хашаанд гэр бариулан сахисан байна. Гэгээрэхээсээ өмнө Осгонбаяр хувраг Сэлэнгийн  Амарбаясгалант хийдэд, Гүрдиваа  ринбүүчийн дэргэд шавилан сууж байгаад Швецарь улсад одон шашны эрдмээ арвижуулж төвд, англи хэлд нэвтэрчээ. Даян бясалгалд нэвтэрсэн дээр үеийн лам нар Ямандагийн нууц тарнийн ёсонд эхлэн боловсорч, цаашлаад хоосон чанарын ахуйд шилжин хорвоогийн хоосон мөрийн мөн чанарт гэгээрч, басхүү элдэв муу хорлолт нүгэл бүхнийг эгээрэн гээдэг байсан гэх. Ийн хоосон чанарын мөр ёсыг сахисан Осгонбаяр хувраг өнгөрсөн аравдугаа сарын эхээр даян хийсэн гэрээсээ гарч ирэхэд 200 илүү хүн угтан авчээ.

Осгонбаярыг 1500 хоног бясалгал үйлдэхэд “Шунхлай”  П.Батсайхан, МСS-ийн дэд захирал Ц.Энх-Амгалан, “Номин  талс”т хамтлагийн дуучин Хаянхярваа нар хүмүүс санаа тавьж, даяанчийн гэрийн хажууд баригдаж буй сүмийн барилгад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байжээ. Тэд Осгонбаярыг даян хийсэн гэрээсээ гарч бодит ертөнцөд гарч ирэхэд  тосон авагсдын дунд зүй ёсоор байлцжээ. Харин Осгонбаяр ламтан тэднийг ерөөж талархсангүй, харин ч  дээдсийн ёс суртахуун өдрөөс өдөрт доошилж буйг сануулан хатуу үгээр  зэмлэхийн сацуу заримд нь жавтий хүртээгээд авч. Хорвоогийн сайн мууг цор ганцаар бясалган гэгээрэхдээ Осгонбаяр хувраг хүний хорвоогийн нүгэл буяныг сайтар зааглан эгээрсэндээ тэгсэн биз ээ. “Шунхлай” П.Батсайханд алганы амт үзүүлж  “Юу вэ, юу хийх вэ гэдгээ сайн бод. Сайн бодох хэрэгтэй. Юм унш. Юм унших хэрэгтэй, сайн бодох хэрэгтэй. Нэг л их омогтой улс байх юм. Та бид хоёр цөмийн зэвсгийн өмнө юу вэ. Нэгхэн цөмийн цэнэгтэй хушууны өмнө бид юу вэ. Сайн бод. Энэ хүмүүст үүнийг сонсгох ёстой юм. Тэгэхгүй бол энэ хүмүүс цадигаа алдаад байна. Нэг л их омогтой улсууд яваад байгаа юм” гээд ширүүхэн айлдсан байна. Тэнд байсан УИХ-ын зарим гишүүнийг “Атомын зэвсгийн өмнө та юу юм. Та нараас би юу ч авахгүй. Та нар надад юу ч битгий өгөөрэй. Намайг битгий дагаарай” хэмээн  зандарчээ. Хүнд омогдоно у гэхээс бусдаас зэмийн үг дуулж сураагүй эрхмүүд Осгонбаярын өмнө үнэнхүү хүлцэнгүй алга хавсран байсан гэх. Багш хийгээд бурхныг үнэнхүү шүтэж явдаг хүмүүсийн ажил амьдрал өөдлөн дэвшдэг бол дүр эсгэсэн хуурамчуудын үйлс буруугаар эргэдэг гэж бурхны айлдварт байдгийг мэдэх эрхмүүд  хуврагийн гашуун үнэн үгийг хүлцэн тэвчсэн ч байж мэднэ. 

Осгонбаяр Монголд баян ядуугийн ялгаа эрс зааглагдсан, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс тэнгэрээс буусан мэт цадиггүй аашилж,  амьдралаас тасарсан, дээрэнгүй омогтой болсныг хатуухан хэлж хорвоогийн хоосон чанарын ёсоор хүний хорвоогоос хадан гэртээ буцахын цагт хэн хэчнээн төгрөгтэй, хөрөнгөтэй хамаагүй бүгд ижилхэн тавилан туулна шүү гэдгийг сануулжээ.  Осгонбаярыг бясалгал хийсэн хугацаанд Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль болсон тул одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн байгааг цугласан олноос асууж, “Та нарт өнөөдөр ийм үнэн үгийг хэн хэлэх юм бэ. Элбэгдорж гуай хэлэх юм уу. Батболд гуай хэлэх юм уу. Хэн ч хэлэхгүй. Монголыг бид өөрөө л үгүй хийж байгаа юм. Яагаад хүчгүйдээд байгаа юм. Нэг л их мундаг хүмүүс” хэмээн бухимджээ. Эгээрч, гэгээрсэн хүний нүдэнд хувийн өчүүхэн сонирхолдоо хөтлөгдөн арчаагаа алдсан бодит нийгмийн амьдрал тун ч өрөвдөлтэй, арчаагүй харагдсан нь лавтай.

Осгонбаяр ламтан цугласан сүсэгтнүүдэд ёслон, бясалгалд сууж байх хойгуур нь бурхны оронд морилсон Гирдиваа ринбүүчи багшийнхаа хойноос  мөргөн төвд, англи, монгол хэл дээр бичсэн захиагаа хүнээр дуудуулан сусэгтнүүдэд сонсгоод энэ арваннэгдүгээр сарыг хүртэл эргэн бясалгахаар даян хийдэг гэртээ оржээ. Осгонбаяр ламтан бурхны шашны улааны чигийг баримтлагч хүн юм. Бурхны шашнаас монголчууд улааны урсгалыг эхлэн дагасан гэх бөгөөд Говийн догшин  ноён хутагт Данзанравжаа түүний томоохон төлөөлөгчийн нэг билээ. Улааны урсгал нь шарын шашин шиг хүнийг үйлийн үрийн өмнө өвдөг сөхөрсөн мухар сүсэгтэн биш, оюуны мэлмий нээсэн гүн ухаантан болгодгоороо монголчуудад ихээхэн зохиж байсан гэх. Тэр чигийг баригч Осгонбаяр ламтан Монголын бурхны шашин өдрөөс өдөрт Төвдийн нөлөөнд автаж, шарын шашин нь илүү давамгайлах болсныг таалдаггүй ажээ.

Осгонбаярыг амласан ёсоороо энэ арваннэгдүгээр сард даян бясалгалаасаа  гарч ирэхдээ өмнөхөөс илүү хатуу үгийг хэлж, шарын шашны нөлөөг хатуу шүүжлэх вий гэсэн хүлээлт сүсэгтнүүдэд ч, шашны хүрээнийхэнд ч байгаа ажээ.

Ямар боловч түүний нар, салхинд гарч, энгийн олонтой уулзмагцаа дөрвөн жил илүү дотроо хураасан бодлоо анх дэлгэж“Бод. Сайн бод. Сайн бод” хэмээн хэлсэн үг залуусын дунд “хит” гэгч болоод байна.  Нээрээ л цусан зүрхт, усан нүдэт эгэл олон дээр доргүй юм бодож эргэцүүлэхээ болиод гагцхүү өнөө маргаашийн амьдралаа үлгэн салган үүрэхчээн болж явах болсныг бясалгагч хатуу онож хэлсэн нь энэ. Гэгээрэл, эгээрлийн 1500 илүү хоногийг цор ганцаар үдэж ихийг болгоосон Осгонбаяр ламтаны эгэлийн ертөнцөд морилон гарч ирэх өдөр болсон бөгөөд дараагийн үг юу байхыг сүсэгтэн олон сонирхон хүлээж буй нь өнөөдөр хамгийн үнэн болоод байна.
                               

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж