
АТГ-ын эхний дарга Б.Дангаасүрэн Австралид албан ажлаар явж байгаад 2007 оны арваннэгдүгээр сарын 25-нд учир битүүлгээр нас барсан, хоёр дахь дарга Ч.Сангарагчаа ажилтнуудаа тагнаж чагнасан хэргээр хар гарт хэсэг суугаад тэнсэнгээр гарч ирсэн зэргээс шалтгаалан энэ албан тушаалд очиход дурлах аавын хүү ховордсон бололтой. Түүнээс гадна бас нэг шалтгаан бий. Хуулиараа АТГ-ын даргад 55 нас хүрсэн хүнийг томилох учиртай. АТГ-ыг анх байгуулахдаа насны ийм зааг хязгаарыг тавьсан юм. Тухайн үед УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа “АТГ-ын даргаар хэзээ ч эмэгтэй хүн ажиллахгүй юм байна. Яагаад гэвэл эмэгтэй хүн 55 насандаа тэтгэвэрт гардаг. Иймээс ядаж 50 нас гэж буулгаж болдоггүй юм уу” гэсэн асуулт тавьж байсан юм. Насны энэ хязгаараас үүдээд дурын хүнийг уг албанд санал болгоход хязгаарлагдмал нөхцөл байдал үүсчээ гэж хэлж болох юм. Эмэгтэй хүн болохгүй гэхэд эрэгтэй хүн нэрлэхэд ч насны энэ хязгаар бэрхшээл үүсгэж буй бололтой.
Ойрын үед янз бүрийн эх сурвалжаас хэд хэдэн хүний нэрийг дурдах боллоо. Тэднээс АТГ-ын даргад хуулиар тавьсан насны болзол хангах нь Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд консулаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Н.Ганболд, УПЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа, ЦЕГ-ын дарга асан хошууч генерал М.Ганболд, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Энхнасан, Удирдлагын академийн багш асан Т.Лхагва нар юм байна. Харин ТЕГ-ын дарга асан Т.Билэгт, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх байсан Г.Ганзориг, “Либерти” дээд сургуулийн захирал, УИХ-ын гишүн асан Б.Дэлгэрмаа нар АТГ-ын даргад нэр дэвшихэд насны болзол хангаагүй, 55 нас хүрээгүй хүмүүс.
Насны босго өндөр, албан тушаалд тавигдах шаардлага хатуу зэргээс болж Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх саналаа хараахан гаргаж амжаагүй байгаа бололтой. Ямар ч байсан цагдаа, прокурор, тагнуул зэрэг газарт нэр нөлөөтэй алба хашиж, гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх арга барилд сайтар суралцан хат суусан хошууч генерал М.Ганболд, хурандаа Н.Ганболд, прокурор Б.Галдаа, Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Энхнасан нараас сонголт хийхээр Ерөнхийлөгч, түүний хуулийн зөвлөх, туслахууд ажиллаж байгаа дуулдаж байна.