
Мэдээж, Монгол Улсын халаас дүүрэн байх нь чихэнд чимэгтэй сайхан мэдээнүүдийн нэг. Гэхдээ энэ нь эрх баригчдын сайных биш юм. Газрын хэвлий доорх их баялгийн буянаар улсын төсөвийн ашиг өдрөөс өдөрт өсч байгаа нь дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ, экспортлогч орнуудын хүсэл шуналын үр шим биз. Улсын төсөв ашигтай гэхээсээ хөөсрөлттэй гарсанд баярлахаасаа илүү болгоомжлох нь зөв болов уу. Экспортын гол эзэн орнуудын эрэлт хэрэгцээ багасч, эрдэс баялгийн үнэ шалдаа унавал Монгол Улсын авдар хоосроход хүрнэ. Тэгэхээр төсөв ашигтай гарлаа гэж хөөрөхөөсөө ашгийн хуваарилалтыг тогтворжуулж, тэнцвэржүүлэх нь бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй болжээ.
Дотоодын нийт бүтээгдүүнд боловсруулах үйлдвэрийнхний эзлэх хувийн ердөө зургаанхан байгаа нь Монгол баялгийн хараалд нэрвэгдэх вий гэсэн эмзэглэлийг ихээр дагуулж буй. Манай улс 2011 оны эхний хоёр сарын байдлаар дэлхийн 96 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 1031.5 сая ам.доллар болжээ. Үүнээс экспорт 415.9 сая ам.доллар, импорт 615 сая ам.долларт хvрсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мєн үеийнхээс 423 сая буюу 69 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин импортын хэмжээ 2.1 дахин, экспортын хэмжээ 104 сая ам.доллар буюу 33.4 хувиар тус тус өссөн байна. Экспортын хэмжээ болон Монгол руу урсах мөнгөний тоо нэмэгдэж байгаа нь сайхан ч гэлээ экспортын 97.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, мал,амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн, түүхий ноолуур, арьс, шир, эзэлж байгаа гэх мэдээллээс харахад энэ улсын боловсруулах үйлдвэрлэл хаана явааг эрх баригчдаас асуух нь зүйн хэрэг болжээ. Экспортод эзлэх боловсруулах үйлдвэрлэлийнхээ хэмжээг өсгөхгүй бол ирээдүйд биднийг их эрсдэл угтаж болзошгүй байна шүү. Өнөөдөр дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ ханш тэнгэрт хадаж байгаа нь монголчуудыг бурхан таалж буй хэрэг мэт боловч ирэх жилүүдийн урсгалд хэрхэн өөрчлөгдөхийг бас таашгүй.
Үндэсний статистикийн хорооныхны ээлжит тайланд дурдсанаар бол улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2011 оны эхний хоёр сард 488.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 469.9 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 18.5 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Нэгдсэн төсвийн урсгал орлого 466.8 тэрбум төгрөг, урсгал зардал 434.9 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 31.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Хэдийгээр улсын төсөв ашигтай гарсан ч иргэдийн амьдралд эерэг улбаа үзэгдэхгүй байна. Инфляцийн хөөрөгдөл, хэрэглээний үнийн индексийн өсөлт энгийн иргэдэд ээлтэй хандахгүй байгааг тус хорооны гаргасан тайлангаас харж болно Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж орлого 420 мянган төгрөг болсон гэнэ. Гэтэл зарлага нь 445 мянган төгрөг болжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Доржийн сарын дундаж орлого нь 420 мянга, зарлага нь 445 мянган төгрөг. Тэгэхээр орлогоосоо 25 мянгаар илүү зарлагадсан иргэн Дорж энэ мөнгийг хэн нэгнээс зээлсэн байж таарах нь. Иргэн Дорж энэ илүүдэл мөнгөө илүү зүйлд зарцуулав уу, эсвэл энэ нь хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой байв уу. Тоон мэдээнээс харахад өрхийн зарлага орлогоосоо давахад Эх орны хишиг, инфляцийн өсөлт нөлөөлсөн гэх хардлага ч бас үндэслэлтэй байж болох юм. Хэрэглээний үнийн улсын индекс 2011 оны хоёрдугаар сард өмнөх сарынхаас 0.5 хувь, оны эхнээс 3.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар тус тус өссөн байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас болон өнгөрсөн жилийнхээс өсөхөд хүнсний бараа, болон гутал хувцас, бөс бараа, тээврийн зардал нэмэгдсэн нь нөлөөлсөн гэх дүгнэлт гарчээ. Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт он гарсаар 4868.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 63.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 1886.9 тэрбум төгрөгөөр өсчээ. Банкны зээлийн хувьд зарим нааштай үзэгдэл ажиглагдаж буй ч анхаарах асуудал байгаа бололтой. Учир нь хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 112.6 тэрбум төгрөг болсон нь хэдийгээр өмнөх оны мөн үеийнхээс 34.7 тэрбум төгрөг буюу 23.6 хувиар буурсан бол өмнөх сарынхаас 9.6 тэрбум төгрөг буюу 9.3 хувиар өссөн гэнэ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл хоёрдугаар сарын эцэст 363 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 81.6 тэрбум төг буюу 18.4 хувиар буурсан ч өмнөх сарынхаас 1.5 тэрбум төгрөгөөр өссөн гэх мэтчилэнгээр өгсөн Үндэсний статистикийн хорооныхны үгээр бол махны үнийн өсөлт инфляци, индекст нөлөөлж байгаа хортой гайхал гэсэн шүү. Хүн амынхаа тоотой харьцуулахад хэд дахин илүү малтай Монголын эдийн засаг, иргэдийн амьдралд махны үнэ нөлөөлж байна гэхээр харамсмаар ч юм шиг. Төсөв нь хөөсрөлтэй, инфляци нь хөөрөгдөлтэй энэ улсын эдийн засгийн төлөв байдал нэг иймэрхүү л дүр зурагтай бууна лээ.
Ж.ЭРХЭС