Бар зургийн үзэсгэлэнг нээв

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

Бар зургийн үзэсгэлэнг нээв

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд арваннэгдүгээр сарын 11-нд буюу өнгөрсөн баасан гаригт зураач З.Уянга “Тэнгэрээс заяат…” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Тэрбээр Дүрслэх урлагийн дунд сургуулийн бар зургийн ангид суралцан төгсөж, ОХУ-ын Санкт-Петербург дахь Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн акедемийн бар зургийн ангийг дүүргэсэн билээ. Энэ удаа тэрбээр өөрийн бие даасан ес дэхь үзэсгэлэнгээ ийнхүү нээн олны хүртээл болгоод байгаа юм.

Уг үзэсгэлэнгийн онцлог нь Монголын дүрслэх урлагийн түүхэнд анх удаа бар зургийн “Monotype” буюу нэг дардасны аргаар гүйцэтгэсэн бүтээлүүдээр бүрэн хэмжээний үзэсгэлэн гаргаж байгаа юм. “Мonotype” арга нь зураачаас өндөр ур чадвар, туршлага шаарддаг өвөрмөц арга ажээ. Зураач З.Уянга өмнө нь толилуулж байсан үзэсгэлэнгүүдээ дан төмөр бар, компьютер график зэрэг бар зургийн аргуудаар дагнан гаргаж байсан бол энэ удаад шинийг дэлгэн харууллаа.

Үзэсгэлэнгийн агуулгын хувьд Монгол эмэгтэйн гоо төрх, намба, эх үрийн элбэрэл, эрт цагийн зан заншил, эмэгтэй хүний үзэмжит зүүсгэл, эд хэрэглэл зэргээр төлөөлүүлж Монголчууд бид эмэгтэйчүүд, эх хүний ариун нандин бүхнээр дамжсан тэнгэрээс заяат хүмүүс, хүн төрөлхтөний дээд охь нь юм  гэсэн санааг илэрхийлсэн байлаа. Уг үзэсгэлэн энэ сарын 20 хүртэл нийтийн хүртээл болох тул та түүний ертөнцөөр аялан бар зургийг гайхамшгийг мэдэрч болох нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж