
Монголын баг тамирчид 14 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос Э.Аззаяа /эм, 68 кг/, Х.Дамланпүрэв /эр, 62 кг/ нар мөнгө, Б.Солонго /эм, 56 кг/, Д.Амартүвшин /эр, 62 кг/, Б.Ариун-Эрдэнэ /эр, 90 кг/ нар хүрэл медаль хүртсэн байна.
Дэлхийн аваргын эхний өдөр 90 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Ариун-Эрдэнэ тойргийн барилдаанд Гүржийн бөх, дэлхийн аварга Лаша Гурули, мөн самбын дэлхийн аварга, Азербайжаны Зуар Пашаев нарыг ялсан бөгөөд хагас шигшээ барилдаанд ОХУ-ын бөх Алсимов Черноскуловт ялагджээ. Гэхдээ хүрэл медалийн төлөөх барилдаанд жүдогийн дэлхийн аваргын хүрэл медальт, Беларусийн тамирчин Андрей Казусёнакийг илт давуу ялж, медалийн тавцанд гарсан байна.
Харин хоёр дахь өдөр ОУХМ Дамланпүрэв 62 кг-ын жинд барилдсан. Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Казахстаны бөх Медет Сагандиков, Киргизтсаны Нурлан Ералиев нарыг ялж, аваргын төлөө ОХУ-ын тамирчин Иван Давыденкод ялагдсанаар мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр ийнхүү дэлхийн аваргаас тав дахь медалиа хүртэж байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, самбо бөхийн ДАШТ-ий үеэр Олон улсын сонирхогчдын самбо бөхийн холбооны 23 дахь удаагийн чуулган болсон байна. Чуулганд Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир оролцжээ. Чуулганаар хэлэлцсэн гол сэдэв нь самбо бөхийн төрлийг олимпийн төрөлд багтаах асуудал байсан бөгөөд FIAS буюу Олон улсын сонирхогчдын самбо бөхийн холбооноос ОУОХ-нд хүсэлтээ хүргүүлээд байгаа гэнэ.