АРЕС-ийн удирдагчид дэлхийг хямралаас аварна

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

АРЕС-ийн удирдагчид дэлхийг хямралаас аварна

Ази-Номхон
далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АРЕС/
ээлжит чуулган АНУ-ын Хавай мужийн Хонолулуд болж байна.

Гишүүн
орнуудын удирдагч дэлхийн эдийн засгийн хямралаас хүн төрөлхтнийг нэн
даруй гаргана гэсэн өөдрөг сэтгэлээр дүүрэн хэлэлцээрт оролцож буй. Олон
улсын зах зээлд томоохон байр суурь эзэлсэн, нөлөө бүхий улс орнуудын
чуулган учраас үр дүнг нь дэлхий нийтээрээ хүлээж сууна. Европын
холбоонд хүнд хэцүү цаг үе тохиож, олон улсын зах зээлийг уналтаас авч
гарах үүрэг хариуцлага өнөөдөр АРЕС-д ногдож буй билээ. Гишүүн орнууд
эдийн засгийн эгзэгтэй цаг мөчид чуулж, дэлхийн ирээдүйг шийдэх түүхэн
чухал үүрэг хариуцлага оногдсоныг ухамсарлаж буй мэт байлаа. Тэд дэлхий
нийтийг хямралаас гаргахын тулд ойрын хугацаанд хэрэгжүүлэх дорвитой
арга хэмжээнүүдийг хэлэлцэж шийдсэн байна.

Юуны түрүүнд
чуулганыг өөрийн газар нутагтаа зохион байгуулж буй АНУ-ын эрх баригчид
хувилбараа дэвшүүлэв. Цагаан ордны санаачилсан Номхон далайн худалдааны
чөлөөт бүсэд есөн улс нэгдэхээ албан ёсоор мэдэгдсэн байна. Гэвч
БНХАУ-ын удирдагчид энэ саналыг бодолцож үзсэний дараа хариугаа өгөхөөр
шийдэв. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн санаачилсан худалдааны
чөлөөт бүсийг чухам ямар дүрэм журмын дагуу нээж буйгаа дурдсангүй.
Түүний хэлснээр бол чөлөөт бүс байгуулснаар бүс нутгийн экспорт болон
импортыг нэмэгдүүлж, ажлын байр нэмэгдэх ач тустай гэнэ. Мөн энэхүү бүс
нь бусад чөлөөт худалдааны бүсэд үлгэр дууриал болохуйц хэмжээнд хүрч
чадах ажээ.

АРЕС-ийн нөлөө бүхий ги­шүүд ОХУ болон Япон эдийн
засгийн түншлэлийн шинэ хуудас нээснээ мэ­дэг­дэв. Эдийн засгийн
шинэт­гэл, худалдааны салбарт нягт хамтран ажиллах гэрээ байгуулснаар
талууд урд өмнөхөөсөө илүү дот­но харилцаа тогтооно гэдэгт итгэлтэй
байна. Хэдий­гээр талууд эдийн засаг ху­дал­дааны салбарт эв
найрам­далтай харилцах алхам хийсэн ч газар нутгийн маргааны асуудал
байсаар байв. Үүнээс үүдэн арай гэж бүлээсч буй харилцаа хөрч болзошгүй
тул олон улсын зүгээс газар нутгийн хэрүүлийг юуны түрүүнд таслан
зогсоохыг уриалсан байна.

Чуулганы үеэр Цагаан ордны тэргүүн
Кремлийн удирдагчийг хүлээн авч уулзсан нь онцлох үйл явдал байлаа.
Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев “АНУ-ын зүгээс манай
Засгийн газрыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэх явдлыг идэвхтэй
дэмжиж буйд сэтгэл хангалуун байна. Цагаан ордны өмнөх засаг захиргаа
үүнийг төдийлөн дэмжиж байгаагүй гэдгийг нуух юун. Дэлхий нийтэд эдийн
засгийн хүнд хэцүү цаг мөч тохиогоод байна. Асуудлыг шийдэхийн тулд
санаачилсан та бүхний хувилбар манай төр засгийн бодлоготой нийцэж
байна. Эдийн засаг худалдааны чөлөөт байдал нь зогсонги байдлаас гарч,
ажилгүйдэлтэй тэмцэх хамгийн оновчтой алхам гэж бид үзэж байна” хэмээв.
Барак Обама үүний хариуд “Бид хамтран хоёр орны харилцааг шинэ тавцанд
гаргаж чадсан гэж би хувьдаа боддог. Үүний ачаар Дэлхийн худалдааны
байгууллагын талаар Ираны асуудлаар бид харилцан ашигтай үр дүнд хүрч
чадсан. Бид цаашид ч дэлхий нийтийн тусын тулд чамгүй амжилтад хүрч
чадна гэж үзэж байгаа” хэмээжээ.

Энэ удаагийн чуулганаар
хэлэлцсэн хурцадмал асууд­лын нэг нь Ираны цөмийн үйлдвэрүүд байлаа.
Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ Иранд цө­мийн зэвсэг
байгаа гэд­гийг баталсан. Энэ нь өр­нөдийн удирдагчдын хувьд хар дарсан
зүүд мэт бай­лаа. АНУ болон НАТО-гийн гишүүн орнууд Ираны цөмийн
зэвсгийг устгахаар цэрэг оруулж болзошгүй гэсэн таамаглал ажиглагчдын
дунд байсан. Гэвч өрнөдийн орнууд эдийн засгийн хувьд уналтад ороод
байгаа учир энэ таамаглалыг эргэлзээтэй болгож буй юм. Цагаан ордон юуны
түрүүнд Ираны эсрэг хориг арга хэмжээг хамгийн дээд хэмжээгээр чангалж,
үүндээ ОХУ-ыг идэвхитэй орол­цуулахыг мэрийж бай­на. Үүний тулд сүүлийн
үед эрчимтэй сайжирч буй харилцаа хамтын ажиллагааг ашиглахын зэрэгцээ
Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнчлэлээр дулдуйдаж байв.

Чуулган
Ерөнхийлөгч Ба­рак Обамагийн цайллагаар өндөрлөв. Номхон далайн бүлээн
салхи сэвэлзсэн үдэш орон орны удирдагчид тансаг зоог хүртэж, дэлхийн
хувь заяаг хэлэлцэн өнгөрөөсөн хэдэн өдрийн алжаалаа тайллаа. АРЕС-ийн
гишүүн орнуудад дэлхийн нийт хүн амын 40 хувь нь амьдардаг ба энд
дэлхийн ДНБ-ний 54 хувь, олон улсын худалдааны эргэлтийн 44 хувийг
бүрдүүлдэг.

Ж.Даш

Зохиогчийн эрх: "Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж