Араб лиг дэх Сирийн элчин сайд Юсеф Ахмад үндэсний телевизээр мэдэгдэл хийхдээ “Лигийн дээрх шийдвэр Арабын орнуудын хамтын ажиллагааг мухардалд оруулах зорилготой АНУ, Барууны орнуудын далд бодлого” гэжээ. Тэрбээр мөн Сири энхийн хэлэлцээ байгуулахыг нэгэнт зөвшөөрчихсөн байхад лигээс хасна гэж сүрдүүллээ гэжээ. Сирийн эрх баригчид энэ сарын 2-нд босогчдын эсрэг галаа зогсоож, улс төрийн хоригдлуудыг суллаж, сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийнэ гэж амласан боловч аюулаас хамгаалах хүчнийхэн болон босогчдын хоорондох сөргөлдөөн үргэлжилсээр байнаа юм. Түүнээс хойш Хомс хотод л гэхэд 100 гаруй хүн аюулаас хамгаалах хүчнийхэний гарт амиа алдсан байна. НҮБ-ын шинжээчдийн таамаглаж буйгаар найман сар гаруй үргэлжилж буй Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцсөн бослогод амиа алдсан хүмүүсийн тоо 3,500 хүрсэн гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн Араб лигийн дээрх шийдвэрийг талархан хүлээн авчээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мөн Араб лигийн шийдвэрийг “Зоригтой, түүхэн алхам” гэж онцолсон байна. Европын холбоо Араб лигийн шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа гэнэ. Харин Араб лигийн дээрх шийдвэрийг эсэргүүцсэн иргэд Сирийн нийслэл Дамаск хот дахь Саудын Арабын элчин сайдын яаманд халдсан байна. Эсэргүүцэгчид элчин сайдын яамны барилга руу чулуу шидэж, дотогш нэвтрэн эд хогшлыг нь эвдэж сүйтгэсэн гэнэ.
Сирийг Араб лигээс хасна гэв
Арабын лиг Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг босогчдын эсрэг явуулж буй цуст ажиллагаагаа ойрын хугацаанд зогсоохгүй бол тус улсыг лигээс хасахаа мэдэгдлээ. Катарын Ерөнхий сайд Шейх Хамад бин Яссим Аль Тани Өнгөрсөн бямба гаригт Каир хотод болсон Арабын лигийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэл гаргахдаа “Хэрэв Башар аль-Ассад ойрын хугацаанд галаа зогсоож, цус асгаруулахаа болихгүй бол Арабын лиг Сирийн төлөөлөгчдийг уулзалтаас хасч, тус улсын засгийн газрын эсрэг улс төрийн болон эдийн засгийн хориг арга хэмжээ авах болно” гэжээ. Сирийн эрх баригчид гурав хоногийн дотор яаралтай арга хэмжээ авч, өмнө нь тохиролцсон энхийн хэлэлцээг байгуулахгүй бол Арабын лиг Дамаск хотоос элчин сайдуудаа татаж, хилийн чанад дахь Сирийн сөрөг хүчний бүлэг Үндэсний зөвлөлийн статусыг хүлээн зөвшөөрөх болно гэж мэдэгджээ. Хэрэв Сирийн эрх баригчид маргааш гэхэд яаралтай арга хэмжээ авахгүй бол нөгөөдөр тус улсыг Араб лигээс хасах ажээ. Сирийн эсрэг хориг тавьж, лигээс хасахыг Арабын 19 орны удирдагч хүлээн зөвшөөрсөн бол Леван, Йемен эсэргүүцэж, Ирак түдгэлзсэн байна. Сирийн эсрэг мэдэгдэл гаргасан Катарын Ерөнхий сайд Шейх Хамад “Бид Сирийн эсрэг яаралтай арга хэмжээ аваагүйгээс нөхцөл байдал улам дордлоо. Тиймээс шилжилтийн үед хамтдаа нэгэн зэрэг урагшлахын тулд бид Сирийн сөрөг хүчний намуудыг Арабын лигийн уулзалтад ирэхийг уриалж байна” гэжээ. Сирийн үндэсний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга өнгөрсөн бямба гаригт Арабын лиг дээрх мэдэгдлийг Сири улсын хувьд түүхэн өдөр боллоо гэсэн байна. Тэрбээр “Арабын лиг Сирийн ард иргэдийн дуу хоолойг сонсч ийм шийдвэр гаргалаа. Гэвч энэ бол Сирид цус асгаруулсан бослого хөдөлгөөн эцэс болно гэсэн үг хараахан биш. Магадгүй үүний дараа хүчирхийлэл улам газар авч, бүр олон хүний цус урсч мэднэ” гэжээ. Харин Сирийг лигээс хасна гэсэн мэдэгдлийн хариуд тус улсын эрх баригчид үүнийг Араб лиг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус шийдвэр гаргаж байна гэж үзсэн байна.
Н.Энх