
Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, тухайлбал ОХУ, Хятадын тал үүнийг дэмжихгүй байна. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Аливаа зэвсэгт тэмцлээс илүү хэлэлцээрийн ширээний ард суух нь оновчтой” хэмээн мэдэгджээ. Кремлийн удирдагчид Ираныг цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээр хийхэд бэлэн байгааг дахин дахин сануулж байна. Хэрэв НҮБ Ираны эсрэг хориг арга хэмжээ авбал хэлэлцээр хийх боломжийг нь бүрмөсөн үгүй хийнэ гэсэн дүгнэлтийг ч өгчээ. Иранд Оросын хөрөнгө оруулалтаар баригдсан атомын цахилгаан станц хүртэл бий. Оросоос гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон Хятад ч бас АНУ, Европын саналыг дэмжихгүй байгаа юм. Тус улсын Гадаад хэргийн яамнаас “Эдийн засгийн хориг арга хэмжээ авах нь асуудлыг шийдвэрлэх гарц биш” хэмээн мэдэгджээ. Ер нь цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлаар ОХУ, Хятад хоёр нэг талд зогсож, АНУ-аас гаргасан аливаа шийдвэрийг эсэргүүцсээр ирсэн билээ. Тухайлбал, Иранаас гадна Хойд Солонгос цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхөөс татгалзахгүй хэвээр байгаа нь Хятад, ОХУ-тай холбоотой юм.
Гэхдээ одоогийн байдлаар АНУ, Европын орнууд Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа нэгэнт мэдэгдчихээд байна. Францын Гадаад хэргийн сайд Алайн Жюпп “Энэ асуудлыг ингээд орхиж болохгүй” хэмээн хариу мэдэгдэл гаргажээ. Германы Гадаад хэргийн сайд Гуйдо Вэстэрвэлле “Хэрэв Иран цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрээс татгалзвал тус улсын эсрэг маш хатуу хориг арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэхдээ энэ нь цэргийн ажиллагааг эхэлнэ гэсэн үг биш” гэсэн байна.
Өмнө нь 2006-2010 он хүртэл мөн ийм хориг арга хэмжээ авч байв. Харин тухайн үед Оросын тал энэ асуудлыг дэмжиж байжээ. АНУ, Европыг шордож байгаа орон бол яах аргагүй Израйль. Түүнчлэн Саудын Араб ч нөлөөлөхийг хичээж байгаа. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийн дүгнэлт гарсны дараа Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху “Энэ бол Израйлийн халдашгүй байдалд заналхийлсэн явдал” хэмээн дүгнэж, цэргүүдээ бэлэн байдалд оруулжээ. Харин Саудын Арабын тухайд одоогоор тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.
Ойрхи Дорнод, хойд Африкийн орнуудад болсон үймээнийг АНУ турхирсан гэх таамаг байдаг. Гэхдээ Арабын хавар Иранаас холуур өнгөрсөн. Египет, Тунис, Ливи, цаашилбал, бүр Саудын Арабт хүртэл эрх баригчдаа эсэргүүцсэн иргэдийн бослого хөдөлгөөн гарсан. Харин Иранд юу ч болоогүй. Гэхдээ Ойрхи Дорнодын орнууд дундаас Ираны гол хамтрагч болох Сирит үймээн гарсан. Хэдийгээр арай ч М.Каддафигийн араас “явчихаагүй” боловч Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад босогчдод бууж өгч, сөрөг хүчнийхэнтэйгээ эвлэрэхээр царайчлах болсон юм. Ираны асуудалд эргэж оръё. Тэд дотооддоо аливаа задралд автахгүй, хүчирхэг байдлаа хадгалсаар байна. Харин Ираныг бүс нутагт нь ганцаардуулах гэсэн оролдлогыг Саудын Араб дэмжсээр ирсэн юм. Тиймээс Сирийн үймээнийг Саудын Араб санхүүжүүлсэн гэх таамаг ч бий. Өөрөөр хэлбэл, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь хүйтэн дайн Саудын Араб, Ираны хооронд үргэлжилсээр ирсэн юм. Өнгөрсөн жил АНУ-д суугаа Арабын Эмират болон Саудын Арабын Элчин сайдууд америкчуудын Ираны эсрэг хийж буй ажлыг дэмжиж, хатгасаар байгааг харуулсан баримт олон нийтэд дэлгэгдсэн билээ. Иран цөмийн зэвсэгтэй болбол бүс нутгийн нөлөөлөл нь улам идэвхжиж, газрын тос тэргүүтэй түүхий эдээр баялаг Ойрхи Дорнодын бүс нутгийг АНУ бүрэн утгаар нь алдах юм. Түүнчлэн сүүлийн үед АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхэлж магадгүй гэх мэдээлэл ч гарсан. Гэхдээ энэ нь Ираны цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх санаархлыг зогсоохын тулд хийж буй сүрдүүлэг төдий алхам хэмээн шинжээчид дүгнэж байна. Учир нь Иран бол цэргийн салбар нь өндөр хөгжсөн орон. Тус улс 1992 оноос эхлэн орчин үеийн зэвсэг, техник, танк зэргийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Армийн байнгын албан хаагчдын тоо нь 545 мянга ба 12.6 сая энгийн гишүүн бүртгүүлээд байгаа аж. Цэргийн албан хаагчдын тоогоор хоёр Солонгос, Пакистаны араас жагссан Иран улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэлээд хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулдаг аж.
Ямартай ч АНУ, Европ сандарч байх зуур Иран батлан хамгаалах салбараа улам бэхжүүлж, цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд бараг бэлэн болчихлоо. АНУ, Европ өмнөхөөсөө ч илүү сандарч эхлэв. Харин Ираныг АНУ-ын эсрэг ашиглах зэвсэг болгосон ОХУ, Хятадын тал харьцангуй тайван байхыг уриалж байна.
"Улс төрийн тойм" сонин
