
-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад нэгэн томоохон үйл явдал өрнөсөн нь эдийн засгийн форум байлаа. Энэхүү эдийн засгийн форумын фокус нь соёл урлагийн салбар байсан хэмээн Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр мэдэгдсэн. Форумын үеэр болсон соёл урлагийн арга хэмжээнүүдийг та зохион байгуулсан. Энэ формуд оролцох болсон шалтгаан юу байв?
-Монголд өнөөдөр уул уурхайн салбар хүчтэй хөгжиж байна. Уул уурхайн салбараас Монгол Улс мөнгө олж болно. Энэ олсон мөнгөө харин оюун санааныхаа хөгжилд зориулья. Чингэвэл зөвхөн уул уурхайгаас бус соёл урлагаас ч мөнгө олох боломж бүрдэх юм. Эхлээд уул уурхайгаа дараа нь соёл урлагаа хөгжүүлэх биш, энэ хоёр салбарыг хамтад нь хөгжүүлэх нь чухал. Аливаа улсын соёл урлаг бол эдийн засгийн нэг тулх салбар нь байдаг. Соёл урлагийн салбар ч мөнгө олдог. Тэр үүднээс эдийн засгийн форумд оролцож “Хүн байгаль”, “Хүн нийгэм”, “Хүн оюун сэтгэлгээ” гэсэн сэдвээр Монголын соёл урлагийг хөрөнгө оруулагчдад таниулах арга хэмжээг зохион байгуулсан. Соёл урлагийг эдийн засгийн том салбар гэж дэлхий нийт харж байна. Америкийн нэг найруулагч кино хийгээд сард сая саяар нь доллар олж байна. Монголын эдийн засаг тэлбэл манай уран бүтээлчид дэлхийн тавцанд гарах боломжтой.
-Соёл урлагийн салбараас уул уурхайн салбар шиг мөнгө олох боломж үнэхээр бий гэж үү. Ер нь эхлээд уул уурхайгаа хөгжүүлээд дараа нь урлагаа хөгжүүлэх нь зөв юм биш үү ?
-Би соёл урлагийн салбарыг уул уурхайн салбараас дутуу мөнгө олно гэж хэлэхгүй. Бас илүү мөнгө олно гэж яримааргүй байна. Бид өнөөдөр өрсөлдөх чадварын тухай ярьж байна. Өрсөлдөх чадвар юунд оршиж байна вэ гэхээр оюун ухаанд оршдог. Оюун ухаан хөгжихийн хэрээр уул уурхайн болон бусад салбарууд ч хөгжих болно. Бид оюун ухаандаа өрсөлдөх чадварыг бий болгосныхоо дараа л бусад хөгжлийн тухай ярих нь зөв байх. Урлаг, уран сайхан, соёл урлаг бол хүний оюун ухаанаас гардаг. Тэгэхээр монголчууд оюун ухаанаа дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх хэрэгтэй байгаа юм. Ингэх боломжийг нь төр засгаас бүрдүүлэх ёстой. Монголчууд соёл урлагийн салбарыг дандаа гарлага гаргадаг гэж ойлгодог. Байгальд учруулж буй хор хөнөөлөөрөө уул уурхайн салбар илүү. Хүн эхлээд байгалийн боол байсан. Дараа нь байгалийн найз болсон. Хожим нь байгаль найзаа сүйтгэж эхэлсэн. Үүнийг нь байгаль тэвчилгүй хүнээс хариугаа авах боллоо. Тиймээс өнөөдөр хүмүүс байгальтай найзлах асуудлыг хөндөх болжээ. Тэгвэл соёл урлагийн салбар байгаль сүйтгэх үү. Үгүй шүү дээ. Нэг зураг зурахын тулд хэдэн га талбайг ухаж, хөндөх үү. Нэг кино хийхийн тулд Монголын баахан гол горхийг устгаад, бохирдуулаад байх уу. Соёл урлагаас болж хордож үхсэн, соёл урлагаас болж ходоод дотор нь өвдсөн хүн гэж сонссон уу. Соёл урлаг бол өрсөлдөх чадварыг хөгжүүлэх, эдийн засагт ихээхэн ач холбогдолтой, үр нөлөөтэй том тулх цэг гэдэгт би эргэлздэггүй.
-Соёл урлагийн салбараас мөнгө босгоход багагүй цаг хугацаа монголчуудад хэрэгтэй байх, тийм үү. Ядаж л эхлээд өөрсдийгөө сурталчлах хэрэгтэй байх?
-Энэ салбар мөнгө олж чадна. Кино хийгээд мөнгө олж болно. Зураг зураад мөнгө олж болно. Ятгаар мөнгө босгож болно. Эсвэл DVD, CD гаргаад мөнгө олж болно. Соёл урлагийн салбарыг эдийн засгийн нэг салбар болгоод хөгжүүлж чадвал Монгол Улс маш их мөнгө олох боломж бий. Гадаадынхнаас соёл урлаг руу хөрөнгө оруулалт хийгээч гээд яагаад гуйж болохгүй гэж. Хамгийн гол нь соёл урлагийг хөгжүүлэхэд Засгийн газар анхаараач ээ. Ажил эхлүүлээч ээ. Гадаадынханд таниулахад, дэлхийн томоохон сэтгүүл, сонин, телевизээр сурталчлуулах талаар анхааралдаа авч ажиллаач. Мөнгө хаяач гэж хэлэх гээд байгаа юм. Соёл урлагийн салбарыг дэлхийд гаргах талаар төрөөс жаахан анхаарал тавьчихвал энэ салбар өөрөө эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах юм. Нүүрс, алтыг бол ухаж аваад дуусна. Баахан ухаж, сүйтгэгдсэн газар л эцэст нь үлдэнэ. Тэгвэл хүний тархинд байгаа оюун санааг хэн ч ухаж чадахгүй. Хэн ч булааж авч чадахгүй. Тэр оюун санааны баялгийг үе удам дамжуулан үлдээгээд явж болно.
-Монголын зах зээл жижигхэн. Энэ жижигхэн зах зээл дээр хичнээн сайн ажиллавч соёл урлагийн салбараас хүссэн хэмжээний мөнгө босгож чадахгүй шүү дээ?
-Харин энэ чинь асуудал болоод байна. Өнөөдөр тархай бутархай байгаа цагт Монголоос мөнгө олно гэж бодолтгүй. Соёл урлагийг хүлээж эвэх зах зээл хомсхон. Тэр тусмаа сонгодог зах зээлийг ойлгодог, хүлээж авдаг зритель бага байна. АНУ-ын нэг театрт гэхэд л нэг шинэ дуурийг зургаан сар тавихад үнэ цэнээ алдахгүй. Харин манай дуурийн театр гурван удаа тавиад л дуусна. Дахиад шинэ дуурь тавихгүй бол үзэгчид үзэхгүй шүү дээ. Дэлхий дээр хамгийн ачаалалтай ажилладаг театр бол манай дуурийн театр л байна. Монгол Улс уул уурхайн салбараас мөнгө олж байна л гэдэг. Үүнийгээ ядаж эрчим хүчээ сайжруулах, дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлэхэд зориулах хэрэгтэй. Баян-Өлгий аймагт нэг дуучин тоглолт хийе гэтэл зардал их гарна. Тэгээд үзэгч нь цөөхөн. Тэрэнд дорвол Хөххотод тоглолт хийх нь хамаагүй ашигтай шүү дээ. Тэгэхээр энэ олон тархай бутархай сумдыг нэгтгэх, орон нутгийг томсгох бодлогыг Засгийн газраас барьж ажиллаасай гэж хэлэх байна. Орон нутгийг нэгтгэж чадвал соёл урлагийн тоглолтууд хийх томоохон бааз бүрдэх юм. Түүнээс бус 100 километрийн зайтай сум болгонд очоод тоглолт хийх хүндрэлтэй шүү дээ. Тэр сумд нь тог цахилгаантай байж чадах уу, үзэгчид нь танхим дүүрэх үү гээд л олон бэрхшээл тулгардаг. Тэгэхээр бүс нутгийг хөгжүүлж, зам харилцаагаа сайжруулж, сум багаа цөөлөх гээд соёл урлагийн хөгжүүлэх дотоодын зах зээлээ өргөжүүлэх, гадаадад гаргах гарцыг бий болгох ёстой юм.
-Таныхаар бол соёл урлагийн салбараас мөнгө олохын тулд Засгийн газраас яг ямар бодлогоос ажлаа эхлүүлээсэй бодож байна. Өнөөдрийн хувьд Засгийн газрын зүгээс соёл урлагийн салбарт анхаарлаа хандуулах нь төдийлөн хангалтгүй юм шиг санагддаг?
-Тийм шүү. Монголчууд соёл урлагийнхныг гуйлга гуйдаг хүмүүс л гэж ойлгодог. Клип гаргах гэсэн юм мөнгө өгөөч, тоглолт хийх гэсэн юм ивээн тэтгээч гэж гуйдаг зовлонтой хүмүүс гэсэн бодолтой явдаг байх. Үнэндээ зах зээлийг нь томсгоолд өгвөл урлагийнхан хүнээс мөнгө гуйх биш харин эх орныхоо эдийн засагт хөгжил авчрах болно шүү дээ. Ингэхэд соёл урлагийн салбарыг эдийн засгийн салбар биш гэж хэн хэлэх юм бэ. Засгийн газраас жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд анхаарч тодорхой хэмжээний зээл олгож байгаа. Тодорхой шалгуур тавиад, тодорхой хөрөнгө мөнгө төсөвлөөд явдаг. Тэгвэл уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдад бас л эдийн засгийн зарим хөнгөлөлт үзүүлдэг. Энэ бодлогоо яагаад соёл урлагийн салбарт хэрэгжүүлж болохгүй гэж. Жижиг дунд үйлдвэрүүдийн хөгжил Монголын эдийн засагч чухал ч гэлээ соёл урлагийн хөгжил түүнээс хавьгүй илүү шүү дээ.
-Гадаадынхан монголчуудыг хүлээж авна гэдэгт та хэр итгэлтэй байна. Хэрвээ Засгийн газраас соёл урлагаа гадаадынханд таниуллаа гэхэд, улс орны нүүр түлэхгүй байж чадах болов уу?
-Би маш их итгэлтэй байна. Хэрвээ Засгийн газраас зохион байгуулалттай компанит ажил явуулж чадвал монголчууд гадаадын зах зээлээс соёл урлагаараа мөнгөний урсгалыг авчрах боломж бий. Монгол хүн дэлхийн тавцанд гарлаа гэхэд Монгол Улсын нүүрийг хэзээ ч түлэхгүй. Харин ч монголчуудаар бахархах болно гэдэгт итгэлтэй байна. Монголчуудын олон давуу чанар, олон давуу зүйл бий. Үүнийгээ худалдаад эдийн засгаа хөгжүүлэх боломж байгаа шүү дээ. Норовбанзад гуайн хоолойг дэлхий биширдэг байсан. Тэр хүний DVD-г худалдаа гэхэд маш их хэмжээний доллар Монголд орж ирнэ гэж бодож байна. Ингэхийн тулд томоохон сурталчилгаа хэрэгтэй. Тэгэхгүйгээр ийм DVD гарлаа гэж сурталчилсан маяг үзүүлбэл, ямар ч ашиггүй. Хамгийн шилдэг ятгачид манайд л байна. Тэднийг гүйцэх ятгачин дэлхийд хаана ч байхгүй. Манай балетын Алтанхуяг, дуучин Наран байна. Манай исгэрээ, хөөмий байна. Эрх баригчид Монголын урлаг, соёлын салбарт ийм давуу зүйл бий. Үүнийг нь хөгжүүлээд хамтран ажиллая гэсэн саналыг яагаад гадаадын том том, соёл урлагийн хөрөнгө оруулагчдад тавьж болохгүй гэж. Зөвхөн уул уурхай гэлтгүй аль ч салбарт хөрөнгө оруулагчдыг урьж болно биз дээ.
-Монголчуудад ямар давуу тал бий гэж?
-Монголын соёл урлаг харьцангуй цэврээрээ байгаа. Байгаль дэлхий, ан амьтантай хамгийн ойрхон ард түмэн бол монголчууд. Байгаль дэлхийн хувьсал өөрчлөлт, ан амьтдын талаар баримтат кино хийгээд дэлхийн зах зээлд гаргалаа гэхэд нэлээд мөнгө болно гэж бодож байгаа шүү. Дэлхий сөнөх тухай Америкийн нэг нөхөр кино хийгээд л шуугиулаад, бөөн мөнгө олж байна Монголчуудад тийм хэмжээний кино хийх бололцоо, чадвар байгаа. Тарвага, зурамынхаа амьдралаас эхлээд тэнгэр газартай харьцдаг ёс заншлынхаа талаар кино бүтээл хийлээ гэхэд гадаадынхан алгаа ташаад хүлээж авна гэдэгт харин ч дүүрэн итгэлтэй байгаа шүү. Миний яриад байгаа энэ боломжийг бидэнд олгож өгөхөд гүүр болооч гэж Засгийн газраас гуйгаад байгаа юм шүү дээ. Хэрвээ Монголын соёл урлаг дэлхийн зах зээлд гарч чадвал бид дотооддоо DVD, CD-гээ үйлдвэрлэх бололцоо бүрдэж байгаа юм. Энэ хэрээр Монголд техник технологи хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ шүү дээ.
Ж.Нямсүрэн