Н.Энхбаярын хэлсэн бүх хүнийг шалгана

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын хэлсэн бүх хүнийг шалгана

2008 оны сонгуулийн дараахи үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэргийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт сэргээн шалгаж эхэлсэн. Уг хэргийн мөрдөн байцаалт дуусч байна гэгдэж байсан. МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэрчээр байцааж, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах болсон гэх мэт хүлээлт үүсээд байгаа. Тухайн үед онц байдал тогтоох шийдвэр гаргасан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын телевизээр ярьсан яриа олны анхаарлыг татаж, уг хэргийг шалгах явцад шинэ алхам боллоо гэгдэж байгаа юм. Уг хэргийн талаар Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрын дарга Б.Галдаагаас тодрууллаа.

-Цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч  сэжигтэн яллагдагчид хэрэгтэйгээ танилцаж эхэллээ гэсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэрчээр дуудаж асууж байгаа юм уу?

-2008 оны долдугаар сарын 1-ны өдөр болсон үймээний үеэр таван хүн  амиа алдсан хэргийг Ерөнхий прокурорын даалгавраар өнгөрсөн арваннэгдүгээр сараас  манайд сэргээн шалгаж  мөрдөн байцаах ажиллагаа дуусч байсан.  Гэвч  өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаяр хэвлэл мэдээллээр энэ хэрэгтэй холбоотой  мэдээллийг  ил тод цацсан байгаа. Тэрхүү мэдээллийг үндэслэн нэмж шалгах чиг үүрэг гаргаад байна. Одоо  энэ чиглэлээр нэмэлт ажиллагаа явуулж байна. Бэлтгэл ажлыг ч хийнэ. Мөрдөн байцаах газрынхаа эрх үүргийн дагуу Н.Энхбаярын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан  нэмж тодруулж, шалгана. Хэргийн нөхцөл байдлыг тогтоох талаар ажиллаж байна.

-Н.Энхбаяраас гадна олон хүнийг нэмж шалгах нь гэсэн мэдээлэл ч байна?

-Ер нь тэр мэдээлэлтэй холбоотой нэр нь дурдагдсан хүмүүсийг шаардлагатай гэж үзвэл татаж шалгах, эсвэл тайлбар мэдүүлэг авна.

-Гэрчээр дуудагдах болсон  Н.Энхбаяр мэдүүлгээ өгч эхэлсэн үү?

-Бид бэлтгэл ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл, телевизээр цацагдсан дүрс мэдээлэлтэй ажлын хэсгийнхэн нарийн нягт танилцах зэрэг  чиг үүрэг  гаргана. Удахгүй Н.Энхбаярыг гэрчээр дуудаж асууна.

-С.Баяр, Ц.Мөнх-Оргил на­рыг шалгах уу?

-Тайлбар авна.

-Хэргийн зүйлчлэл өөрч­лөгдсөн байх аа?

-Цагдаагийн Ерөнхий газ­­­­­­­­рын дарга гэдэг хүн чинь Дотоодын цэргийн команд­лагч. Энэ утгаараа цэргийн гэмт хэргийн  субьектэд ха­маарч  байгаа юм.  Тэгэхээр  тухайн үед удирдлагынхаа дор ажиллаж байсан  албан хаагчид  үймээний үеэр  хамтран үйл ажиллагаанд оролцсон нь тогтоогдвол энэ зүйлчлэлээр хэрэгт татах эрх нээлттэй бий. Энэ утгаараа зүйлчлэл өөрчлөгдөж ял сонсгох болсон нь үнэн.

-Хэрэгт татагдсан цагдаа нараас мэдүүлэг авахдаа да­­­рамт шахалт үзүүлж байна гэ­­­­­сэн мэдээлэл сүүлийн үед их гарах боллоо.Үнэхээр хил­­­­­­­­­сээр яллах гээд байгаа юм биш байгаа гэх хардлага бай­­­гаа шүү?

-Цагдаагийн ар гэрийн хол­бооноос удаа дараа ташаа мэдээ­­­лэл цацсан. Анх хэргийг шал­­­­гаж эхэлснээс хойш байнга ярьсан асуудал. Манайх  мөр­­­дөн байцаах ажиллагааг хуу­льд заасан эрх үүргийнхээ дагуу л явуулж байгаа. Тэгэ­­­хээр   худал мэдээлэл хэвлэл мэдээллээр зориуд цацаж, нийг­мийн сэтгэлзүйд нөлөөлж бо­лох­гүй юм.  Хүн бүр хуу­лийн дор эрх тэгш байх зарч­мын дагуу л  дарга цэрэг хэн ч бай шалгуулсан. Энэ хэр­гийг шалгахад хэн нэгний эрхийг зөрчин дарамт шахалт үзүүлсэн зүйлгүй.

-Анх энэ хэргийг шалгаж эхлэхэд яагаад Н.Энхбаярыг татаж шалгаж болоогүй юм бэ. Одоо гэнэт гэрчээр татаж байгаа нь ойлгомжгүй, хэт  хугацаа алдсан асуудал юм биш үү?

-Өмнө нь Н.Энхбаяр Үн­дэс­ний Аюулгүй байдлын зөв­лөлийн дарга байхдаа тайл­бар өгч тэр нь хавтаст хэрэгт тэмдэглэгдсэн байдаг юм билээ. Одоогоор  хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтооход чиглэсэн ажлыг л бид хийж байна. Түүнээс биш дээрээс хэн нэгэн эрх мэдэлтний өгсөн үүрэг даал­гавраар ажилласан зүйл огт­хон ч алга. Хэн нэгнийг хилсдүүлэх, буруутгах гэсэн зорилгогүй. Зөвхөн хуулийн хүрээнд ажиллана.

-Хэдий хэрийн хугацаа шаардагдах бол?

 -Одоо нэмэлт ажиллагаа явуулж эхлэхээр гинжин хол­боо үүсч хэдэн ч хүн шалгаг­дахыг хэлж  мэдэхгүй. Дутуу шалгаж болохгүй. Буруу ажиллагаа явуулснаас зарим нэг нь хэргээс мултрах, эсхүл хэн нэгнийг хилсээр буруут­­гаж алдаа гарахыг үгүйс­­­­гэхгүй. Тэгэхээр нэмж ажиллагаа явуулах шаардлага гарвал  шалгахаас өөр аргаг­гүй. Хугацааны хувьд хэдийд хэргийг эцэслэн шийдэхийг хэлж мэдэхгүй.

-Өршөөлийн хуульд хамрагдсан хэргийг дахин сэргээсэн нь улс төрийн ашиг сонирхол бий гэж үзэх хүн цөөнгүй байна л даа?

-Өршөөлийн хуульд хам­­рагдаад хэрэгсэхгүй бол­сон нь үнэн. Үүн дээр хэргийн нөхцөл байдал тухайн үед шийдсэн хэрэгт анхаарал төвлөрүүлж нэмэлт ажиллагаа  явуулах шаардлагатай гэж үзсэн уч­раас сэргээн шалгасан. Хэрэг нэг шийдэгдсэн бол тэр чигээрээ хөдөлгөөнгүй гэж үзэж болохгүй. Дархлагдсан гэж ойлгох нь буруу. Бүр хэрэгсэхгүй болсон хэргийг ч дараа нь  шинэ нөхцлөөр сэргээн шалгаж болно.

-Ч.Амарболд хэрэгтэйгээ танилцсан уу?

-Ч.Амарболд нар хэрэг­тэйгээ танилцаж эхэлж байсан.  Гэвч нэмэлт ажиллагаа явуу­лах болсон учраас нэлээд сунжирах байх.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж