Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итали Улсад айлчлах үеэрээ тус клубт зочилж монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах саналыг тавьж, “Интер” клубын эзэн М.Морати уг саналыг талархан хүлээж авсан билээ. Энэхүү ажил хэрэгч яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр монголд ирээд байгаа гэдгээ ноён Э.Паолило онцолж байлаа.
“Бид хөлбөмбөгийг хөгжүүлэх, мөн хөлбөмбөгөөр дамжуулан нийгмийн сайн сайхныг бүтээх үйлсэд хамтрах болсондоо туйлын сэтгэл хангалуун байна. Юуны өмнө дэлхийн олон оронд хэрэгжүүлж байгаа “Интер кампус” хөтөлбөрийг бид монголд хэрэгжүүлэх болсноо дахин нотолж байна. Энэ бол манай гаригийн өнцөг булан бүрт байгаа, амьдралын бэрхшээлтэй хүүхдүүдэд спортоор дамжуулж баяр баясгалан, тоглох эрхий нь өгдөг хөтөлбөр юм. Хүүхэд бүр тоглох, спортоор хичээллэх, өөрийгөө хөгжүүлэх эрхтэй гэдгийг батлан харуулдаг хөтөлбөр юм. Бид энэ удаад хөтөлбөрийг хэзээнээс, хэрхэн, хаана хэрэгжүүлэх эхлэх вэ гэдгээ ярилцахаар ирлээ. Дараагийн удаад “Интер“ багийнхан ирж “Интер кампус” хөтөлбөрөө албан ёсоор нээх ёслол болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэж тэрээр ярьсан юм.
Мөн мэргэжлийн тамирчдыг чадавхижуулдаг, тоглогч болон дасгалжуулагч бэлддэг “Интер академи” хөтөлбөрийг ч монголд хэрэгжүүлэх талаар яриа хэлэлцээ эхэлсэн гэдгийг онцоллоо.
“Интер” багийн түүхтэй салшгүй холбоотой, дэлхийн алдарт хөлбөмбөгчдийн нэг, домогт С.Факетти-ийн охин , хөлбөмбөгийн элчин сайд гэгддэг Барбара Факетти мөн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
“Интер” багаас надад оноосон даалгаврыг биелүүлж, Монголд томилогдон ирсэн нь миний хувьд гайхалтай үйл явдал юм. Хөлбөмбөг бол спорт төдийгүй түүх, ёсзүй, улс орнуудын харилцаа, хүнийг хөгжлийн асуудал юм. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж хөлбөмбөгийг хөгжүүлэх, сайн сайхныг бүтээх үйлсэд оролцож байгаадаа баяртай байна” гэж тэрээр хэлсэн юм.