
Олон улсын стандарт хангасан футзалын ордны түлхүүрийг АХБХ-ны ерөнхийлөгч Жанг Жилонг МХБХ-ны ерөнхийлөгч Б.Ганболдод гардуулнаар нээлтийн ёслол эхэлсэн. Энэ үеэр мөн өсвөрийн хөлбөмбөгчид хүрэлцэн ирсэн зочдод үзүүлэх тоглолт сонирхуулсан юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ноён Жан Жилонг, Б.Ганболд нар Футзалын ордны хүндэтгэлийн самбарт гарын үсгээ зурж, үлдээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн аравдугаар сарын эхээр Италид айчлах үеэрээ “Интер Милан” клубын ерөнхийлөгч Массима Мораттитай уулзаж, хүүхдүүдэд зориулсан “Интер кампус” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр ярилцаж, тохирсон билээ. Улмаар хөтөлбөрийн хэрэгжилтийг нарийвчлан тохирох зорилгоор “Интер” клубын захирал Эрнесто Паолило тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Монголд хөл тавьсан юм. Тэдгээр зочид өнөөдөр болсон Футзалын ордны нээлтийн ёслолд оролцсоны дараа ойрын хугацаанд бодит биеллээ олох “Интер кампус” болон “Интер” хүүхдийн академийн талаар танилцуулсан юм. Одоогоор зөвхөн яриа хэлцэл төдийгөөр хязгаарлагдаж байгаа ч хөтөлбөрийн хэрэгжилтийг нарийвчлан тохиролцсоноор ирэх оны хавар, зунаас “Интер кампус” хөтөлбөр бодитоор хэрэгжиж эхлэх тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн ёслолын үеэр хэлсэн юм.
Дэлхийд данстай “Интер Милан” клубээс хэрэгжүүлдэг “Интер кампус” хөтөлбөр нь даян дэлхийн хөлбөмбөг сонирхогч хүүхэд багачуудыг хөлбөмбөгийн спортоор хичээллэх боломж бүрдүүлэх зорилготой бөгөөд одоогоор дэлхийн 24 оронд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Харин Монгол Улс 25 дахь нь болж байгаа юм. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжих “Интер кампус” хөтөлбөр нь хүүхэд, багачуудын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, нийгэмд чиглэсэн байх бол Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран байгуулах “Интер”-ийн академи нь илүү мэргэжлийн талдаа, ирээдүйн шилдэг хөлбөмбөгчдийг эртнээс бэлтгэх зорилготой юм байна.