Такси үйлчилгээний зогсоолыг өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Такси үйлчилгээний зогсоолыг өргөжүүлнэ

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2011 онд баригдсан таксины зогсоолуудыг ашиглалтад оруулж эхлээд байгаа билээ. Хотын төсвөөс хөрөнгө гаргаж, иргэдэд хамгийн ойр байршлуудад бариад байгаа таксины зогсоолуудын ашиглалт, үйлчилгээг хэвшүүлэх зорилгоор энэ сарын 14-нөөс эхлэн өдөр бүр 08.00-23.00 цагийн хооронд такси компаниудын тээврийн хэрэгслүүд  зогсоол дээрээс иргэдэд үйлчлэх зохицуулалтыг Нийтийн тээврийн газраас хийсэн байна.
 
Тухайлбал 4-р хороолол, Сансарын колонк, 10-р хороолол, Бөмбөгөрийн урд, 16-р хороолол, Барилгачдын талбай, 32-ын тойрог, 21-р хороолол зэрэгт байрлалтай зогсоол тус бүр дээр 8-10 такси байнга зогсож, зорчигчлыг зорьсон газарт нь хүргэж өгөх аж. Нийслэл хотод таксины зогсоолыг 8-10 такси зогсох талбайтай, зорчигчдод зориулсан сүүдрэвч, сандал, хогийн савтай, тусгайлан ялгасан өнгөтэй, зогсоолын тэмдэгтэйгээр барьж байгаа аж.

“Сити такси”, “УБ такси транспорт сервис”, “Очиржамц”, “Улаанбаатар такси”, “Тариат трейд”, “Билэгт дөлгөөн”, “Монгол нунхёб”, “Тэбэ сервис” зэрэг такси үйлчилгээний компаниуд зориулалтын зогсоолоос зорчигчдод хэрхэн үйлчилж байгааг Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч нар хянаж ажиллах юм. Өнөөдрийн байдаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн такси үйлчилгээнд  19 аж ахуйн нэгжийн  551 тээврийн хэрэгсэл  ажилладаг бөгөөд цаашид таксины тоо өсөх хандлагатай байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж