
Бага хурлаар ГХЯ-ны Азийн газрын захирал, Зүүн хойд Азийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганболд “Монгол Улсын бүс нутгийн хоёр талын харилцаа”, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат “Монгол Улсын Зүүн хойд Азийн бүсэд чиглэсэн стратеги хандлага”, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал доктор Л.Хайсандай “Зүүн хойд Ази дахь Монгол Улсын үүрэг, оролцоо” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

ГХЯ-ны Азийн газрын захирал, Зүүн хойд Азийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганболд илтгэлдээ Монгол Улс бүс нутгийн хувьд Зүүн хойд Азийг сонгосон нь газар нутгийн хувьд ойроос гадна эдийн засаг, техник, технологи, олон улсын худалдааны голдиролд ороход ач холбогдолтой болсныг тодотгов. Засгийн газар, албан ёсны төвшинд хийх боломжгүй ажлыг нийгэмлэг бие биеэ нөхөх хэлбэрээр хийж иржээ. Зөвхөн хоёр талын харилцааны бус, БНАСАУ, БНСУ, Японтой хил дамнасан, аялал жуулчлал, худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой гэсэн байр суурийг барьж ирсэн байна. БНСУ-ын КОИКА байгууллагын тусламжаар дэд бүтэц, Дорнод аймагт мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ажиллаж 200 га-д үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Нийгэмлэгээс Хойд Солонгост хүнсний туслалцаа үзүүлж байсан бол саяхан Засгийн газрын хуралдаанаар тус улсад хүнсний тусламжийн шугамаар мах нийлүүлж тусгай үүргийн онгоцоор хүргэхээр болжээ. БНАСАУ, Японы харилцааг сайжруулах уулзалтыг Улаанбаатарт нэг удаа хийсэн байна. Солонгосын хойгийн асуудлаар АНУ, Япон, БНАСАУ, БНСУ-ын хооронд яриа хэллэцээ хийх албан бус нэг гүүр болсоор ирснийг ч хэлэв. Засгийн газрын шугамаар хийхэд тохиромжгүй ажлыг Зүүн хойд Азийн нийгэмлэг хийж иржээ.
Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат “Монгол Улсын Зүүн хойд Азийн бүсэд чиглэсэн стратеги хандлага” илтгэлдээ бүс нутгийн эдийн засгийн интеграцын сэдвийг хөндөж ярилаа. ОХУ-ын Алс дорнод, Зүүн Сибирь, Зүүн хойд Хятад, Монголыг оролцуулаад энэ бүс нутаг 13,2 сая хавтгай дөрвөлжин км нутагтай, 320 гаруй сая хүн амыг багтаадаг аж. Тэднээс хамгийн уудам нутагтай, хамгийн бүл цөөтэй нь Монгол Улс.
Энэ бүс нутаг улс төрийн үл итгэлцэл, цөмийн зэвсэг, Солонгосын хойгийн асуудал, хүнсний хямрал, хуучин дайны өс хонзон, түүхийн улбаа зэрэг ээдрээтэй нөхцөл байдалд оршдог. Гэхдээ энд жам ёсны эдийн засгийн интеграц байх боломжтой гэж үздэг. ОХУ-аас Хятад руу дамжуулах хийн хоолойг БНАСАУ-аар дайруулах, Хятад, Хойд Солонгосын ажиллах хүч, Японы өндөр технологи, ОХУ, Монгол Улсын байгалийн баялгийг хоршвол бүс нутгийн эдийн засгийн интеграц бүрэн утгаараа хэрэгжинэ гэдгийг илтгэгч хэллээ. БНХАУ, Япон дэлхийн эдийн засагт эхний хоёр, гуравдугаар байранд явдаг. БНХАУ арванхоёрдугаар таван жилийн төлөлөгөөний эцэст нэгдүгээрт орох зорилт тавьжээ. Экспортоор Монгол Улс дэлхийд 129, импортоор 144 дүгээр байранд ордог байна. Зүүн хойд Ази гэсэн томъёоллыг анх Япон гаргаж тавьж байжээ.
Олон улс судлалын хүрээлэнгийн захирал доктор Л.Хайсандай илтгэлдээ Монголын газар зүйн байршил стратегийн чухал ач холбогдолтойг онцолж байв. Монгол нь Зүүн хойд Азийг Төв Азитай, Төв Азийг Европтой холбодог гүүр маягийн байрлалтай Энэ нь байгаль, экологи, газар зүй, хүн ам, эрдэс баялаг, түүх соёлтойгоо харилцан шүтэлцээтэй гэдгээрээ онцлог гэлээ.
Монгол Улс тайван замаар ардчилал тогтоож чадсан нь бүс нутгийн орнуудад дуурайлал болсон. Эрдэс баялаг ихтэй. Түүх, соёл нь өвөрмөц. Монголоос эх авсан цэнгэг уст олон гол мөрөн Зүүн хойд Азийн орнуудыг ундаалж байдаг онцлогтой гэсэн юм. Хамгийн цэнгэг устай Хэрлэн, Онон, Улз, Халх гол ОХУ, Хятад руу урсдаг. Сэлэнгэ мөрөн Байгаль нуурыг тэтгэдэг. Байгаль нуураас Ангар мөрөн эх авч Хойд мөсөн далай хүрдэг гээд үзвэл Орос, Хятадын хүн ардыг Монголын гол мөрнүүдийн ус үнэ төлбөргүй ундаалдаг. Гэтэл Монгол Улс ОХУ-аас эрчим хүчийг төлбөртэй авдаг гэдгийг илтгэгч дурдаж байв. Усаа гадагш үнэгүй гаргадаг гэж үнэрхэх хэрэггүй ч ер нь цэнгэг усаа гадагш урсгадаг үнэн байдлыг сануулж байх ёстой хэмээлээ. Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарлаж, аюулгүй оршин тогтнож байгаа нь бүс нутагтаа бас ач холбогдолтой гэдгийг мөн тайлбарлалаа. Гадаад бодлогыг эдийн засагжуулах нь чухал болохыг, гадаад бодлогоо эрчимжүүлэх шаардлагатайг хэлж Түмэн голын төсөлд Монгол Улс идэвхгүй оролцож буйг ч шүүмжилсэн юм.
Үүний дараа чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны дарга Ё.Гэрэлчулуун Хятадын зүүн хойд хэсэгт Монгол Улсын консулын газар байх хэрэгтэй гэж байв. ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарын хариулснаар Хайлаарт консул байгуулах тухай асуудал яригддаг юм байна. Шанхай, Хонконгод консулын төлөөлөлтэй болж, Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд консул суулгах боложийг судалж байгаа. Мөнгөний асуудал байдаг гэж байв.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Европ, Азийн баруун эргийн байдал хүнд боллоо. Европын холбоо задарч магадгүй. Арабын орнуудын хөдөлгөөн яаж дуусах нь тодорхойгүй. Нөхцөл байдал ийм байхад хэрэв байдал тогтвортой байвал ХХI зуун Зүүн хойд Азийнх байж болох юм” гэлээ. Мөн өнгөрсөн 20 жилд Монголын гадаад бодлого их сайн байсан гэдгийг хэлэв. Бага хуралд оролцогчид гадаад бодлогоор нэгдмэл байр суурьтай байж, төрийн болон төрийн бус байгууллагууд нэг цонхоор гадаад ертөнцтэй харилцдаг байх нь зүйтэй гэж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх М.Батчимэг судлаачид, ТББ-уудыг гадаад бодлогод татан оролцуулах байдал дутмаг байдгийг шүүмжилж, Монгол Улсын гадаад бодлого идэвхгүй байна гэсэн байр суурь илэрхийлэв Түний хэлснээр Зүүн Азийн интеграц идэвхжиж ОХУ, АНУ тэнд нэгдэхээр болжээ. Монгол Улс, БНАСАУ хоёроос бусад нь Зүүн Азийн интеграцид нэгдсэнийг хэлэв. АСЕАН-ы орнуудын Батлан хамгаалахын сайд нар Зүүн Азийн мөн салбарын сайд нарын уулзалт гэдэг байгуулага бий болж байгаа аж. Тэд гамшигтай тэмцэх, хүмүүнлэгийн үйл ажилагаагаар нэгдэх гэж байгаа юм байна. Монголчууд эдийн засагтаа хэт анхаараад гадаад бодлогоо орхиод байгааг зөвлөх М.Батчимэг сануулсан юм.
Нийгэмлэгийн тэргүүн Б.Батбаяр бага хурал амжилттай болсныг дүгнэж хэлснээр уг арга хэмжээ өндөрлөлөө.