Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан.

Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.4.5-д “Хэвлэл мэдээллийн байгууллагад хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвалжилж олж авах, нийгэмд түгээхэд таатай эрх зүйн орчинг бүрдүүлэхээр”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2013 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.2-д “иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах шинэтгэлийн бодлого явуулна” гэж тус тус заасныг үндэслэл болгон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл нь 5 бүлэг 20 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгасан болно. Үүнд:

1-р бүлэгт: Хуулийн зорилт, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомж, хуулийн нэр томъёоны тухай;

2-р бүлэгт: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, төрөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглох, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал, редакцийн бие даасан, хараат бус байдлын тухай;

3-р  бүлэгт: Зохиогч, мэдээллийн эх сурвалжийн нууцлалын тухай;
   
4-р бүлэгт: Хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх хариуцлага, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хориглох зүйл, иргэн хуулийн этгээд гомдол гаргах, хэвлэл мэдээллийн байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх, хэвлэл мэдээллийн зөвлөл, түүний бүрэн эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэх, зөвлөлийн санхүүжилтийн тухай;

5-р бүлэгт: Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацааг заасан болно.  

Иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нэг талаас баталгаатай хангаж, нөгөө талаас хариуцлагатай хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн үзэл санааг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн 110-р зүйл доромжлох, 111-р зүйл гүтгэх гэмт хэрэгт нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хамт боловсрууллаа. Гэмт хэргийн статистик, шүүхийн практикаас үзэхэд энэ төрлийн гэмт хэргээр ихэвчлэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид холбогдон, шийтгэгддэг нь сэтгүүл зүйн хэвлэн нийтлэх үйл ажиллагааны онцлогтой холбоотой байдаг байна. Энэхүү заалт нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах хүчин зүйл болж байгааг нэлээдгүй судалгаа, олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байгаа тул дэлхий нийтийн жишиг хандлага, олон улсын стандартанд нийцүүлэн хүний нэр төрийг олон нийтэд гутаан, хохирол учруулсан бол гүтгэх гэмт хэрэгт тооцон, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол иргэний хэргээр шийдвэрлэгдэх, ингэхдээ нэр хүнд нь гутаагдсан гэж үзэж буй нэхэмжлэгч этгээд нотлох баримтаа шүүхэд гаргах зохицуулалтыг орууллаа.

Хуулийн төслийн талаар 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Засгийн Газраас ирүүлсэн томъёолол, найруулгатай холбоотой саналыг хүлээн авч хуулийн төсөлд тусгасан.  

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй холбоотойгоор Эрүүгийн хууль, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай болон одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан болно.        
    
 Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-аар олон удаа хэлэлцүүлж, олон улсын байгууллагын санал зөвлөмж, гадаад орнуудын туршлагын судалгаа болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, эрдэмтэн судлаачид, холбогдох мэргэжлийн байгууллагуудын санал,  дүгнэлтийг авч, тусгасан  болно.

ХУУЛЬ САНААЧЛАГЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж