“Амьдралд тэмцэх томьёо”-г нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

“Амьдралд тэмцэх томьёо”-г нэр дэвшүүллээ

Тун удахгүй болох гэж байгаа драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза 2010” наадамд орон нутгийн төлөөлөл болон уран бүтээлээрээ өрсөлдөх гэж байгаа Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө”  театрын ерөнхий найруулагч Нацагдоржийн Пүрэвдоржтой уулзлаа.

Юуны өмнө “Гэгээн муза” наадамд өрсөлдөх эрхээ авсанд баяр хүргэе.  Ямар бүтээлээрээ өрсөлдөх гэж байна?

-Найдангын  Ганхуягийн “Амьдралд тэмцэх томьёо” гэдэг жүжгээр оролцож байгаа. Энэ бол ёс зүйн драм л даа. Яагаад энэ жүжгийн тавих болсон бэ гэхээр одоогийн хүүхдийн хүмүүжил хаана явж байна, хүүхдүүд дундаа бүүр арван жилийн хүүхдүүд, арван жилээсээ ахиад оюутнуудын хүмүүжил ямар байна. Ний нуугүй ярихад гудамжаар явж байхад эр, эмгүй нөгөө айхтар п-гээр эхлээд а-гаар төгсдөг үгийг хэлж байна шүү дээ. Өглөө салхинд явж байхад хоёр эмэгтэй хүүхэд нэгийгээ дуудахад нөгөөх нь өө п… гэж байгаа байхгүй юу. Тэр чинь асар эмзэглүүлж байгаа юм. Тавдугаар ангийн хоёр эрэгтэй хүүхэд хоорондоо “Чи юу гээд байгаа хулгайч вэ” гэхэд хариуд нь “Битгий хуц, муу ямаа минь” гэж байгаа ш дээ. Энэ чинь маш муухай байхгүй юу. Бараг л залуу эцэг эхчүүд хүүхэд нь хальт мульт п… хэлж хэлд орж байхад залуу эцэг эхчүүд өхөөрдөж миний хүү хэл орлоо гэх шахаж байгаа байхгүй юу. Ийм хурц эмзэглэл байгаа учраас энэ зохиол маш хүчтэй тархинд буусан. Тийм учраас манай ноён хутагт Данзанравжаагийн Саран хөхөө театрын уран бүтээлчид энэ жүжгийг барьж авсан.

-“Амьдралд тэмцэх томьёо”-г анх үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?
2010 оны шинэхэн бүтээл шүү дээ.

-Анх 2010 онд энэ жүжгийнхээ нээлтийгн өмнө үзэгчидтэйгээ 20-30 минутын ярилцлага хийхэд үзэгчид маш сайн хүлээж аван “Үнэхээр яана аа ийм болж байна гэж үү” гээд хоорондоо бараг маргаан болж байсан. Гэрийн хүмүүжил гэж зүйл өнөөдөр бараг байхгүй болчихсон. Гэтэл ноён хутагт Данзанравжаа маань анх “Хүүхдийн дацан” гэж одоогоор бол урлагийн сургууль байгуулж 16 хүртэлх насны хүүхдүүдийг элсүүлж аван хамгийн нэгдүгээрт ёс зүйн хичээл орж байгаад энэ хүүхэд одоо төлөвшлөө, ах зах, аав, ээжээ хүндэтгэдэг боллоо, одоо тэдэнд урлагийн хичээл орж болно гэж үздэг байсан. Найруулагч миний хувьд сэтгэл  дундуур байдаг зүйл бол гэрийн болон сургууль орчны  хүмүүжил хаана явж байна гэдэг асуудал. Энэ бол өнөөгийн нийгэмд  их бүрхэг байна.. Тийм учраас асуудал дэвшүүлсэн ёс зүйн драм гэдэг сэдвээр жүжгээ тавиад нэгдүгээр шатандаа шалгараад цаашид өрсөлдөхөөр боллоо. Бид маш сайн уралдана гэж бодож байгаа.

-Танай уран бүтээлчид ямар, ямар номинацид нэр дэвшиж байгаа вэ?

-Шилдэг эрэгтэй гол дүрд жүжигчин Идэрболд Билэгтийн дүрээр нэр дэвшиж байгаа. Шилдэг туслах эмэгтэй дүрд жүжигчин Золзаяа Болороогийн дүрээр, шилдэг туслах эрэгтэй дүрд жүжигчин Баярцэнгэл, тайзны зураач Эрдэнэбаатар маань тайз хувцасны шийдлээрээ нэр дэвшиж байгаа. Би өөрөө шилдэг найруулагчийн номинацид нэр дэвшиж байгаа.

-Энэхүү жүжгээ анх удаа Драмын тайзнаа тоглож  байгаа юу?

-Тийм. Анх удаа Дорноговьд тавиад энэхүү драмын урлагийн тэргүүн дээд “Гэгээн муза” наадамд өрсөлдөж байна.  Энэ сарын 24-нд Хүүхэлдэйн театрын тайзнаа “Гэгээн муза” наадмын шалгууралтад тоглоно. Тэнд хүрэлцэн ирээрэй. Энэ хурдтай нийгэмд чинь үзэгчид бас хурдтай сэтгэж байна шүү дээ. Тийм  учраас нийслэлчүүдийнхээ үгийг ,  үзэгчдийнхээ сэтгэгдлийг сонсъё. Тэгээд уран бүтээлдээ тусгана гэж бодож байна даа.

-“Гэгээн Муза” наадамд хэд дэх удаагаа оролцож байгаа вэ?

-Өмнө нь их сэтгэгч Урианхай гуайн “Төрөхөөс өмнө үхэхээс хойно” гэдэг драмын жүжгээр амжилттай оролцож байсан. Мөн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Улаан тэргэл сар” жүжгээр амжилттай оролцон драмын театрын хоёр удаа үзэгчдээр пиг  дүүргэж байсан. Үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байсан. Тийм учраас нэг зүйл хэлэхэд хөдөө хотын уран бүтээлчдийн мэргэжлийн ялгаа аль хэдийнэ арилан ард хоцорсон. Хөдөө гэхээр л нэг бөөдийсөн юм байдаг гэсэн, тархины хязгаардмал сэтгэлгээнээсээ салмаар байгаа юм. Тэр сайхан сэлүүхэн талд чинь сэлүүхэн сэтгэх хэрэгтэй шүү дээ. Хязгааргүй орчинд хэрвээ л чи сэтгэж чадаж байгаа бол хаа ч юм хийх боломжтой.  Урианхай гуайн “Төрөхөөс өмнө үхэхээс хойно” гэдэг драмын жүжгийн тавихдаа бүтэц бүх зүйлийг нь бодон ардын жүжигчин Г.Мягмарнаран, соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэцэцэг нарыг драмын театраас урьж тоглуулсан шүү дээ. Хөдөө хотын туршлагыг солилцуулж хооронд нь сүлэлдүүлж байж  урлаг тэр аяараа биедээ уусч Монголын урлаг хөгжинө. Хөдөө л дэвхцээд агуу их авьяастны дүрд тоглоод байдаг үе ард хоцорсон шүү дээ.

-Танд амжилт хүсье.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж