
Швед улсын Стокгольм хотод 18 настай Ребар Шариф гэх залууг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Монгол Улсын иргэн, “S and I” хамтлагийн гишүүн байсан С.Бат-Отгоныг /Бадгаа/ шүүх хурал ирэх онд болох тов гарчээ. Шүүх хуралд Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан, өмгөөлөгч нар оролцох гэнэ. Өнгөрөгч долдугаар сарын 11-нд Швед улсын Стокгольм хотын нэгэн хөлбөмбөгийн талбайд хөлбөмбөг тоглож байсан Ребар Шариф гэх залуу бусдад хутгалуулан, амь насаа алдсан юм. Хэргийн газрын ойролцоо байсан гэрчүүдийн мэдүүлгийн дагуу Монгол Улсын иргэн С.Бат-Отгоныг энэ хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж байгаа юм. С.Бат-Отгон тухайн үед Швед улсад түр хугацаагаар амьдарч байжээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өмнө нь наймдугаар сард болно хэмээн мэдээлж байсан ч гэм буруутайг нь нотлох баримт хангалттай биш байсан тул шүүх хурлыг хойшлуулахад хүргэсэн гэдэг. Одоогоор Монгол Улсын Гадаад харилцааны яаманд энэ талаарх албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа ч зарим эх сурвалжийн мэдээлснээр С.Бат-Отгонд урьдчилсан байдлаар 13 жилийн ял төлөвлөсөн бололтой. Түүний хүний аминд хүрсэн үйлдлийг аргагүй хамгаалалт хэмээн үзсэн ч хүйтэн мэс хэрэглэсэн учраас дээрх ялыг төлөвлөж магадгүй байгаа аж.
С.Отгон