Багш нар эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Багш нар эсэргүүцлээ илэрхийлэв

Нийслэл хотын тө­рийн үйл­чилгээний 150 гаруй салбарын тө­лөө­лөл бүхий 250-300 багш, сур­ган хүмүүжүүлэгчид өчигдөр Сүх­баатарын талбайд жагсаал хийлээ. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны хурлын шийдвэрийг хэрэг­жүүлэхийг шаардсан арга хэмжээ болсон юм. Уг жаг­саалыг Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хол­боо, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хол­боо болон Монголын Ажилтан, ал­бан хаагчдын үйлдвэрчний эвлэ­лийн холбооныхон хамтран зохион бай­гуулав. Жагсаалын гол зо­рилго багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх юм. Тэд “Засгийн газар хэлсэн амлал­таасаа буцсан учир ийнхүү тэмцлийн эхний үе шат руу шилжсэн” гэв.

Өнгөрсөн жилийн өдийд багш нар мөн л жагсаал хийж, цалин хөлсний доод хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлсэн. Гэвч энэ нь тохиролцооны нэгээхэн хэсэг бөгөөд боловсролын салбарын цалин хөлсийг хоёроос гурав дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэдгийг тэд өмнө нь хамтран баталж байжээ. Гол учир нь Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цалин, тэтгэвэр, тэтгэм­жийг 2008 оны дундаж түвш­нээс гу­рав дахин нэмэгдүүлнэ” мөн “Түнш­лэлийг хөгжүүлэх за­маар цалинг хө­дөлмөрийн бүтээм­жийн өсөлт, амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн тус­гасан боловч одоо  болтол биел­лээ олоогүй хэвээр байгаа аж. Анх тохиролцсоноор бол энэ оны нэг­дүгээр сарын 1-нээс цалин хөл­сийг 80 мянган төгрөгөөр нэмэх, гуравдугаар сарын 1-нд нийт цалингийн хэмжээг 20 хувиар нэмэх гурван талт хамтын шийдвэрт хүрсэн аж. Улмаар ямар нэг шийдвэр гараагүйн улмаас өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдөр Засгийн газарт цалин хөлсийг энэ онд хоёр дахин нэмэгдүүлэх утга бүхий шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй аж.  

Хөдөлмөр, нийгмийн зөвшилц­лийн гур­ван талт үндэсний хороо  арав­дугаар сарын 3-нд хуралдаж олон зүйлийн талаар хэ­лэлцсэн гэдгийг ч тэд онцолж байв. Мөн үнэ ханшны өсөл­тийн улмаас иргэдийн  худалдан авах чад­вар буурсныг нөхөн сэргээх, бага ца­линтай ажилтнуудын цалин хөл­сийг түлхүү нэмэгдүүлэх талаар ч асуудал хөндөж байсан гэсэн. Ул­маар нийгэм дэх хөдөлмөрийн үнэ­лэмжийг дээш­лүүлэх зарчмыг ба­римтлан төрийн болон төсөвт байгуул­лагуудын ажилт­нуудын цалинг ирэх оны эхний улиралд багтаан хоёр үе шаттайгаар  гурван жилийн өмнө буюу 2008 оны түвшнээс дунджаар хоёр дахин нэмэгдүүлэх тал дээр  хамтарсан шийдвэрт хүрсэн аж. Гэтэл Засгийн газар  хоёр талаа үл ойшоон дангаараа шийдвэр гаргаж, ирэх оны гуравдугаар сарын 1-нээс цалин хөлсийг 80 мянгаар, тавдугаар сарын 1-нээс нийт цалингийн хэм­жээг 23 хувиар нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт тусгажээ. Уг шийд­вэрийг дээр дурьдсан үйлдвэрчний эвлэлийн хороод эрс эсэр­гүүцэж буйгаа өчигдөр болсон жагсаалын үеэр илэрхийлсэн юм. Энэ талаар Монгол Улсын Ерөн­хий сайд С.Батболдод жагсаал боло­хоос өмнөхөн албан бичгээр хүргүүлсэн талаар Монголын Боловс­рол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг хуран чуулсан олны өмнө онцолсон. Ерөнхий сайд С.Батболдод хүргүүл­сэн шаардлагад “Төрийн албан хаагч­дын цалин хөлсийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс, мөн сар шинийн баяраас өмнө Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үн­дэсний хорооны хурлаар харил­цан зөвшилцсөн хувь хэмжээний да­гуу тус тус нэмэгдүүлэн олгох асууд­лыг ирэх оны төсөвт тусгаж шийд­вэрлэхийг шаардаж байна” хэмээн дурьдсан аж. Шаардлагын хариуг энэ сарын 17-ны өдөр эргүүлэн авах талаар мэдэгдээд амжсан. Жагсаал ерөнхийдөө тай­ван бол­лоо. Гэхдээ хэв журам са­хиулах хүчний бай­гууллага, тэр дун­даа цагдаагийн бие бүрэлдэхүүн Сүхбаатарын талбайн эргэн тойронд бэлэн байдалд байсан нь олны анхаарлыг ихэд татсан билээ. Жагсаалд оролцогчдын олонхи нь ерөнхий боловсролын дунд сур­гуулийн багш нар байсан бөгөөд ихэвчлэн Сонгинохайрхайн дүүрэг  болон Чингэлтэй дүүргийн багш, сурган хүмүүжүүлэгчид  байлаа. Уг нь “УИХ-аар хэлэлцэж байгаа ирэх оны төсөвт уг асуудлыг оруулах болов уу” гэсэн найдлагаар өчигдрийг хүрсэн талаар ч багш нар шүүмжлэлтэй хандаж байгаа харагдлаа. Ер нь багш, тэр тусмаа боловсролын салбарт ажил­лаж байгаа ажилтнуудын нийгмийн баталгаа хүнд байгаа талаар ч  тэд гомдоллож байв. Хамгийн гол нь нийт багш нарын дунд явуулсан судалгаагаар 83 хувь нь ямар нэгэн байдлаар банкны зээлтэй, мөн 16 хувь нь орон сууцанд, 56 хувь нь түрээсийн байранд болон байшинд амьдардаг гэсэн байх юм. Үлдсэн 28 хувь нь “Хамаатан садан, ээж, аавындаа амьдардаг” гэж хариулжээ. Энэ нь цалингийн хэмжээ бага  байгаатай шууд холбоотой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Багш нар  “Цэцэрлэг, сургуульд татварын буруу бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ нь тэнцвэргүй байдлыг бүрдүүлж бай­на. Өөрөөр хэлбэл, бага цалин авдаг хүмүүс их татвар төлөх юм бол юугаараа амьдрах юм бэ. Их ца­лин авдаг хүмүүс бага татвар төлөх нь цөөнгүй ч энэ бүхэн бод­логын хувьд буруу гэдгийг бүгд шүүмжилж байгаа” гэсэн байр суу­рийг давхар илэрхийллээ. Хэрэв энэ сарын 17-ны дотор шаардлагын хариуг ирүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно гэдгээ ч багш, сурган хүмүүжүүлэгчид сануулав.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж