“Шо”-гоос О.Содбилэг хүртэлх түүх

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

“Шо”-гоос О.Содбилэг хүртэлх түүх

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат “Шууд­хан хэлэ­хэд, Монголын нэрийг Ш.От­гонбилэг, “Эрдэ­нэт” хоёр дэлхийд гаргасан. Өнөөдөр энэ хоёроор дэлхий дахин Монголыг таньж байна” хэмээн шинэ цагийн Монголын түүхийн нэгэн үеийг төлөөлөх эрхмийн тухай ярьж байжээ. С.Зэвсэгийн “Эрдэнэтийн От­гон­билэг” хэмээн бүтээлд “Сал­хи татуулж дүрэлзэн явдаг, чухамдаа дээлтэй гал шиг хүн” гэж тодорхойлсон Ш.Отгонбилэг агсныг “Шар ах”, “Шо” гэж авгайлдаг байсан хүн олон. Өөрийг нь  “Эрдэнэт” үйлдвэрийн за­хирлаас огцруулахаар хэ­лэл­цэх гэж байсан нэгэн хурал дээр Ш.Отгонбилэг агсан “Алив. Энэ асуудлыг шийдчихье. Та саналаа хэл” хэ­мээн суудлаас нь буулгахаар хуйвалдчихаад байсан нэгэн хүнийг босгоод ирж. Өнөөх нь гэнэтхэн ийм явдал болсонд сандран юу ч хэлж чадалгүй “Хуучин удирдлагатайгаа бай­сан нь зөв” гэж хэлээд суу­чихсан тухай яриа бий. Түү­ний шулуухан занг үүгээр тодорхойлж болно. Монголын саалийн үнээ болох “Эр­дэнэт” хэмээх уул уурхайн нүсэр том үйлдвэрийн анхны монгол захирлаар ажиллаж байх үедээ Орос, Монголын хамтарсан үйлдвэрт 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий шинэчлэл хийхээр энэ эрхэм зэхэж байжээ.

Ердөө гуравхан жилийн до­тор энэ ажлынхаа 80 хувийг гүй­цэтгэсэн боловч гэнэтийн халаа сэлгээнд орчихсон гэдэг. Хожим нь тэрбээр “Хууль бусаар хөөгдсөний хар гайгаар ажлаа дуусгаж чадаагүй нь харамсалтай” хэмээн ярьж байжээ. Эхнэр Д.Туяатайгаа гэр­лэснийхээ дараа хоёр талаасаа мөн­гө   нийлүүлж авсан гэртээ ганц төмөр ор, оюутны хичээлийн ном, дэвтэрхэнтэй ирж, хамтын амьд­ралаа эхэлж байж. Тэр хожим нь Монголд төдийгүй дэлхийд данс­тай удирдагч болсон юм. Одоо цагийн хөрөнгөтнүүд хөл дээрээ ч тогтож чадаагүй явах үед Ш.Отгонбилэг агсан хувийн нисдэг тэрэг хөлөглөдөг байсан нь  түүний бэл чадал ямархуу байсныг зах зухаас нь ч болов тодорхойлох биз. “Эрдэнэт”-ийг дэлхийд данстай үйлдвэр болох гарааг Ш.Отгонбилэг агсан тавьсан гэдэгтэй маргах хүн ховор.

Харин 1997 онд Ардчилсан хүч­нийхэн засгийн эрхийг барьж байх үед Төрийн өмчийн хороог тэргүүлж байсан З.Энхболд гэх сурагч халимагтай залуухан дарга Д.Одхүүгийн хамт “Төр өмчөө мэддэг юм” хэмээн “Эрдэнэт” үйлд­вэрийн ерөнхий захирлын цоожтой өрөөг эвдлэн орж, тамга тэмдгийг нь хураан авч байв. Тухайн үед Үндэсний телевизээр орон даяар цацагдаж байсан “Одхүүдэх” үйл явцыг Ш.Отгонбилэг агсан өөрөө хажуу байрны цонхоор сэмхэн харж зогссон гэдэг. Хожим нь төрийн мэдэлд байсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбар өгө­хийг хүссэн хүсэлтийг нь тухайн үед Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж хүлээн аваагүй тухай тэрбээр гомдоллож байжээ. Ш.Отгонбилэг агсан “Эр­дэнэт” үйлдвэрийн захир­лын алба­наас ийнхүү огцорсон юм.

Сонгууль болохын өмнөхөн түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр “Зууны луйварчин” хэмээн нэрлэж явсан үе бий. “Эрдэнэт” үйлдвэрийн олон саяын хөрөнгийг идсэн, уусан л гэнэ. Гэхдээ 2000 онд Завхан аймгийнхан Ш.Отгонбилэгт үнэмлэхүй олон санал өгч, түүнийг Төрийн ордон руу илгээсэн юм. Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, сэтгүүлч Ц.Бал­дорж агсан, Ш.Отгонбилэг на­рыг “Хүчирхэг гурвал” хэмээн нэр­лэдэг байв. МАХН, тэр дун­даа Н.Багабандийн фракцийн сан­хүү­жилтын арыг найдвартай хийж явсан тэрбээр дэлхийд данстай тэр­бумтан Доди Аль Фаеидтай дотно нөхөрлөж явсан юм.

Ардчилсан хувьсгалаас өмнө яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, “Мон­Совцветмет” нэгдлийн ерөн­хий захирлын нэгдүгээр ор­логч, “Эрдэнэт” концерны ерөнхий за­хирлаар ажиллаж байсан Ш.Отгон­билэг агсан уг нь инженер мэр­гэжилтэй нэгэн. Багадаа чө­лөөт бөхөөр хичээллэж, Эрхүү хотын аваргаар шалгаран, ЗХУ-ын спортын дэд мастерын болзол хангаж байсан тэрбээр Монголын Олимпийн хо­роог дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Харамсалтай нь тэрбээр 2000 онд НҮБ-ын тусгай баг, сэтгүүлчдийн хамт Увсын Малчин сум руу зудын гамшигт нэрвэгдсэн малчдад тусламж үзүү­лэхээр яваад замдаа осолдон нас барсан юм. Араасаа сэжиг бүхий олон таамгийг дагуулсан энэхүү эмгэнэлт явдлын дараа Ш.Отгонбилэг агсны гэр бүлийн шинэ түүх эхэлсэн билээ.
Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан С.Зориг агсныг залгамжлан түүний дүү С.Оюун улс төрд орсон. Харин энэ жишгийг дагаж, цаг бусаар нас барсан Ш.Отгонбилэг агсны улс төрийн халааг түүний эхнэр Д.Туяа авав. Нөхрөөсөө 20 гаруй сая ам.долларын хөрөнгө өвлөж авсан, нийт хөрөнгө нь 100 сая ам.доллараар үнэлэгдэнэ гэх зэргээр түүний баялгийг хэмжсэн таамаглал олон бий. Гэхдээ Ш.Отгонбилэг агсан зуурдаар нас барсан учир Швейцарийн банкин дахь түүний асар их хөрөнгийг гэр бүлийнхэн нь одоо хүртэл авч чаддаггүй гэх дам яриа ч гарч байлаа.

“Адууны чанасан махнаас хэс­­гийг огтлоод л гарсан даа” хэ­мээн ханьтайгаа хамгийн сүүл­чийн удаа уулзсан тухайгаа хоо­лой зан­гируулан дурсаж суусан Д.Туяа Ми-8 нисдэг тэрэгний осол­той холбоотой шүүх хуралд огт ирээгүй юм. Үүнээс болж хожим нь “Сайдын суудлаас болж амаа таг­луулсан” гэх зэргээр хүчтэй шүүмж­лэлд өртөж байв. Шанз тоглох дуртай тэрбээр 2004 оны сонгуульд Завханаас нэр дэвшиж, нөхрийнхөө нэр хүндийн ачаар үнэмлэхүй ялалт байгуулан гарч ирсэн юм. Харин Эрүүл мэндийн сайд болсныхоо дараа цианит натрид хордсон гэх Хонгор сумынхныг “Хамуутай” гэж хэлснээс болж огцрох дөхсөн нь бий. Түүний аз болоход тухайн үед огцрохыг шаардсан жагсаал, цуглаан болоогүй билээ. Харин 2008 оны сонгуульд Д.Туяа тойрог сэлгэж, хоёр мандаттай Дундговьд нэр дэвшжээ. Харамсалтай нь тухайн үед хүү О.Содбилэг нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, санал хураалт болохын өмнөхөн   шоу зохион байгуулсан юм. Үүнээс болж саналын хуудаснаас Д.Туяагийн нэр автоматаар шахуу арчигдаж байв. Одоо тэрбээр Герман дахь Монголын Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байна. Нэг хэсэг УИХ-ын гишүүн Г.Адъяатай нэр холбогдож, “Тэд хамтын амьдралаа эхлэх гэж байна” хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч энэ асуудал тэгэсхийгээд намжсан юм. Дашрамд дурьдахад, Д.Туяагийн ээж нь нэрт сурган хүмүүжүүлэгч Ч.Дариймаа гэж хүн байдаг аж. Ач хүү О.Содбилэг нь жаахан байхдаа зун бүр Сайншандыг зорьж, эмээгийндээ очин эрхэлж өнгөрүүлдэг байж.

Ш.Отгонбилэг агсан бизнесийн уулзалт хийхдээ дагуулан явж, “Энэ хүн юу ярьж, яаж сэтгэж байгааг нь анхааралтай ажигла” хэмээн сургамжилдаг байсан хүү нь өнөөдөр Монголын улс төрд хөл тавьж байна. О.Содбилэгийг Вашингтонд очсоноос  хойш хэдхэн хоногийн дараа сэтгүүлч Ц.Балдорж агсан түүн рүү утасдаж эцгийнх нь тухай эмгэнэлтэй мэдээг дуулгаж байсан гэдэг. Ш.Отгонбилэг агсныг нутаглуулахаар Төрийн ордноос Алтан-Өлгий орох үед замын хоёр талаар эгэл жирийн иргэд эгнэн зогсож, гашуудал илэрхийлж байсан нь хүүд нь гүн сэтгэгдэл үлдээж байсан тухай тэрбээр хожим нь дурсан ярьжээ.

“Улаанбаатар” зочид буудал, “НИК” компани, “Uptown” сэтгүүл, “Капитрон” банк, “Эрдэнэт групп” гэх мэт олон нэр О.Содбилэгийн бизнесийн карьерийг тодорхойлдог. Сайн эцгийн үлдээсэн нэр төр, өв хөрөнгийг газарт унагахгүй авч яваа гэж хэлж ч болно. “Петровис” компанийн ТУЗ-ийн гишүүн, дэд захирал тэрбээр сэтгүүлийн хавтсыг эхнэрийнхээ зургаар чи­мэх нь бий. Харин “НИК”-ийн тэргүүн дэд захирал болсныхоо дараа олон улсын банкнаас 5.5 сая ам.долларын зээл авсан нь Монголдоо анхны тохиолдол гэж өөрөө сайрхаж байв. “Петровис”-ын охин компани “Петроматад”-ын хувьцааг Лондонгийн Хөрөнгийн бирж дээр арилжаалах ажлыг тэр л нугалж, Монголын газрын тосны салбарт ноёрхох хүслийг тэр л гүйцэлдүүлэхээр шаргуу ажиллаж байна. Нийслэлийн 23 дугаар дунд сур­гуульд сурч байгаад гадагшаа явж, хожим нь АНУ-ын Жоржтаун, Францын Инсеад сургуулийг эдийн засаг, бизнесийн чиглэлээр тус тус төгсчээ. Эх орондоо эргэн ирс­нийхээ дараа Гадаад хэргийн яаманд ажилтнаар орохын тулд чамгүй өндөр шалгуурыг давж, эртэй ча­далтайдаа тэнцсэнд нь түүнийг эц­гийнх нь дотны анд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди магтаж байсан тухай нэгэнтээ дурсчээ.

О.Содбилэг сүүлийн үед нөх­рийнхөө араас улс төрд орсон ээжийнхээ халааг авч, Ардын нам хавиар үзэгдэх болов. Ардын намын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, НАСОХ-ны дэд тэргүүн О.Содбилэг ирэх оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвшинэ. Сонгуулийн суртал­чилгаагаа хэдийнэ эхэлчихсэн түү­ний хүмүүс эрдэнэтийнхэн рүү утасдаж “Та Ш.Отгонбилэгийг тань­даг байсан уу” гэж эхлээд “Түүний хүү Содбилэгийг дэмжээрэй” хэмээн яриагаа дуусгадаг болсон гэх. “Гэнэн цайлган” зангаасаа болж ээжийнхээ сонгуулийн кампанит ажлыг баллаж орхисон туршлагаасаа ихийг сурсан байлгүй дээ, тэр. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийн тулд УИХ-ын гишүүдээс дутахгүй санаачилга гаргаж, түүнийгээ хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр гишүүдээс ду­тахгүй ярьсан О.Содбилэг өөрийгөө гишүүнээс дутахгүй хүн гэж дүг­нэдэг ч байж болох.
О.Содбилэгийн эхнэр Э.Туул баячуудын гэргий нарын хувцасны “каталоги”-ийг өөрийнхөө зургаар чимдэг болоод удаж байна. АНУ-д зугаалж яваад Парис Хилтонтой цуг ава­хуулсан зургаараа гайхуулах түү­ний аав, ээж дипломатч байсан учир тэрбээр 20-оод жил хилийн чинадад амьдарчээ. Ингэхдээ эдийн засаг, бизнесийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Гэхдээ Э.Туул чинээлэг нөхрийнхөө хөрөнгөөөр тансаглаж, үнэтэй хув­цас, үрэлгэн шоудалтаараа гай­­хуулж байгаа нь сарын 300 мян­­ган төгрөгийн цалинтай жи­рийн иргэдийн дэмжлэгийг авч, УИХ-д сонгогдохыг хүсч байгаа О.Содбилэгийн карьерт тун ч сөргөөр нөлөөлж магадгүй юм.

Ш.Отгонбилэг агсны охин О.Одмаагийн тухай мэдээлэл тэр бүр хэвлэлд гараад байдаггүй. Хилийн чинадад суралцаж байгаад ахынхаа үгэнд орж, Монголд ирсэн түүнийг “Айр Транс”-ын залгамжлагч гэж ярьдаг. Ах нь улс төрд орохоор шийдсэн учир О.Одмаа гэр бүлийнхээ бизнесийн асуудлыг бүрэн хариуцах болжээ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж