Герман, Австрали, Бразили, Либери, Литва, Финлянд, Коста-Рика, Аргентина, Киргиз гэх мэт есөн орны тэргүүн нт эмэгтэй. Эмэгтэйчүүд нийтдээ 35 орны тэргүүнээр ажиллажээ.
Харин сайд нарын 17 хувь нь эмэгтэйчүүд. Бутан, Бруней, Саудын Аравид эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхгүй.
Эмэгтэйчүүд сонгуульд санал өгөхийн төлөө маш ширүүн тэмцсэн. Хагласан цонх, шатаасан байшин, сүм, жагсаал, өлсгөлөн, амиа хөнөөх, тэсэрч дэлбэрэх оролдлого зэргээр суфражистууд (английн suffrage — сонгуулийн эрх гэсэн үгнээс) XIX зууны сүүлч ХХ зууны эхнээс сонгуулийн эрхээ авахаар тэмцэж байв. Суфражистуудын хөдөлгөөн анх Их Британид үүсч удалгүй Ирланд, Австрали, Шинэ Зеланд, Канад, АНУ-д тархжээ. Тэр үед сонгуулийн эрхийн төлөө тэмцэж байгаа эмэгтэйчүүдийг галзуу гэж үзэн, шоронд суулгаж, олны өмнө шүгэлдэн ичээж, гэртээ бүгэж суухыг зөвлөж байв. Суфражистууд анх амжилт олсон орон нь Шинэ Зеланд болж, 1893 онд эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхтэй болов. Хамгийн анх 1906 онд Финляндад эмэгтэй депутат сонгогджээ. Европ эмэгтэйчүүдийн эрхийг бүрэн зөвшөөртлөө 70 жилийн замыг туулсан юм. Бүх нийтийн санал асуулгаар хамгийн анхны ерөнхийлөгчөөр Вигдис Финнбогадоттир гэдэг эмэгтэйг 1980 онд сонгож байжээ.
Боловсрол
Дэлхийн их сургуулиудад суралцагсдын 51 хувь, Европ , Америкт 55-56 хувь байдаг. АНУ-д 2009 онд эрдмийн зэрэг хамгаалагчдын 50 хувь нь эмэгтэй хүн байлаа. Дэлхийн бичиг үсэггүй 759 сая насанд хүрэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд юм. (Эх сурвалж: НҮБ)
Коллежийн сурагч бүсгүйчүүдийн тархи нь томорч, хүндэрнэ. Тархинд цус дүүрэхэд саванд цус дутагдахад эмэгтэйчүүд үргүйдэх аюултай гэж“Боловсрол дахь хүйс” гэсэн номондоо Харвардын профессор Эдвард Кларк 1973 онд өгүүлсэн байх юм. Дээд боловсролыг эмэгтэйчүүдэд хортой, хэрэггүй зүйл гэж үзэн гэрийн сайн эзэгтэй бэлтгэх, гар урлал, дуу хөгжим, ёс журам, урлаг, бүжгээс өөр зүйлд суралцах шаардлагагүй гэж үзэж байсан нь саяхан. Европт анх XIX зууны дунд үеэс эмэгтэйчүүд коллеж, дээд сургуульд сурах болжээ. Нийгэм судлаач Элизабет Флиттнер 1915 онд л их сургуульд шалгалт өгөх боломж тохиож. Үүнийг сонссон зураач Отто Хербиг гэгч “Яасан өрөвдөлтэй вэ! Эмэгтэйчүүд сургуульд сураад ёстой бүдүүлэг мангар болдог…” хэмээн хэлж байжээ.
Өмд
Герман эмэгтэйчүүдийн 70 хувь нь өмдийг банзалнаас илүүд үздэг гэнэ. Германы эмэгтэйчүүдийн 10 хувь нь, эрэгтэйчүүдийн 1,5 хувь нь жилдээ дөрвөөс доошгүй удаа брюк худалдан авдаг. Эмэгтэйчүүдийн 33 хувь нь, эрэгтэйчүүдийн 12 хувь нь жилдээ 2-3 доошгүй удаа брюкээ шинэчилдэг ажээ. Жилдээ нэг шинэ брюктэй болсон эрэгтэй ба эмэгтэйчүүдийн хувь адилхан 33 байна. (Эх сурвалж: Spiegel сэтгүүлийн санал асуулга)
Хэрэв дорнодод шаровар өмд аль эртнээс эмэгтэйн гоёлд орсон байсан бол Европт брюуки ХХ зууны эхэн хүртэл эмэгтэйчүүдэд хориотой байв. Анх Парист тэр хоригийг цуцалсан хуулийг зөвхөн 2010 онд шинэчилжээ. Уул нь хууль 1799 онд батлагдсан ба 1892 онд морь унахдаа спортын өмдтэй байхыг л зөвшөөрсөн байв. Дараа нь 1909 онд унадаг дугуйтай эмэгтэйчүүдэд урт өмд өмсөхийг зөвшөөрсөн байлаа. ХХ зуунд викторианы Англид уурхайчин эмэгтэйчүүд өмд өмсөн том дуулиан гаргаж байлаа. Гэхдээ тэд брюк дээрээ урт банзалтай байв. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсний дараа эмэгтэйчүүд үйлдвэрт ихээр ажиллах болоод урт өмд хэрэгтэй бөгөөд шаардлагатай болсон байна.
Марлен Дитрих
1930-аад онуудад жүжигчин бүсгүйчүүд Марлен Дитрих, Кэтрин Хепберн нар брюктийн костмтай байсан нь урлагийнхан гээд “өршөөгдөж” ирэв. Брюк зөвшөөрөгдтөл бас ч үгүй хугацаа өнгөрчээ. Жараад онуудад Америкийн нэгэн банкны боловсон хүчин эмэгтэйчүүддээ брюктэй ажилдаа ирэхийг зөвшөөрснөөс дарга нар нь дургүйцэж байсан гэх. Гэвч эмэгтэйчүүд брюк өмсөхөөр шаардаж эхэлсэн учир тэр банк аргагүйн эрхэнд хориг тавьж чадсангүй. 1969 онд баатар нисгэгч Фрэнсис Таунсендын эхнэрийг брюктэй гээд “Британийн төлөөх тулаан” киноны нээлтэд оруулсангүй. ХБНГУ-ын парламентын дэд спикер Рихард Егер хэрэв эмэгтэй депутатуудыг ажилдаа брюктай ирвэл хөөн гаргана гэсэн сануулгыг 1970 онд өгч байлаа. 1970-аад оноос л брюк өмсөхийг ердийн хэрэг гэж тооцох болсон юм.
Ажил, цалин хөлс ба гэрлэлт
Дэлхийн хэмжээнд 1990-2010 онд эмэгтэйчүүдийн 52 хувь нь ажилтай байв. Харин эрэгтэйчүүдийн ажлын төвшин 81-77 хувь хүртэл унажээ.
Александра Коллонтай / Foto SA/Corbis
Швед эмэгтэйн дундаж цалин нь эрчүүдийн цалингийн 91 хувьтай тэнцэнэ. Харин Кипрт 56 хувь. Дэлхийн ямар ч оронд эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс илүү байдаггүй гэнэ. (Эх сурвалж: НҮБ)
Олон мэргэжлийг гэр бүлтэй хамтгах ёсгүй гэсэн хандлага байлаа. Швейцарид 1965 он хүртэл багш эмэгтэй нөхөрт гарч болохгүй гэсэн хуультай байжээ. ХБНГУ-д нөхөртэй эмэгтэй олон нийтийн ажил эрхэлж болохгүй гэж 1954 он хүртэл үзэж байв. Мөн ажилд орох гэсэн эмэгтэйчүүд заавал нөхрийн зөвшөөрөл авах тухай хууль 1977 он хүртэл үйлчилжээ.
Их Британийн дипломат эмэгтэйчүүд 1972 он хүртэл хүнтэй сууж болохгүй байв. Энд анх 1946 онд ажилд авсан бүсгүйчүүдийг хотын захын байранд аваачин архиар шахаж дараа нь дэлхийн улс төрөөр шалгалт авч байсан гэдэг. Эмэгтэйчүүдээс дэлхийн хамгийн анхны Элчин сайдаар Александра Коллонтай 1923 онд томилогдож байв. Тэрбээр Зөвлөлтөөс Норвегид суусан элчин сайд байлаа.
Эд хөрөнгө
Дэлхийн 100 тэргүүн баяны дунд найман эмэгтэй байна. Тэдний хөрөнгө 108,9 тэрбум ам.доллар. (Эх сурвалж: Forbes)
2009 оны статистикаар АНУ-ын хувийн компаниудын 40 хувь нь эмэгтэйчүүдийн хөрөнгө байв. (Эх сурвалж: Center for Women"s Business Research)
Люси Стоун (зураг дээр) ба Генри Блэквелл нарын 1855 оны тавдугаар сарын 1-ний хуримын талаар гурав хоногийн дараа нь The New York Times сонин нэгэн том өгүүлэл бичин нийтлүүлсэн байв. Гэхдээ энэ нь алдартнуудыг цуглуулсан том найр биш байлаа. Тэд суфражист хөдөлгөөний гишүүд байсан учир хуримаараа Гэрлэлтийн тухай Америкийн хуулийг шүүмжилсэн эсэргүүцлээ уншиж байжээ. Тэр үед эмэгтэйчүүд нөхөрт гарвал бүх хөрөнгөө нөхөртөө өгдөг байсан юм. Мөн ийм хууль ХХ зууны дунд үе хүртэл Их Британид үйлчилж байв. Суфражист эмэгтэй Люси Стоун хуримынхаа дараа бүсгүйн нэрээ хадгалж үлдсэн эмэгтэй болсон байна. Тэрээр нөхөр нь түүний эрхэнд халдахгүй гэж ам тангаргаа өгсний дараа гурав дахь гуйлтаар нь гэрлэхийг зөвшөөрчээ. Стоун нөхрөөсөө илүү цалин авч байсан юм. Тэрээр боолчлолын эсрэг лекц уншин долоо хоногт 500-1000 долларын шагнал авч байсан өнөөгийнхөөр 13-26 мянган ам доллар болж байгаа юм. Блэквелл харин өөрийн хөрөнгөө үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийгээд алдаж байжээ.
Тамхи
Хоёр жилийн өмнө 18 наснаас дээш насны Америк бүсгүйчүүдийн 17,9 хувь нь тамхи татдаг байжээ. 1950-2009 онд уушгины хорт хавдраар өөд болсон америк эмэгтэйчүүдийн тоо 600 хувиар нэмэгдсэн байлаа. (Эх сурвалж: American Cancer Society)
The New York Times сонины 1908 оны нэгдүгээр сарын 21-ний дугаар «ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОНО» гэсэн гарчигтайгаар гарсан байв. Нью-Йорк хотын захиргааны «Салливаны шийдвэрээр», хотын буудал, зоогийн газрын эзэд эмэгтэйчүүдэд байранд нь тамхи татвал хариуцлага хүлээхээр болсон байлаа. Шийдвэр гарсны маргааш нь цагдаа нар гудамжинд тамхи татсан Кэти Малкахи гэсэн эмэгтэй барьсан байв. Тэрбээр таван долларын торгууль төлөхөөс татгалзсан учир ийнхүү баригджээ. Удалгүй олон нийтийн эсэргүүцэл гарч энэ шийдвэрийг цуцалсан юм. Ингээд янжуур нь бие даасан эмэгтэйг илэрхийлэх болон тамхины компаниудын реклам болсон юм. Атлантын далай дээгүүр анхлан ниссэн эмэгтэй Амелия Эрхарт Lucky Strike тамхины рекламыг хийдэг байв.
Олимпийн тоглолт
2008 оны олимпийн тоглолтоор спортын 26 төрлийн тэмцээнд оролцсон тамирчдын 43 хувь нь эмэгтэйчүүд байлаа. (Эх сурвалж: ОУОХ)
Эртний грекийн олимпийн тоглолтод зөвхөн эрчүүд л тэмцэлддэг байв. Анхны орчин үеийн олимпийн 1896 оны наадмаар тоглолтыг санаачлагч барон Пьер де Кубертен эмэгтэйчүүд тоглолтод оролцох нь “сонирхолгүй, гоо сайхангүй, завхай харагдана” гэж үзэж байв. Гэвч 1900 оны Парисийн наадмын 997 тамирчны 17 нь эмэгтэйчүүд болсон байлаа. 1960-аад оны төгсгөл хүртэл зуны тоглолтод эмэгтэйчүүдийн 6-7 төрөл өвлийн тоглолтод 2-3 төрөл л ордог байжээ. Зөвхөн морин спортоор л эрэгтэй, эмэгтэйчүүд зэрэг өрсөлдөж болдог.