Б.Лхагважав: Би нэр алдрын төлөө МАН-д элсээгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Б.Лхагважав: Би нэр алдрын төлөө МАН-д элсээгүй

“Үндэсний соёмбо” хөдөлгөөний  тэргүүн Б.Лхагважав МАН-д гишүүнээр элсч, мөн Ерөнхий сайд С.Батболдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллах болж буй юм. Энэ үед нь түүнтэй уулзаж ярилцлаа.

-Олон улс төрийн хүчин таныг намдаа элсүүлэх санал тавьсан ч та МАН-ыг сонгож. Үндэслэл, шалтгаан нь юу байсан юм бол?

-Улс төрийн олон намууд намайг гишүүнээр элсэх маш олон санал тавьснаас хамгийн энгийн бөгөөд бага гэж хэлж болох саналыг С.Батболд дарга тавьсан.  Маш энгийн санал тавьсан учраас би сонголтоо хийсэн. Гэхдээ надад санал тавьж байсан  улс төрийн намын дарга нартаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Тодорхой албан тушаал амлаж байсан ч сонголтыг би өөрөө л хийнэ шүү дээ.

-Энгийн санал тавьсан гэдэг нь яг юу юм бэ?

-Монгол Улс эдийн засгийн хөгжлийн гараанд ирлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын нэгдсэн төсөв мэдэгдэхүйц өслөө. Цаашид эдийн засгаа хүчирхэг байлгаж, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 50-д  багтаахын тулд хувь нэмрээ оруулж зөвлөхөөр ажиллаач гэсэн санал тавьсан юм.  Тийм учраас би энэ саналаас нь татгалзаагүй. Ямар ч байсан Монгол Улсад үүлэн чөлөөний нар гарч, эдийн засгийн асар их нөхцөл бололцоо ирж байгаа энэ үеийг ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахад ашиглахын тулд  том чиргүүлийг хамтдаа чирье гэж бодож сонголт хийсэн гэж ойлгож болно.

-Зөвлөх болох саналыг танд МАН-ын даргын хувиар уу, Ерөнхий сайдын хувиар тавьсан юм уу?

-Засгийн газар талаасаа Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллах санал тавьсан.

-Таны сонголтыг хүндэтгэж байна. Гэхдээ хөдөлгөөнийхөнтэй хамт зүтгэж байсан хүн яагаад заавал МАН-ыг сонгож гишүүнээр элсчих вэ. Магадгүй таныг аль нэг эвсэл холбоонд элссэн бол олон нийт илүү хүндэтгэлтэй хандах байсан байж мэднэ. Зөвхөн эдийн засгийн зөвлөх гэсэн албан тушаалаар ч биш, бүр ирэх оны сонгуульд МАН-аас нэр дэвшихийн тулд та энэ сонголтыг хийжээ гэж дүгнэвэл болох уу. Алдар нэр нь илүү танд ашигтай байсан ч юм билүү?

-Нэр алдрын төлөө би энэ намд элсээгүй. Надад  санал тавьж байсан бусад улс төрийн намын дарга нар  бол албан тушаал амлаж байсан. Ардчилсан нам, Үндэсний шинэ нам, МНН, ИЗН-ын дарга нар бүгд албан тушаалтай намын гишүүний болзлыг сүүлийн дөрвөн жилд тавьж ирсэн. Би хэлсэн шүү дээ, МАН-ын дарга надад  ямар нэгэн албан тушаалгүй санал тавьсан гэж…

-Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх гэдэг албан тушаал биш юм уу?

-Зөвхөн зөвлөхөөр ажиллаач гэсэн. Энэ бол миний хувьд маш энгийн санал. Хоёр дахь том хөшүүрэг нь сүүлийн 20 жилийн хугацаанд МАН долоо дахь үеэ гаргаж ирсэн байна. Б.Даш-Ендон гуайгаас эхлээд долоо дахь үеийн баг ажиллаж байна одоо. Аливаа өөрчлөлт шинэ зүйлийг авчирдаг. Өөрчлөгдөж байгаа талаас  нь МАН-ыг шинэчлэгдэж байна гэж харж байгаа. Мөн би МАН-д гишүүнээр элслээ гээд иргэний маань асуудал зогсохгүй. Улс төрийн сонголт хийж байгаа хэрэг шүү дээ.

-Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхийн ажил юунаас эхлэх вэ. Хамгийн тулгамдсан асуудал юу байна гэж та хувьдаа харж байна?

-Ойрын үед хийх ажлын маань гол зорилго бол татвартай холбогдоно. Монгол Улсад өнгөрсөн жил НӨАТ 194 хувиар биелэсэн байдаг. Гэтэл энэ их өсөлт хэнд очиж байна вэ гэхээр том компаниудынх болдог.  Сүүлийн хоёр жилийн хугацаанд том компаниудын орлого 2-3 дахин нэмэгдсэн бол жижиг компаниудын орлого хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа. Тийм учраас УИХ-аас 2008 онд батлан гаргаж зургаахан сарын хугацаатай хэрэгжсэн Татварын өршөөлийн хуулийг дахин боловсруулж, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн,  нягтлах бодохын, татварын дарамтнаас арилгах нь миний гол зорилго юм даа. Яагаад гэвэл Татварын өршөөлийн хуулийг УИХ-аас батлахад нийт компаниудын хоёрхон хувь нь ашигласан. Үлдсэн 98 хувь буюу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид энэ боломжийг ашиглаж чадаагүй.  Үүнээс болж өнөөдрийн энэ их эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэж чадахгүй байна. Тийм учраас эдгээр жижиг аж ахуйн нэгжүүдийн ашиг орлогыг өсгөхийн тулд шийдвэр гаргагч нарын хүч хэрэгтэй . Энэ агуулгаар би хувьдаа шийдвэр гаргагч нарын багт ажиллах сонголт хийсэн хэрэг.

-Тэгвэл та МАН-ын 2008 оны сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхээр хийж буй алхмуудыг хэр оновчтой алхам гэж дүгнэж байгаа вэ. Том том амлалт өгч байхад нь та эсэргүүцээд явж байсан хүний нэг?

-УИХ-ын 2008 оны сонгуульд хоёр нам маш том амлалт өгсөн. Түүнийг нь  эсэргүүцэж бие дааж сонгуульд орж байсан хүний нэг нь би. Гэхдээ хөрөнгө оруулалтаас баялаг бий болдог. Баялгаас баялаг өсдөг гэдгийг харсан монгол хүн байхгүй.  Гэтэл жил ирэх тусам эдийн засаг өсч байна. 2012 оноос улс төрийн намууд бэлэн мөнгө амлахгүй гэж гарын үсэг зурсан. Тэгэхээр энэ сонгуулийн хувьд нэгэнт амлачихсанаа өгдөгөөрөө өгөөд дуусгая. Харин дараагийн сонгуульд бүх мөнгөө бүтээн байгуулалтад өгье гэсэн асуудал тавьсан нь миний үзэл бодолтой нийцэж байгаа юм. Мэдээж энэ намд ардчиллын үнэт зүйл бүгд бий. Би хувьдаа өнөөдөр улс төрийн эрх мэдлээ ашиглаж  иргэнийхээ эрхийг эдэлж байгаа юм шүү гэдгийг ойлгох нь зүй болов уу.

– Аливаа сонголт хоёр талтай. Нэг талдаа асар их эрсдэл дагуулах нь ч бий.  Таны сонголт аль нь бол?

-Хувь хүн болон иргэний байр сууринаас харахад эрсдэл нь өнөөдрөөс эхэлчихсэн байна. Гэхдээ нэгэнт багийн тоглолтод орж байгаа учраас амжилтад хүрэхийн төлөө зүтгэнэ. Тийм болохоор хүссэн хүсээгүй энэ багийн хөгжих дэвжихтэй би холбоотой л болж байгаа юм. Нэг зүйл хэлэхэд МАН өнөөдөр улс төрийн рейтингийн хувьд хамгийн доогуур байгаа. Энэ үед нь би МАН-д гишүүнээр элсч байгаа юм шүү.  Гэхдээ Монгол Улсын сүүлийн 100 жилийн 90 жил нь энэ намтай холбоотой учраас тусгаар тогтнолыг  нуруундаа үүрч байсан намд орж байгаадаа баяртай байна.

-МАН-ыг улс төрийн бүлэглэл гэж сүүлийн үед нийгэм харах болсон. Та намд элсчихэв үү. Бүлэглэлд орчихов уу?

-МАХН байж байгаад МАН болсон гэхээр ард түмний төлөө зүтгэнэ гэж ойлгож байгаа. Тиймээс би ардыг төлөөлж орж байна гэж ойлгож байгаа. Харин дотор нь ямар байгаа гэдгийг орж үзэж байгаад мэднэ. Өнөөдөр өглөө надад нэг мэдрэмж төрсөн. Би харзны усанд ордог юм. Харзны ус их айхтар мэдрэмж өгдөг. Харин намд элсэх болсон сэтгэгдэл маань түүнээс илүү хэцүү юм шиг санагдсан шүү.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж