Битгий мөрөөд, улстөрчид өө

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Битгий мөрөөд, улстөрчид өө

Сонгуулийн тухай хууль дуншиж, засаг барьсан хоёр нам талцаж нэг хэсэгтээ л муур хулгана болж наадав. Энэ их давалгаа, шуугианы хажуугаар Батж.Батбаяр, З.Энхболд тэргүүтэй нөхөд сонгуулийн сурталчилгааны мөнгөө төсвөөс гаргуулчих мэргэн санаа дэвшүүлээд амжилт олсонгүй. Үүнийг нь хуульд суугаагүй юм чинь гээд олон нийт ч нэг их тоосонгүй.

Гэхдээ тоолгүй өнгөрөх тусам эрхэм нөхөд яаж ийгээд түмний мөнгөөс хумслах аргаа эвтэйхэн шургуулчихдаг зантай гэдгийг мартаж болохгүй.

Яагаав нөгөө халаасны мөнгийг л гэхэд “Цаадуул чинь тус бүртээ 10 сая төгрөг халааслах гэж байна шүү” гээд Л.Гүндалай ганцаараа хашгираад байхад хэн ч тоогоогүй. Тэгээд халаасалчихсаных нь дараа 250 сая болоход нь хэвлэлийнхэн хоточ нохойн үүргээ гүйцэтгэсэн болж улс төрийн нүүрээ хоосон гаргаж бойкотлох гэж оролдож байв.

Мэдээж галт тэрэг хэдийнэ хөдөлсөн гэдэг шиг нэгэнт төсвөөс халааслаад эхэлсэн гишүүд танай манайгаараа нийлж аваад тэрбум болгон өсгөөд жил бүр халаасалдаг болж. Одоо үүнийг хэн ч тоохоо больж. 76 ч “чи, би” гэлгүй хөөрхөн нэр бодож олоод хуваагаад л цохидог болсон.

Яг үүн шиг намын сонгуулийн сурталчилгааны мөнгийг төсвөөс авдаг болмоор байна гэсэн үгийг Батж.Батбаяр тогшсон маягаар хэд хэдэн телевизээр хэлж, янз байдлыг нь түншээд авна билээ. Үүний цаана дааж давшгүй төсвийн төөрөгдөл гарах аюул нүүрлэх гээд байгаа юм. Нэг удаагийн сонгуулийн сурталчилгааны мөнгөө Дулмаа эмгэний талхнаас авсан татварын мөнгөнөөс аваад эхлэх юм бол үеийн үед, үрийн үрд өнөөх мөнгө хэдэн арав, хэдэн зуун тэрбумаар тоологдон нам руу, нэр дэвшигчид рүү, бүр ойртуулбал өнөөгийн 76 авлигач руу урсаад эхэлнэ гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.

Мэдээж манай улстөрчид “Ерөөсөө баруунд, тухайлбал Германд төсвөөс намуудын сурталчилгааны мөнгийг гаргадаг” гэж ирээд л өнгөлөн далдлах, өөрсдийгөө зөвтгөх өч төчнөөн арга олж л таараа.

Харин сонгуулийн сурталчилгааны мөнгийг төсвөөс гаргаад эхэлбэл улстөрчдийн нуруу биш улс түмний нуруу улам бүр бөхийж, дааж давшгүй өрөнд дарагдан, хэдэн жилийн турш ярьж байгаа мөнгөний бодлого эцэстээ хүртэл дампуурах болно. 2008 оны сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Оюутолгойгоо барьцаалан хүүтэй мөнгө зээлэхэд хүрч байсан төр, сонгуулийн сурталчилгааныхаа мөнгийг гаргаж авахын тулд өөр юугаа барьцаанд тавин зээл авч өр хийхээр хаашаа ч хандаж мэдэх юм.

Хамгийн ойрын 2008 оны сонгуулиар л гэхэд Ардчилсан нам, Ардын нам хоёр нэр дэвшигчдээсээ тус бүр 20 сая төгрөг хурааж байлаа. Нэг намаас дор хаяж 100 хүний 20 саяар бодоход хоёр тэрбум төгрөг. Үүний дээр албан тушаал горилогчдын хийгээд үйл ажиллагаагаа далд дэмжүүлдэг аж ахуйн нэгжүүдийн хандив гэж зах замбараагаа алдсан мөнгөний урсгал цутгадаг. Тэгээд ч он цаг өнгөрөх бүр сонгуулийн сурталчилгааны өртөг нэмэгдэж, тогтворгүй улстөржилт замбараагаа алдаж байгаа.

2012 онд гэхэд Ардчилсан нам нэр дэвшигчээсээ 50 саяын босго тогтоон авахаар зарлаад байгаа. Энэ мэтээр нэр дэвшигчдийн босго мөнгө нь 60 хувиар нэмэгдлээ гээд л харахад өсөлт нь яаж явах нь ч тодорхой. Иймээс тэвчээргйүгээр нь Батж.Батбаяр, З.Энх­болдоор сал­хи хагалуулан хэлүүлчихээд араас нь ажиж суугаа улстөрчдөд “Битгий мөрөөд” гэж хэлэх байна. Эхлээд энэ Монгол орноо тэр жишээ аваад байгаа Германыхаа дайтай хөгжүүлчих. Харин дараа нь том дуугарч төсөв рүү дайрах хэрэгтэй гэдгийг нөхөрсгөөр зөвлөчихье.

М.Мөнхчимэг

Зохиогчийн эрх: "Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж