
хэлэлцэв. Энэ бол тэдний л хууль. Сонгогчийн эрх ашиг тэдэнд юу ч биш
байдаг. Энэ удаа тэд хуулиа хэлэлцэхдээ өөрсдөдөө өчүүхэн ч хир
халдаагаагүй хэр нь сонгуулийн ажилтан нэртэй төрийн албан хаагчдадаа
болон сэтгүүлчдэд яаж хариуцлага тооцохоо “шүд зуун” ярилцаж байна.
Ёстой л “бөөсөнд хутга гаргав” гэгчээр 300 мянган төгрөгийн цалинтай сонгуулийн ажилтанг 2-3 дахин буюу 600-900 мянган төгрөгөөр
торгохоор болж. Сонгуулийн ажилтан гэдэг нь ихэвчлэн төрийн албан
хаагчид байдаг. Бас нэг “хөөрхөн” заалт байна. Буруутай нэр дэвшигчийг
сарын цалингийн доод хэмжээг 3-5 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний
мөнгөөр торгох гэнэ. Мөнгө ч яах вэ, халаасандаа хийгээд дансандаа
багтааж ядсан нь нэр дэвшиж байгаа хойно тэгтлээ харамсахгүй биз.
Харин ямар нэр дэвшигчийг “буруутай” гэсэн тодотголд хамруулах юм бол.
Ер нь сонгуулийн үед “буруугүй” нэр дэвшигч байдаг бил үү хэмээн
адармаар санагдана. Бүгд л нэгнийгээ гүтгэж, бүгдээрээ луйварчин,
дээрэмчин болчихдог. Хамгийн гол нь худал мэдээлэл цацсан хэвлэл
мэдээллийн хэрэгсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70
дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний торгууль хүлээлгэхээр Сонгуулийн тухай
хуулийн төсөлд тусгалаа.
Харин худал мэдээлэл цацуулдаг этгээдийг нь яах юм бол. Сэтгүүлчид
“Баримт нь хаана байна вэ” гэж асуугаад байхад хэдэн халтар төгрөгөө
барин чичирсээр өрсөлдөгчөө хэдэн үеэр нь, үндэс угсаагаар нь
доромжилдог улстөрчдийн араншинг мэдэхгүй биш дээ. Тиймээс найзууд аа,
торгуульд унавал улстөрчидтэйгээ хамт унана шүү. Бидний ёс зүйг, үзэл
бодлыг сонины маань талбайтай, телевизийн эфиртэй маань тэр чигт нь
худалдаад авчихдаг улстөрчидтэй нэгийгээ үзэх хэрэгтэй.
Тэдний батлах гэж байгаа Сонгуулийн тухай хуульд “төлбөртэй нийтлэл,
нэвтрүүлэг” гэсэн үгс явж л байна. Яагаад бид тэдэнд үйлчилснийхээ төлөө
торгуулах ёстой юм бэ. Эсвэл “Та нар торгуулна, торгуулийг чинь бид
төлж байна” гэсэн үг юм уу, бүү мэд. Үүнтэй зэрэгцээд нэгэн цагт
бидэнтэй үзэг нэгтэй байсан ч он цагийн эрхээр дэвшээд Монголын №1 хүн
болсон Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль
биднийг “уяраав”. Гэвч Ерөнхийлөгчийн сонгууль хоёр жилийн дараа болно.
Тэр үед сэтгүүлчид рүүгээ бас л “хутга” барин дайрах байх даа гэхээс
итгэл үнэмшил төрж өгөхгүй юм. Товчхондоо энэ хоёр төсөл тэнгэр газар
шиг ялгаатай.
Засгийн газар буюу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Сонгуулийн тухай
хуулийн төслийг өргөн барьсан. Сонгуулийн тухай хуулийн төсөлд хэвлэл
мэдээллийн байгууллагыг “онцгой өндөр хэмжээгээр” торгох тухай “цохиж”
яваа нь хачирхалтай. Нэртэйгээр нь юун төлөө ХЗДХЯ-наас боловсруулсан
билээ дээ, “Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан буулгана” гэсэн
бол зорилгодоо нийцэх байсан юм шиг ээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэл мэдээллийн тухай хуулийн төсөлд
“Хэвлэл мэдээллээр үзэл бодлоо илэрхийлсэнтэй нь холбогдуулан иргэнийг
ямар нэг хэлбэрээр “дарамталсан” бол 300 мянгаас нэг сая төгрөг хүртэл
торгууль ногдуулна” гэжээ. Бүр тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын
үйл ажиллагааг зогсоосон ч ийм л хэмжээний торгууль төлөх юм байна.
Өнөөх цензурь тавих, мэдээлэл түгээхэд саад учруулах зэрэг бүх зөрчил
үүнд багтаж байгаа.
Хариуд нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд “Худал мэдээлэл
цацсан хэвлэл мэдээллийн байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг
35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гээд УИХ-ын
чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар цалин хөлсний доод
хэмжээг 144 мянган төгрөгөөр тогтоочихоод байгаа. Үүнийг 35-70 дахин
нэмэгдүүлж торгоно гэхээр 5-10 сая төгрөгөөр торгоно гэсэн үг.
Тэгэхээр хэвлэлийнхнийг дарамталсан этгээдийг ганцхан саяар, харин
дарамтлагчийн захиалгаар төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн
хэвлэл мэдээллийн хэрэгслийг ганцхан саяар торгоно гэж ойлгож болохоор
байна.
Ямар ч тохиолдолд улстөрч буруудахааргүй, бас хохирохооргүй байгаа биз.
Тэгэхээр найзууд аа, бид ажлаа хийдгээрээ хийнэ. Харин төлбөрт унавал
улстөрчидтэйгээ хамт л унацгаая. Гэхдээ өөрсдийнх нь баталсан хуулийн
дагуу өрсөлдөгчөө худал гүтгэснийх нь торгуульд төлөх 10 сая төгрөгийг
улстөрчдөөс нэмж авахаа мартав аа.
"Улс төрийн тойм" сонин
