Роботын үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Роботын үзэсгэлэн нээгдлээ

Өчигдөр Японы “Биг сайт” цогцолборт аж үйлдвэрийн бүх төрлийн автомат машин, хүнд хэцүү ажлыг гүйцэтгэх зориулалттай гурван хэмжээст хараатай кибер гуманиодууд, өндөр настнууд болон өвчтнүүдийг асардаг роботуудын олон улсын томоохон үзэсгэлэн нээгдлээ. Түүнд 270 гаруй компани оролцож байна.

2008 оны санхүүгийн хямралын дараа дэлхийн роботын үйлдвэрлэл эрс унажээ. Гэхдээ Хятад зэрэг хөгжиж буй улс орнуудад эрэлт эрс нэмэгдэж байгаа учраас одоо эргээд өсч байна. 2010 онд роботын үйлдвэрлэл өмнөх жилийнхтэй нь харьцуулахад 93 орчим хувиар өссөн бол зах зээл дээрх борлуулалтын хэмжээ нь долоон тэрбум ам.доллараас давжээ.

“Биг сайт” цогцолборт нээгдсэн үзэсгэлэнд орчин үеийн аж үйлдвэрийн роботууд голчлон тавигдсан байна. Эдгээр роботууд голцуу хүнд хүчир ажлуудыг гүйцэтгэх юм. Тухайлбал, янз бүрийн бүтээгдэхүүнийг ангилах, шийдвэр гаргах чадвар шаарддаг ажиллагааг гүйцэтгэх чадвартай роботууд тавигджээ. Түүнээс гадна хийх ажлаа өөр хоорондоо жигд хуваарилж аван хэсэг бүлгээрээ ажилладаг роботын бригадыг танилцуулсан байна.

Үзэсгэлэнгийн өөр нэгэн танхимд өндөр настнууд болон өвчтнүүдийг асардаг төхөөрөмжүүдийг дэлгэн тавьжээ. Ийм роботууд өвчтнүүдэд эм, хоол өгөөд зогсохгүй орон дээр хэвтэж байгаа байрлалыг нь өөрчлөх, босгох бас өрөөн дотуур явахад нь тусалдаг гэнэ.

Д.Жаргал

“Монцамэ” агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж