“Архигүй Монголын төлөө хамтдаа” аян Завхан аймагт

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

“Архигүй Монголын төлөө хамтдаа” аян Завхан аймагт

Эрт дээр үеэсээ монголчууд малынхаа сүү шимээс гаргасан шимийн архийг хэрэглэж иржээ. Гэхдээ тэр нь бага градустай, манайх шиг цаг уурын эрс тэс уур амьсгалтай оронд хүмүүсийн бие махбодод таарсан, тухайн үеийн хүмүүс нь ч тааруулж тохируулж иржээ. Харин 1920-иод онд “Монополь” гэдэг нэртэй өндөр градустай хатуу архи монголд орж ирснээр өнөөдрийн “хар ус”-ны түүх эхэлжээ. Тухайн үедээ энэ архи 3 төгрөгөөр зарагдаад хүмүүс авахгүй болохоор нь 1 төгрөг болгож бууруулж байсан түүх байдаг.

Шилжилтийн үеэс хүчээ авсан архи пивоны үйлдвэрүүдийг дагасан архидалт манай үндэсний хэв маяг ч юм шиг, ёс заншлын нэг хэсэг ч юм шиг болчихсон энэ архины эсрэг Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн нь хүртэл тэмцэж эхэллээ.

Ерөнхийлөгчийн санаачлагаар аливаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээг архигүй тэмдэглэх уриалгыг гаргасан. Энэхүү арга хэмжээг ажил хэрэг болгох үүднээс өнгөрсөн оны 1-р сараас төрийн бүх ёслол хүндэтгэлийг архи биш сүү өргөж тэмдэглэж байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачласан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриатай нэг сарын аяныг улс даяар өрнүүлж Завхан аймагт хүрэлцэн ирлээ.

Нэг удаагийн уултаар хүний тархины 8-20 сая эс дахин сэргэхгүй устдаг учраас архи уусан хүмүүсийг “тал тархи”-тай хүмүүс гэж ойлгож болох юм. Мөн нас баралт, халдварт бус өвчний 20-30 хувь нь архидалтаас үүдэлтэй гэж үздэг. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас архи уудаг хүмүүсийг өвчтөй хүн гэж ойлгож болно хэмээн тодорхойлжээ. Архидалт үүсгэдэг хүчин зүйлийн талаар иргэдийн дунд судалгаа явуулахад оролцогсодын 64.2 хувь нь ажилгүйдлээс үүдэлтэй гэж хариулжээ. Улсын хэмжээнд спирт үйлдвэрлэх үйлдвэр 15, архи үйлдвэрлэх 92, шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтөй 23 үйлдвэр байдаг. Энэ байдлаас үүдэж Монгол улсын насанд хүрсэн хүмүүсийн 51.2 хувь нь архинаас ямар нэгэн хамааралтай байдаг бол эрэгтэйчүүдийн 22 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь архинд донтох эмгэгтэй гэсэн статистик үзүүлэлт байдаг аж.

Иймд Ерөнхийлөгчийн санаачлагаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд хэд хэдэн зарчмын шинжтэй нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө УИХ-д өргөн барихаар болжээ. Өөрийн байгууллагадаа 3-5 жил ажилласан архи уудаг этгээд буюу “архинд донтогч”-ийг архинаас гаргах эмчилгээний зардлыг тухайн байгууллага нь гаргадаг байх, согтууруулах ундааг зөвхөн дагнасан цэгээр худалдаалах бөгөөд ямар нэгэн 8 нэрийн дэлгүүр хоршоогоор худалдан борлуулахгүй байх зэрэг заалтуудыг оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн нэр алдартай, нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзлэдэг төрөөс ямар нэгэн гавьяа шагнал авсан хүн архи согтууруулах ундааг сурталчилах, түүнтэй холбоотой сурталчилгаанд ямар нэгэн байдлаар оролцсон тохиолдолд хариуцлага тооцдог байх юм. Ингэж хуулийн заалтанд өөрчлөлт оруулснаар архидалтыг багасгахад багагүй нөлөөлнө гэж үзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж