Өмнөговийн төсөвт хэт анхаарч байгааг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Өмнөговийн төсөвт хэт анхаарч байгааг шүүмжлэв

УИХ-ын
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар
Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг
хийв.

 Энэ үеэр  УИХ-ын гишүүн З.Энхболд “2012 оны нэгдсэн төсөвт
үр ашиг багатай хэрнээ хөрөнгө ихээр шаардсан зардал нэлээд туссан”
хэмээн Өвөрхангай аймгаар жишээ татав. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ч
“Өмнөговь аймагт хэтэрхий их мөнгө төсөвлөж байна. Өмнөговийн үдэшлэг
болж байгаа юм шиг” гэж хэлэх гишүүн олон байсан. З.Энхболд үүнтэй санал
нэг байгаа гишүүдийн нэг юм. Тэрбээр Өмнөговь аймгаар тогтохгүй бусад
аймгуудад ч шинэ контор барих зэрэг үр ашиггүй зардлуудыг төсөвт
тусгасныг сануулж, хөрөнгө оруулалтыг олон тулгуурт эдийн засгийг
хөгжүүлэх салбар руу чиглүүлэхийг хүссэн. Байнгын хорооны гишүүд ч
сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг оруулахгүйгээр зөвхөн төрийн
албаны конторын барилга барихад 150 тэрбум төгрөг тусгасан нь Засгийн
газрын хувьд ирэх оны төсөвт хэтэрхий үрэлгэн хандсаны илрэл гэж үзсэн
юм. Ямартай ч үүнээс үзвэл ирэх оны төсвийн төслөөс зарим хөрөнгө
оруулалтыг хасах бололтой. Энэ нь “Төсвийн зарлага их байна” гэж
шүүмжилж байгаа эдийн засагчид, олон улсын байгууллагынхны талархлыг
хүлээх нь дамжиггүй.

Түүнчлэн байнгын хорооны хурлын үеэр зарим
хөрөнгө оруулалттай холбогдох саналыг дэмжсэн юм. Тухайлбал, УИХ-ын
гишүүн Х.Жекей Батлан хамгаалахын их сургуулийн оюутны дотуур байр
барихад зориулан нэг тэрбум төгрөг тусгах хүсэлтэй байгааг дэмжив. Мөн
Гадаад харилцааны сайдын төсвийн багцад гадаад орчны судалгаа,
шинжилгээний ажилд зориулан 250 сая төгрөг, Цөмийн энергийн газрын
хөрөнгө оруулалтын төсвийг дөрвөн их наяд 650 сая төгрөгөөр нэмье гэсэн
санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжлээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж