Шанхайн байгууллагад хэн элсэх вэ

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Шанхайн байгууллагад хэн элсэх вэ

Хөгшин Европын хамтын нийгэм­лэг санхүүгийн хямралд цочрон, тэнц­­вэ­рээ олох гэж ядаж байх зуур бөмбөрцгийн арай Дорно зүгт улам бүр хүчээ авч байгаа зарим нэгдлүүд тэднээс илүү амжилттай явж байгаа бололтой. Байгуулагдаад арван жил болж буй тэмдэглэлт баярынхаа өнгөн дээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) гишүүн орны удирдлагууд ээлжит уулзал­таа Оросын эртний нийслэл Санкт-Петербург хот­ноо энэ долоо хоногийн эхээр хийх үеэрээ ийм дүгнэлт хийсэн төдийгүй цаашдаа ч энэ байгууллагын ирээдүй тун өөдрөг харагдаж байгааг сэтгэл хангалуун тэмдэглэцгээжээ.


Нэг талаас ажил хэргийн боловч нөгөө талаараа Шан­хайн хамтын ажил­ла­гааны байгуул­лагын ойн баярын ар­га хэмжээ хэмээн мэдэгдэж зохион байгуулсан энэ уулзалтад ОХУ-ын дараагийн ерөнхийлөгч бо­лох нь тодорхой болсон хэмээн шуугицгааж байгаа тус улсын одоогийн Засгийн газ­­рын тэргүүн В.Путин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао нарын томоохон шийдвэр гар­гагч нар хүрэлцэн очсоны дээр тус бай­гуул­лагын гишүүн орнууд болох Казахстан,Киргиз,Тажикстан,Узбекистанийн засгийн газрын удирдлагууд ч мөн иржээ.

Энэ уулзалтын товыг зар­лаж байх үедээ ШХАБ-ын гол тулгуурын нэг ОХУ-ын удирдлага ирэх зочдын тухайд төлөвлөж байснаас нь олон төлөөлөл ирсэнд мэдээж сэт­гэл ханга­луун байжээ. Гишүүн орнуудаас гадна идэвхтэй ажиглагч орнууд болох Монгол, Энэтхэг, Пакистан, Иран болон энэ ондоо багтаж тус байгууллагын үйл ажиллагаанд албан статустайгаар оролцох хүсэлт тавиад байгаа Афганис­таны албан төлөөлөгчид ч мөн Петер­бургт очсон байна.

ШХАБ-ын орнуудын энэ удаа­гийн уулзалт нь тэмдэглэлт ойн уул­залт гэхээсээ гадна авч хэлэлцсэн асуудлаараа ч бас туйлын онцлог, чухал ач холбогдолтой уулзалт бол­сон гэж ажиглагчид үзэж бай­на. Тухайлбал ШХАБ-ын гишүү­нээр элсүүлэх асуудал болон шалгуур “босго” тавих асуудлыг хэлэлцсэн нь энэ уулзалтын ач холбогд­лыг бага­гүй өргөж өгсөн гэхэд болно. Тэгээд ч энэ асуудлыг тодорхой бол­гох цаг нь ирсэн гэж ШХАБ-ын ги­шүүн орны удирдагч нар удаа дараа авч хэлэлцсэн гэнэ. Энэ удаагийн уулзалтын үеэр ШХАБ-ын гишүүн зургаан орны засгийн газрын тэргүүн нарыг оролцуулсан болон бусад орол­цогч­дыг хамруулсан ялгаатай хэлбэрээр зохион байгуулсан хоёр ч зөвлөгөөн болсон байна.

Цаг нь болсон гэдгийн хувьд үнэхээр ч ШХАБ сүүлийн жилүүдэд зөвхөн Төв Азийн бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн геополитикийн бодлогод бие даасан төлөөллийн хэмжээнд очихоор зангарагтай болсноос үүдэж тус байгууллагад гишүүнээр элсэх болон үйл ажиллагаанд нь ямар нэг хэмжээгээр оролцохыг хүссэн олон орноос санал гаргах болсонтой холбоотой юм. Шан­хайн байгууллагад гишүүнээр эл­сэ­хээр өргөдөл гаргагчдын эхний эгнээнд одоогоор ажиг­­лаг­чийн статус бүхий Иран,Монгол,Пакистан зэрэг улсууд багтаж байгаа хэмээн Оросын мэдээллийн сувгууд дурдаж байгаа юм.

Гэхдээ эдгээр орнууд ШХАБ-ын гишүүн улс болох асуудлыг улс бүрээр нь авч үзэх шаардлага бас бий. Тухайлбал манай орны хувьд ШХАБ-ын ажиглагч орны статусыг анхлан “эзэмшиж” энэ хүрээндээ идэв­хитэй орол­цож ирсэн боловч эвсэлд үл нэгдэх бодлого барьд­гийн хувьд оросын хэвлэл мэдээллийнхний гаргаж байгаа шиг “гишүүнээр элсэх өргөдөл гаргасан” байх магадлал бага мэт. (Энэ талаар Монголын талын албаны төлөөлөлөгчөөс хожим тодруулна.сурв) Тиймээс Монголын тухай ийнхүү мэдээ­лэгдэж байгаа нь Оросын зүгээс ШХАБ-д гишүүнээр элсэх асуудлаар манайд шахалт үзүүлсээр ирсэн түү­хийн ул мөрөөс ч улбаатай байж болох юм.

Дашрамд дурдахад, ШХАБ-д гишүүнээр элсэх асууд­лыг зохицуулах дүрэм журам нь албан байдлаар одоо л саналын хэмжээнд боловсруулагдаж байгаа боловч зарим эх сурвал­­жийн мэдээллээс харахад хоёр гол зүйлийг шалгуур бол­­­гож байгаа бололтой. Эх­ний шаардлага нь ШХАБ-ын гишүүн орон нь өөр бусад улс оронтой зэвсэгт мөргөлдөөнд ороогүй байх шаардлага байгаа юм. Удаах шаардлага нь элсэх өргөдөл гаргасан улс орон нь НҮБ-ын зүгээс ямар нэг хориг арга хэмжээ авагдаагүй байх ёстой гэсэн шалгуур тавьж эхлэх бололтой байна.
Энэ өнцгөөс харвал өөр нэг горилогчийн тухайд ШХАБ-ын гишүү­нээр элсэх асуудал нь тус улсын өө­рийх нь хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар сонир­­хол нь хангагдахгүйд хүрч байгаа бололтой. Энэ бол Ираны гаргасан өргөдлийг буцаахад хүрч байгаа тухай асуудал билээ. Хэдийгээр Иран улс ШХАБ-д гишүүнээр элсэх саналаа тууштай тавьж байгаа боловч НҮБ тус улсад хориг арга хэмжээ авсан байгаа тул хүсэлтдээ нааштай хариу авах боломж бараг л байхгүй болж байна.

Үүний зэрэгцээ ШХАБ-ын ажиг­лаг­­чийн статустай болох саналыг Афганистанас гаргаж байгаа бөгөөд тус улс дахь АНУ-ын цэргийн үйл ажиллагаа зогссоны дараа бүс нутгийн аюулгүй байдлын эмзэг цэг болсон энэ оронд энхтайван тогтоох туйлын эрсдэлтэй боловч нэр хүнд,нөлөөллөө өс­гөх том боломжийг ШХАБ-ын гол орнууд үүрэх магадлал байгаа юм. Ялангуяа ОХУ-ын зүгээс Афганистаны асуудалд чухал үүрэг гүйцэтгэх сонирх­лоо эртнээс илэрхийлж ирсэн билээ.

Үүний зэрэгцээ ШХАБ-ын үйл ажиллагаанд яриа хэлэлцээний түн­шийн статус­тай­гаар оролцох хүсэлтээ Турк болон АНУ-ын зүгээс илэр­хийл­сэн байна. Туркийн хувьд газарзүйн байрлал болон тус улсын зүгээс бүс нутгийн онц­лог байдалдаа тохируулан нөлөө­гөө тэлэх гэсэн сонирхол нь ийнхүү Шанхайн байгуул­лагад өргө­дөл гаргахад хүргэж байгаа хэмээн ажиглагчид дүгнэж байна. Харин АНУ-ын хувьд Шанхайн байгууллагын ажиллагаанд хамрагдах гэсэн сонирхол нь Төв Азийн тавцанд өөрийх нь байр суурьтай өрсөл­дөхүйцээр тодорч бай­гаа энэ байгууллагын бодлогод илт нөлөөлж  чаддаггүй юм гэхэд ядаж эргэн тойронд нь юу болж,ямар бодлого гарч байгааг ойроос мэдрэх гэсэн эрмэлзлээс үүдэлтэй гэж мэдээлэгдэж байгаа ажээ. 

Мөн гишүүнчлэлийн асууд­­­­лаас гад­на Шанхайн бай­­­гуул­лагын зүгээс цаашид гишүүн орнуудын болол­цоог түшиглэсэн бүс нутгийн интеграц­чи­лалын хэд хэдэн санал, төлөвлөлтийг хэлэлцсэн нь анхаарал татаж байгаа билээ. Тухайлбал, улс хоорондын хамтарсан санхүүгийн нөөцийн банк, эсвэл сан бий болгох тухай асуудал энэ уулзалтын үеэр хэлэлцэгдсэн байна.Санхүүгийн ийм бүтцийг Шанхайн байгуул­лагын тулгуур улсууд болох хүчирхэг эдийн засагтай Хятад, Орос зэрэг орнууд бусад оролцогчидтой хамтран бий болговол Төв Азийн бүс нутагт байгуулагдах дэд бүтцийн төс­лүүдийг хэрэгжүүлэх, мөн Шанхайн байгууллагын үйл ажиллагааны хү­рээнд хамраг­даж байгаа сул эдийн засагтай улс орнуудаа дэмжих зэрэгт ашиглах зорилго тавьж байгаа гэнэ.

Бас нэг анхаарал татсан асуудлыг хэлэлцсэн нь ОХУ-ын засгийн газрын тэргүүн В.Путины тавьсан саналууд болж байжээ. Тэрээр Шанхайн бай­гуул­лагын орнуудын нутаг дэвсгэрийг холбосон олон улсын дэд бүтцийн сүлжээ буюу авто зам, агаарын нис­лэ­гийн зам болон төмөр замын шуга­муудыг бий болгох санаачилга гаргасан байна.Мөн хамтарсан үйл ажиллагааны удирдлагын төвүүдийг ч байгуулж болох тухай дурджээ. Түүний дээр ОХУ-ын засгийн газрын тэргүүн Шанхайн байгууллагын гишүүн болон түншлэгч орнуудыг багтаасан эрчим хүчний клубыг бий болгох тухай саналаа уулзалтын үеэр танилцуулсан байна.

Энэ бүхнээс үзэхэд Шанхайн бай­гууллагын үйл ажиллагааны цар хүрээ болоод үр нөлөөг улам бүр тэлэх бодлого идэвх­тэй хэрэгжиж эх­лэх төлөв харагдаж байгаа юм. Дээр дурд­сан хамтын ажиллагааны олон талт загварууд нь уул уурхай болон эрчим хүчний түүхий эдийн томоохон нөөцтэй Монголын хувьд нэг талаар ихээхэн боломжийг олгож болох мэт. Гэвч нөгөө талдаа геополитикийн чөлөөт байдлыг эрсдэлд хүргэхээр нөхцөл байдал ч үүсэж болох талтай байгааг анхаарах биз ээ.

Өнөөдөр зарим ажиглагчдын үзэж байгаагаар бол яг дээрхи асуудлаар Шанхайн байгуул­лагын гол тулгуур багана болох Орос, Хятад хоёр орны хооронд тус байгууллагын бодлогыг тодорхойлох талаар эсрэг тэсрэг үзэл бодолтой байгаа гэсэн мэдээлэл мөн гарч байгаа юм. Тухайлбал, Хятад улс Шанхайн байгууллагын үйл ажиллагааг Төв Азийн бүс нутагт эдийн засгийн чиглэлээр тулгуур болгох сонирхолтой байна.Тиймээс ч Хятад улс энэ чиглэлд түлхүү анхаарахыг хүсч байгаа бөгөөд Шанхайн байгууллага бий болсноос хойш­хи арван жилийн хугацаанд гишүүн орнуудыг нь хамарсан бүс нутагт оруулсан хөрөнгө оруу­лал­таа бараг найм дахин өсгөж чадсан байдаг.

Өөрөөр хэлбэл энэ бүс нутагт арван жилийн өмнө 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан Хятад улс одоо 84 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулах болжээ. Тэгвэл Орос улс Шанхайн байгууллага нь илүү геополитикийн нөлөөллийн хү­чин зүйл болох талаас буюу улстөрийн “зэмсэг” болгох сонирхол нь давамгайлж байгаа гэж ажиглагчид үзэж байгаа аж.

Харин энэ хоёр ашиг сонирх­лын аль нь Шанхайн байгууллагын “имиж”-д илүү давамгайлахыг дараа­гийн арван жилд харах л үлдэж байна. Яг одоодоо бол дээр өгүүлсэн гишүүнч­лэлийн тухай болон бүс нутгийн гэх зэрэг “дотоод” шинж чанартай асуудлуудаас гадна Европын хямралаас гарах төлөвлөгөөнд хэрхэн тусалж болох вэ зэрэг улстөрийн талбар дахь бусад өрсөлдөгч талуудыг төдий л цочроохооргүй ганц нэг гадаад чиглэлтэй зүйлийг л яриад өнгөрсөн гэж үзэж болохоор байгаа юм.

М.НАСТ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж