Улаанбаатар ”хонгил”-той боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатар ”хонгил”-той боллоо

Хонгил доогуур гүйж хэн нэгнээс зугтаж буй тухай адал явдал барууны зарим кинонд багагүй гардаг. Харин өнөөдөр би хонгил доорх “ертөнц”-рүү өөрөө орж үзлээ. Учир нь инженерийн шугам сүлжээг хонгилын дулааны системд шилжүүлэх байгууламжийг Монголд анх удаа барьсантай та­нилц­лаа. Уг “Түгээх сүлжээ”-г Чин­гэлтэй дүүргийн хоёрдугаар хороо нэг, хоёрдугаар 40 мянгатын 15, 17, 18, 19, 36, 37, 38 дугаар байруудын гадна талбайд хийсэн аж. Тус “шинэ­хэн” байгууламжийн дотогш орохоор шатаар уруудан буугаад харвал улаан, шар, ногоон, цэнхэр өнгийн дөрвөн ширхэг дамжуулах хоолойнууд байв. Эдгээр өнгө өнгийн хоолойнууд нь тус тусдаа үүрэгтэй гэнэ. Тухайлбал улаан өнгийнх нь халаалтын, ногоон нь буцах шугамын, хүйтэн усны дамжуулах хоолой нь цэнхэр байхад халуун усны бүх шугамын хоолой нь шар өнгийн байв.

Энэхүү хонгилын систем нь нийт 196 метрийн урттай бөгөөд өндөр нь 2.4м бол  гүн нь гурван метр.   Мөн тус байгууламж төмөр бетон цутгамал хийцтэйгээр хийгдсэн бөгөөд 937 у/м инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэн бетон сувагт бэхлэгдсэн үл хөдлөх тулгуур дээр байрлуулан угсарсан байна.

Тус байгууламжийн талаар “Эма Энд Би” компанийн захирал Б.Лхаг­васүрэн “Инженерийн бай­гуу­ламжийн хувьд энэ тунель гэ­дэг зүйл бол Монголд анх удаа хийгдэж, их зүйлийн эхлэл тавигдаж байгаагаараа онцлогтой юм. Ач хол­богдлын хувьд бүх инженерийн байгууллагуудыг хариуцдаг газрууд нэг зүйл рүү төвлөрч ажиллах мөн хөрөнгө хэмнэж, иргэдийн ая тухтай байх орчны байдлыг сайжруулах юм. Мөн хотын хэмжээнд хотын удирдлагууд нэгдсэн бодлогоор барих боломжтой болно” гэв.

Уг хонгил нь агаар оруулах, со­руу­лах салхивчийн автомат сис­темтэй бөгөөд ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг,хяналтын камертай байхаас гадна их засвар хийх шаардлагыг хангасан орц гарцын хаалгатай аж. Мөн газар доорхи обьект тул байгалийн ус чийгнээс хамгаалах үүднээс туннелийн гадна гадаргууд халуун хар тосон түрхлэг хийж өгсөн бөгөөд нийт уртын дагуу дөрвөн температурын заадастай байна. Тус байгууламжийг  НИХТ болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжин ажилласан аж. “Ашиглалтын хувьд зам талбай элэгдэнэ гэхээс тэнд шугам хагарлаа энд шугам сүлжээ тасарлаа гэх зүйл хэзээ ч гарахгүй байх болно” гэж Хотын нийтийн аж ахуйн газрын дарга Д.Дашзэвэг ярилаа. Газар хөдлөлт болоход энэ хонгилд юу ч нөлөөлөхгүй гэсэн.

Дашрамд дурьдахад инженерийн шугам сүлжээг хонгилын шугам сүлжээнд системд шилжүүлэх зургийн даалгаврыг боловсруулсан зураг төслийн хүрээлэнд ажлын зураг хийж, нээлттэй тендерийг зарлан гүйцэтгэгчээр “Боорчи” ХХК шалгаран Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай ажлын гэрээг өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдөр байгуулж ажлаа эхлүүлжээ.

 Мөн цаашдаа энэхүү байгууламж Нийслэл хотын хэмжээнд бүрэн цогцоор байгуулагдсан тохиолдолд “метрополитан” хотуудын жишгээр метроны тунелийг байгуулж болох ажээ. Метро бол нүсэр байгууламж. Харин энэхүү “Түгээх сүлжээ” хонгилын систем байгуулагдсанаар уг ажлын эхлэл тавигдаж байгаа юм.
Улаанбаатар хотын бүх байгуул­лагууд энэхүү байгууламжийг бай­­гуу­лахад  оролцож байгаа бө­гөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Захирагчийн ажлын алба болон  захиалагч байгууллагаар Орон сууц нийтийн аж ахуйн газар ажилласан аж. Уг хонгилыг  ОБЕГ үзүүлэх сургуулилт болон өөр бусад байдлаар ашиглах боломжтой байна.   

Г.Хулан

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж