Турк аялгатай ”гайхамшиг”

Хуучирсан мэдээ: 2011.11.10-нд нийтлэгдсэн

Турк аялгатай ”гайхамшиг”

Туркийн анхны хөлсний цагаач ажилчид тэр үеийн баруун Германы хөдөлмөрийн зах зээлд хагас зууны өмнөөс орж иржээ. Тэд немцийн “эдийн засгийн гайхамшгийг бүтээхэд мэдэгдэхүйц хувь нэмрээ оруулсан юм. Үүний хамт турк үндэстэн уг сурвалжтай олон тооны оршин суугчид ниймийн интеграцлалд ээдрээтэй асуудлуудыг төрүүлсэн билээ.

Энэ сарын эхээр Германы нийслэлд Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы оролцсон баярын ёслол болсон юм. Ёслолын өмнөхөн канцлер Ангела Меркель  турк хөдөлмөрийн цагаачдын Германы эдийн засаг ба нийгмийн амьдралд оруулсан хувь нэмрийг тэмдэглэв. “Тэд манай сайн сайхан амьдралд өөрсдийн хувь нэмрийг оруулсан юм. Тэд манай улсын хэсэг нь болж, тэд манай орныг өөрчилсөн юм” хэмээн канцлер турк үндэстэй 2,8 сая хүн амынхаа чухал үүргийг тэмдэглэн онцолжээ. Германы Гадаад хэргийн сайд бөгөөд дэд канцлер Гидо Вестервелле Туркийн “Hаrriyet” сонинд бичсэн өгүүлэлдээ гэрээ байгуулагдсанаас хойш хэдэн арван сая турк үндэстэн “Германы хэсэг” болсныг тэмдэглэсэн байлаа. “Тэд манай эдийн засгийн хөгжилд тусалж, дараа нь тэдний гэр бүл үр хүүхдүүд нь Германд амьдрахаар ирцгээсэн юм. Өнөөдөр тэдний дундаас олон тооны бизнесмен, улстөрч, телевизийн од төрөөд байна” гэж сайд хэлсэн байлаа.

Энэ бүгд 1961 онд Бонны дагуул хот Бад-Годесбергт “ажлын хүч ашиглах түр хугацааны” хоёр талын Засгийн хоорондын гэрээнд гарын үсэг зурснаар эхэлсэн юм. Санаачлагыг Туркийн талаас гарган ХБНГУ-тай хийж байсан худалдааныхаа алдагдлыг үндэснийхээ ажилчдаар нөхөх төлөвлөгөөтэй байсан аж. Туркийн удирдлага хөлсний ажилчдын “арми”-аас гэр бүл хамаатан садандаа шилжин ирэх мөнгөний урсгалд  гол найдлагаа тавьсан байв. Ийм гэрээ 1955 оноос Итали Герман хоёрын хооронд үйлчлэн мөн тийм зорилго агуулж байлаа. Гэрээ байгуулсны дараагийн 10 жилд Германд 750 мянган турк ажилчин ирсэн байв.

Өнгөрсөн зууны тавиад оны сүүлчээс ХБНГУ-ын эдийн засгийн тогтвортой өсөлт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувь байв. Түүнийг өнөөгийн Хятадын эдийн засгийн өсөлттэй харьцуулж болохоор байлаа.  Хувийн сууц ба гэр бүлийн насанд хүрсэн гишүүн бүрт авто байсан нь баруун германчуудын амьдралын хэм хэмжээ нь болсон байжээ. Гэхдээ 1961 онд мэргэжилтнүүдийн урсгалд Берлинийн хана босч, “эдийн засгийн гайхамшигт” нь аюул нүүрлэсэн юм. Үүний хариуд нь тус оронд өргөн хэмжээгээр  Турк, Марокко, Португали, Тунис ба Югославаас ажлын хүчийг  оруулж ирэв.

Шинэ ажлын хүчний тус оронд хөдөлмөрлөх хугацааг албан ёсоор хоёр жил гэж тогтоосон байжээ. Хүрэлцэн ирэгсэдийг үйлдвэрүүдэд тараан хуваарилаж, тэднийг ажлын байрных нь ойролцоох модон “амбаар”-уудад амьдруулж байв. Герман хүний хийхээс татгалздаг хүнд хүчир ажлыг тэд гүйцэтгэж иржээ. Хөлсний ажилчдад хэл ярианаас авахуулаад хүндрэл их гарч байсан юм. Сургалтын кинонуудаар тэдэнд Германы ёс заншил амьдрал уламжлалыг таниулж өгчээ.

Баруун Германд эдийн засгийн уналтын анхны шинж тэмдэг 1966–1967 онуудад илэрч, ажилгүйдэл өсөв. Нийгэмд гадаадын хөлсний ажилчдын тоог цөөлөх талаар маргаан өрнөж эхлэв. Тэдний урсгалд Засгийн газар нь 1973 онд шийдвэр гарган хориг тавьж эхэлжээ. Сонирхолтой нь хөлсний ажилчдын тоо цөөрч байгаа мэт боловч гадаадын цагаачдын тоо харин өсч байлаа. Янз бүрийн шалтгаанаар хөлсний ажилчид Германд үлдсэн бөгөөд удалгүй тэдэн дээр гэр бүлийнхэн нь нэмэгдэж эхэлсэн юм. Өнөөгийн Германд турк угсаатнууд үндэстний томоохон хэсгийг бүрдүүлж байна.


Бид Берлины баруун хэсгийн жижиг турк кафед орон нутгийн улстөрч, хоёр хүүхдийн эх, “Христийн ардчилсан холбооны” холбооны удирдлагын гишүүн Эмине Демирбюкен-Вегнертай ярилцлаа. Бидэнтэй ярилцаж байгаа тэр эмэгтэй Берлины Засгийн газрын гишүүн бөгөөд ХАХ-ны гэр бүл ба залуусын асуудал эрхэлсэн жигүүрийн спикер хүн юм байна. “Эхлээд бид эцэгтээ очих эрхгүй байв. Намайг найман настай байхад тэр гэртээ шоколад авчирдаг байсныг би санаж байна. Хожим манай гэр бүл нийлээд эцгийн хамт Берлинд ирсэн юм” гэж тэр дурслаа. Эхлээд хүнд байсан гэнэ. Сургуульд орохдоо тэр герман хэл ойлгодогүй байсан. Харин хожим их сургуулийн хэлний анги төсгөхдөө герман хэлэнд дуртай болжээ. Дараа нь улс төрд орж, ХАХ-ны гишүүн болсон гэнэ. Тэнд ирээдүйн нөхөр герман залуутай танилцжээ.

Интеграцийн гол асуудал нь хэл эзэмших явдал. Мэргэжлийн сургалт ба ажлын байр бол хангалтай байлаа гэж тэр ярив. Жараад оны хөдөлмөрийн цагаачдын үр хүүхдүүд харин одоо  герман биш турк хэлний хувьд хүндрэлтэй болсон хэмээн Эмине хэлэв. “Орон нутгийн сургууль төгсөгчдийн турк гаралтай 41 орчим хувь нь одоо Германд ажил орж чадахгүй учраас Туркт ажиллахаар очиж байгаа. Эндээс тэд ойрын ирээдүйгээ олж харахгүй байна” хэмээн тэр тайлбарлав.

Өнөөгийн Германд мэргэжлийн боловсон хүчин байнгын хомсдолтой байгаа ба үүний зэрэгцээ өндөр боловсролтой хүмүүс гадаадад ихээр гарах болжээ. “Энд улс төрийн шийдэл хэрэгтэй. Нэг ажлын байрны төлөө уугуул герман, турк гаралтай герман хоёр өрсөлдөхөд эхнийх нь түүнийг авдаг нь тогтоогдсон байгаа” гэж тэр тайлбарлав. Хэрэв өөрчлөлт гарахгүй бол дипломтой, турк үндэстэй,  залуу ажилчид Туркт олноор гарах болно. Германы их сургуулиудын диплом тэнд өндрөөр үнэлэгдэх бөгөөд хоёр хэлтэй нь бизнес эрхлэхэд давуу талыг өгдөг гэнэ. Одоо Туркт зургаан мянга орчим герман компаниуд ба хамтарсан үйлдвэрүүд ажиллаж байна. Ойролцоогоор иймэрхүү тооны төвшинд германчууд Орост ажилладаг. Германы мэргэжилтнүүдийн буянаар Туркийн эдийн засаг өсч байна. “Орчин цагийн хөлсний ажилчдын” ургал эргээд урсах болжээ.

Хүүхдүүд хоёр хэлтний орчинд өсөх нь амьдралын өргөн, илүү мэдлэгийг өгөх бөгөөд амжиллтай байх үндэс нь болдог гэдэгт Эмине итгэлтэй байна.  Гэхдээ хоёр сая гаруй турк гаралтнууд байгаа ч тусгай турк сургууль хэрэггүй.  Одоо Берлинд 190 үндэстэн ястан амьдарч байгаа. Орос, польш гээд л сургуулиуд гарч ирвэл юу болох билээ. Мөн үндэсний гарлаар байгуулсан намууд хэрэггүй. Хүний үүрэг, зорилго нь бүгдэд адилхан учраас одоо байгаа улс төрийн намын хүрээнд эрх ашгийнхаа төлөө тэмцэх ёстой гэж Эниме өгүүлж байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж