Эмэгтэйчүүдийн байгууллага 80 жилийн ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн байгууллага 80 жилийн ойгоо тэмдэглэв

Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 5-нд аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Энэ жил Өвөрхангай аймагт Эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус байгууллагыг 1950-иад онд удирдаж явсан н.Чулуунбат, н.Долгор нарын ахмад буурлууд тэргүүтэй үе үеийн удирдлага болох 10 гаруй эмэгтэй Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж,  мөн үе үеийн идэвхитэн, сонгуультнууд, тэргүүлэгчид энэхүү арга хэмжээнд оролцсон юм.

Энэ үеэр Ардын боловсролын тэргүүний ажилтан, Олон улсын Боловсрол сангийн лектор багш, “Монгол хүмүүжил, төлөвшил” ТББ-ын тэргүүн Ж.Цэгмиджав “ Монгол эмэгтэйн гайхамшиг” сэдвээр илтгэл тавьж, Технологийн сургууль болон Хүүхдийн төлөө хэлтсийн авъяаслаг оюутан сурагчид “Дурсамж” мюзикль тоглолтоо сонирхууллаа. Түүнчлэн Соёлын тэргүүний ажилтан н.Батболд, залуу дуучин н.Чулуунчимэг нар ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлэн, дизайнер Насантогтох үндэсний хувцасны загваруудаа толилуулсан бөгөөд Эмэгтэйчүүдийн байгууллагын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Миний зөөлөн ижий” дууны клипийг сонирхуулж, ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулсан юм. Мөн Эмэгтэйчүүдийн байгууллагын хөгжилд сэтгэл зүтгэлээрээ үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн улбааг бичилцсэн үе үеийн тэргүүлэгчид болон эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж буй тэргүүний эмэгтэйчүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль хүртээснийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү, аймгийн ИТХ-ын дарга И.Доржсүрэн нар гардууллаа. Тухайлбал, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ё.Цэцгээг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, “Соёмбо” цогцолбор сургуулийн багш Ц.Эрдэнэцэцэг, Баянгол сумын Татварын байцаагч Д.Буян, аймгийн Татварын хэлтсийн байцаагч Д.Рэнцэнханд нарыг Алтан гадас одонгоор, “Соёмбо” цогцолбор сургуулийн багш П.Хишигтийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнаж,  Засгийн газрын болоод аймгийн ИТХ, ЗДТГ, Эмэгтэйчүүдийн байгууллагын  шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнан урамшууллаа.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж