
Худалдаа аж үйлдвэрийн танхим цуврал “Коктейльтэй уулзалт”-аа Өвөрхангай аймгийн Уянга суманд зохион байгууллаа. Уулзалтанд Уянга сумын бизнес эрхлэгч, иргэд оролцож уул уурхайн эрхлэгчдийн үйл ажиллагааны тухай болон жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой санал шүүмжлэлээ илэрхийлсэн юм. Тухайлбал, суманд алтны уурхайнууд олноор ажиллаж байгаа ч хүний нөөцөө өөрсдийн танил тал, хамаатан саднаараа бүрдүүлчихдэг учраас сумын иргэдэд ямар ч эерэг нөлөө байдаггүй. Сум хөрөнгөжиж байгаа мэт боловч мөнгөний урсгал гадагшаа чиглэлтэй учраас иргэдийн амьжиргаа дээшилдэггүй. Тиймээс сумынхаа иргэдийн хэрэгцээг хангахуйц хүчин чадалтай жижиг, дунд үйлдвэр байгуулмаар байна. Гэвч хаана, хэнд хандахаа мэддэггүй. Банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө хүрдэггүй гэцгээж байлаа. Тогтмол ажлын байртай байх нь иргэдийн туйлын хүслэн байсан учраас тэдний тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын асуудалд тусалж зуучлахаа ХАҮТ-хан амласан юм. Уулзалтын үеэр тус сумын Бизнес Хөгжлийн Төвийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тэнд гар урлал, нарийн боовны цех, гар утас засвар, оёдол эсгүүр, бариа засал, гутал захиалга засвар, үсчин гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явагдаж байв.
Б.Батчимэг