Дэлхийн төмрийн хүдрийн зах зээл дэх эрэлтийн 40 гаруй хувийг дангаараа
бүрдүүлж буй Хятад улс Рио Тинто, Вале, BHP-тэй бүтээгдэхүүн
нийлүүлэлтийн гэрээний үнийг 30 хувиар буулгаад байна. Төмрийн хүдрийн
магнат болох энэхүү гурван компани нь нийлээд Хятадын төмрийн хүдрийн
импортын 70 хувийг бүрдүүлж буй. Өнгөрсөн сарын эхээр гурван “монополь”
Хятад руу төмрийн хүдрийг тонн тутмыг нь 173 ам.доллараар нийлүүлж
байсан юм. Харин одоо эдгээр компаниудын нийлүүлэлтийн үнэ 126
ам.доллар/тонн болж буураад байна.
Шинжээчид үүнийг Хятадын эдийн засгийн удааширлаас үүдэн үйлдвэрлэлийн эрчим суларсантай холбон тайлбарлаж буй юм.
Хятадын гангийн үйлдвэрлэлийн бүтээмж 2010 оны байдлаар 626 сая тонн
байсан бол 2015 онд 750 сая тонн болж өсөх тооцоотой байгааг тус улсын
Аж үйлдвэрлэл, Мэдээллийн технологийн яам өнгөрсөн даваа гаригт
мэдээлжээ. Түүнчлэн Хятадын гангийн жилийн хэрэглээ 2015-2020 онд
770-820 сая тоннд хүрэх тооцоог байгааг тус яам гаргажээ. Энэхүү
үйлдвэрлэл, хэрэглээний өсөлтийг хангахын тулд Хятадад 2015 он гэхэд 100
сая тонн нэмэлт төмрийн хүдэр шаардагдах аж.
Манай улсын хувьд Хятад руу энэ оны эхний есөн сарын байдлаар 4.113 сая
тонн төмрийн хүдрийг дунджаар 72.6 ам.доллар/тонн-ын үнэтэйгээр
экспортлоод байна.
Б.Төгс