
Г.Уянга, А.Баатархуяг нарт эрүүгийн хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Сэтгүүлч А.Баатархуяг өнгөрөгч 2010 оны гуравдугаар сарын 4-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс задрал руу” хэмээх нийтлэлдээ БОАЖ-ын сайд Л.Гансүхийг “Сая ам.долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэн аж. Харин түүний эхнэр Г.Уянга үүний дараа ҮШН-аас “Улаанбаатар палас”-т зохион байгуулсан “Ард түмний их хуралдай”-д үг хэлэхдээ “БОАЖ-ын сайд Л.Гансүх Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараа Зайсанд сая долларын үнэтэй хаус худалдаж авсан” хэмээн мэдэгдсэн байна.
Тиймээс Л.Гансүх сайд гэр бүлийн хоёрыг “бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” гэх үндэслэлээр Сүхбаатар, Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргаснаар дээрх хэрэг үүссэн юм. Өнөөдрийн шүүх хуралд улсын яллагчаар Ж.Чимгээ, шүүгчдэгчийн өмгөөлөгчөөр С.Хишигбат, Л.Гансүх сайдын өмгөөлөгчөөр н.Цэндсүрэн нар оролцох аж.