Монголын хүн амын тоо 42 мянгаар зөржээ

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Монголын хүн амын тоо 42 мянгаар зөржээ

Эдийн засгийн байнгын хо­рооны өчигдрийн хурал­даанаар Статистикийн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр хүн амын тоо, газар өмчлөлийн бүртгэлийн талаарх асуултад  Статистикийн хороо, УБЕГ-ноос гаргасан хүн амын тоо 42 мянгаар зөрж байгаа талаар мэдээллэсэн байна. Гэвч үүнийг асуудал биш хэмээн тайлбарласан байна.

Хүн ам, орон сууцны тооллогын дүн, иргэний шинэчилсэн бүртгэлийн дүнгээр Монголын хүн амын тоо ийнхүү 42 мянгаар зөрсөн нь хүн амын жилийн өсөлт зэргээр үндсэндээ баланслагдсан байгаа талаар тайлбар хийсэн байна.

Энэхүү мэдээллийг сонсох болсон нь уг хуралдаанаар Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнтэй холбоотой юм. Тухайн хуулийн хоёр заалтыг өөрчлөхөөр төсөл санаачилсан бөгөөд үүнд, ХАА-н тооллогыг арван жилийн зайтай хийх, ядуурлын төвшин тогтоох хоёр төрлийн аргачлалыг нэгтгэх тухай байв.

Статистикийн үндэсний хороо­ны дарга С.Мэндсайхан дээрх өөрч­лөлтийн талаар тайлбар хийсэн ба жилд нэг удаа хийдэг мал тооллого урьдын адил хэвээр үргэлжлэхийг хэлээд “ХАА-н тооллого нь илүү өргөн хүрээтэй. Мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа айлуудын орлого, боловсруулж буй бүтээгдэхүүн гээд бүх төрлийн мэдээллийг арван жилд нэг удаа цуглуулж, таван жилд нэг удаа түүвэр маягаар баталгаажуулах юм. ХАА-н тооллого нь НҮБ-аас гишүүн орнууддаа өгч буй чиглэлийн хүрээнд хийдэг том арга хэмжээ. Дэлхийн хүн ам өсч, хүнсний хэрэглээ нэмэгдэж байгаа үед ХАА-н тооллого чухал ач холбогдолтой” хэмээн тайлбарлалаа.

Уг хуулийн хоёр дахь өөрчлөлт нь түвшин тогтоох аргачлалтай холбоотойгоор гарсан бөгөөд өнөөх тооллогын дүн зөрдөгтэй адил ядуурлын түвшинг хаанаас тогтоосноос хамааран ялгаатай гардгыг өөрчлөх тухай байв.

Статистикийн хороо, Дэлхийн банк­ны судалгааны аргачлалаас хамааран өөр өөр дүн гардаг ба тул аргачлалыг шинэчлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ядуурлыг орлогоор тооцох нь бодит биш үр дүн үзүүлдгийг Статистикийн хорооноос тайлбар хийсэн ба аливаа өрхийн зарлага орлогоосоо үргэлж давдаг. Мөн далд эдийн засаг өндөр байдгаас орлого бодитой биш гэнэ. Эхэнд дурдсан хүн амын тооны зөрөөний асуудлыг цэгцлэхээр Статистикийн хороо, УБЕГ хамтран хоёр талаасаа хүн амын нэгдсэн сан бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийг өргөн барина

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дараагийн асуудал нь Мэдээлэл харилцаа, холбоо, технологийн газраас Монгол Улсад аутсорсинг хөгжүүлэх эхлэлийн талаарх танилцуулга байв. Аутсорсингийн төрлийн 69 хувийг программ хангамж, хөгжүүлэлт эзэлж байгаа бол 23 хувь нь өгөгдөл боловсруулалт, дижитал контент, үлдсэн 8 хувь нь санхүүгийн чиглэлийнх байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аутсорсингийн борлуулалтыг 150 сая ам. долларт, ажиллагсдын тоог 10 мянгад тус тус хүргэнэ хэмээн заажээ. Энэ хүрээнд Энэтхэг Монголын Засгийн газар хооронд Аутсорсингийн мэдээллийн технологийн төв байгуулахад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон аж. Мөн Аутсорсингийн өнөөгийн байдал судалгаа хийгдэж, Хөдөлмөрийн төв бирж дээр Аутсорсинг хариуцсан нэгж байгуулагдсан байна.

Одоогоор 360 гаруй сум суурины 160 орчим нь шилэн кабельд холбогдсон ба ирэх онд 140 гаруй сумыг мөн холбох аж.  Мэдээлэл, харилцаа холбоо ийнхүү улам хурдацтай хөгжиж буй үед аюулгүй байдал, хамгаалалтын асуудал хурцаар тавигдах ёстой гэнэ.
 
Гишүүдийн зүгээс мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан ба тухайлбал, УИХ гишүүн С.Бямбацогт “УИХ-ын гишүүн болоод гурван жил өнгөрч байхад ямар мэдээллээ яаж нууцлах талаар нэг ч удаа зөвлөгөө өгсөнгүй” гэв. Түүнчлэн мэргэжилтэй боловсон хүчин, орчин үеийн техник, технологи дутмаг байгаа тухай хэд хэдэн гишүүдийн саналд гарч байсан ба Засгийн газар ойрын хугацаанд Кибер аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барих гэж байгааг, зээлийн эргэн төлөлт зэрэг асуудлаас болоод хэрэглэгчдэд очиж буй интернэтийн үнэ тариф арай өндөр байгаад байгаа тул асуудлыг ирэх Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр төлөвлөж нийт 60-аад сая ам.долларын зээлийг түр хойшлуулах хүсэлт тавих гэж байгаа тухай танилцуулсан байна. 

Боловсруулахаасаа өмнө буцаах хуулиудын жагсаалт гаргажээ

Хэлэлцэх дараагийн асуудал нь батлах шаардлагагүй гэгдсэн хуулиудын тухай байв. Үүнд,
Хот суурины төлөвлөлтийн тухай, Хот суурины ногоон байгууламжийн тухай, Авто зогсоолын тухай, Орон сууцны барилгыг шинэчлэн барих тухай, Газар зохион байгуулалтыг шинэчлэх тухай, Газрыг улсын мэдэлд эргүүлэн авах тухай, Газрын үнэлгээний тухай, Орон сууцны санхүүжилтийн тухай, Хурдны замын тухай, Барилга хуваан өмчлөх тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай, Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслүүд багтсан аж.

Эдгээр хуулийн төслүүд нь “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой шинээр батлах, шинэчилж өөрчлөх хуулийн төслийн жагсаалтад багтаж байсан ба сүүлд нь заавал бие даасан хууль байх шаардлагагүй, өөр хуулийн заалтад шингээх боломжтой гэж үзээд хасах нь зүйтэй гэж үзэж. Ингээд энэ саналаа байнгын хороонд оруулсан нь энэ аж.

Дээрх асуудлын хүрээнд гишүүд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн ажлын явц ямар байгааг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас сонирхлоо. Учир нь хөтөлбөр батлагдаад хоёр дахь жилдээ орох гэж буй. Тодруулж хэлбэл, хоёр намрыг үдэн хоёр хавартай золгосон. Ажил хийгдэж байна гэдэг ч ахисан юм байдаггүй. Хөгжлийн банк хөрөнгө босгохыг харсаар суутал  Улаанбаатар хотын хувьд орон сууц барьж болох боломжит талбайд аж ахуйн нэгжүүд өөрсдийн барилга байшингаа барьчихсан. Нэг ёсны “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн ажил удаашралтай байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж буй юм.  Салбарын сайдын тайлбарласнаар өнгөрсөн хугацаанд яамны зүгээс “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор санал авч, тендэр зарласан. Нийтдээ 160 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулагдаж дууссан. Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд орон нутгуудыг хөгжүүлэх зорилго зорилт давхар туссан. Энэ хүрээнд эхний ээлжинд Төв, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгийн таван суманд Канад технологиор загвар сум байгуулна. Загвар сумын төсөл амжилттай хэрэгжвэл хоёр дахь ээлжинд 96 сумыг дээрх технологийн дагуу хөгжүүлэх зорилт тавьж цаасан дээр ерөнхий төлөвлөгөө гаргасан байна. Нэг үгээр хэлбэл, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн цаасан дээрх ажлын гүйцэтгэл 80-90 хувьтай байна” гэсэн хариултыг сайд Х.Баттулга өгч буй юм.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Хот суурины ногоон байгуу­ламжийн тухай хууль бие даасан хууль байх нь зөв, хуулийн төслөө ч боловсруулаагүй байж байгаад дараа нь бие даах шаардлагагүй гэж хасахаар оруулж ирлээ зэрэг саналууд гарч байсан ба ямартаа ч энэ төслийг нь хэлэлцээд үзье хэмээн шийдсэн байна.

40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авна

Хуралдаанаар мөн Монгол Улс, Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Манай улсын Засгийн газар Австрийн Засгийн газраас хөгжлийн зээл тусламж олгодог орнуудын жагсаалтад Монголыг оруулах хүсэлтийг 1997 онд тавьж байж. Энэ хүсэлтийг өнгөрсөн онд л хүлээн авч хөдөө аж ахуй, эрчим хүч, орон нутгийн усан хангамж, эрүүл мэнд, мэргэжлийн сургалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, дэд бүтцийн чиглэлээр  тодорхой төслүүдийг санхүүжүүлэхээр болсон байна. Зээлийн хэмжээ 40 сая евро, 0.4 хувийн хүүтэй, 18 жилийн хугацаатай. Гэхдээ цаашид Монгол Улсын зээлжих зэрэглэлээс хамаарч зээлийн ерөнхий нөхцөлийг өөрчлөх бололцоотой аж.

Австрийн Засгийн газраас дээрх зээлийг авахын тулд Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах учиртай. Өөрөөр хэлбэл, ерөнхий хэлэлцээрээ эхэлж батлаад дараа нь төсөл тус бүрт тусгайлсан хэлэлцээр хийх юм.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж