Сонгуулийн туршлагаа хуваалцав

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Сонгуулийн туршлагаа хуваалцав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан “Сонгуулийн үеийн зөрчилдөөн-Олон улсын туршлага сургамж” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болж улстөрийн намууд, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож байр сууриа илэрхийлсэн байна.

“Ази дахь сонгуулийн хүчирхийллийг тайлбарлах нь” судалгааны дүнг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн сонгуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Саймон Алексис Финли танилцуулсан ба Ази, Номхон далайн бүсийн орнуудад сонгуулийн хүчирхийлэл гардаг шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлж болох гарцыг судалгаагаар гаргахыг хичээжээ. Гэхдээ бүс дотроо нутаг бүрийн онцлог байсныг судлаач тодотгож байлаа. Сонгуулийн үеийн мөргөлдөөн зөрчил улстөрөөс улбаатай ч сонгуулийн өмнө эсвэл дараа гэдэг нь харьцангуй ойлголт аж. Тухайлбал, Таиландын сонгуулиас жил хагасын өмнө сонгууль явуулахыг шаардсанаас үүдэн мөргөлдөөн гарч байв. Хүчирхийллийг ашиглан сонгуулийн үр дүнд сонгуулиас өмнө нөлөөлөх оролдлогын жишээ энэ мэтээр үргэлжилнэ. Тэгвэл гурван жилийн өмнө Ираны сонгуулийн дараа сонгуулийн үр дүнг үгүйсгэх уриалга онлайнаар дамжиж байв. Сонгуулийн хүчирхийлэл мөн айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх байдлаар ч илэрдэг аж.

Сонгуулийн үйл явцыг судлаач гурав хуваасан бөгөөд энэ нь нэгд, бэлтгэл ажил, хоёрт, санал тоолох, гуравт, сонгуулийн үр дүнг тодорхойлох хэмээн дүгнэв. Бэлтгэл шатанд сонгуулийн хүчирхийллээс сэргийлэх бүх арга хэмжээг авах шаардлагатай гэнэ. Ер нь сонгуулийн мөчлөг бүрт юуг анхаарах, юу хийх ёстойг зөвлөмжөөр тодорхойлох нь чухал аж. Үүний зэрэгцээ сонгуультай холбоотой хүчирхийллийн 89 хувь нь сонгуулийн өдөртэй холбоогүй гарч байгааг мөн анхаарах хэрэгтэй гэж судлаач зөвлөсөн.

Ази, Номхон далайн бүсийн орнуудад сонгуулийн байгууллага нэлээд хүчтэй эрх мэдэлтэй байдаг аж. Сонгууль дахин явуулах, маргааныг шийдвэрлэх зэрэг эрхтэй. Гэвч олонхи тохиолдолд хүн хүч, хөрөнгө мөнгө нь хүрэлцдэггүй байна. Пакистаны туршлага гэхэд л Сонгуулийн хороо нь төрөөс хараат бус байж чаддаггүй гэнэ. “Тиймээс Сонгуулийн хороо нь хэдий бие даасан, эрх мэдэл ихтэй ч хөрөнгө санхүүгийн хувьд шийдвэрлэж өгөхгүй бол хараат бус үйл ажиллагаа явуулах бололцоо дутмаг байдаг” хэмээн судалгааны тайланд онцолсон байна. Нөгөөтэйгүүр улстөрийн намууд сонгуулийн хүчирхийллээс сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нам дотоод ардчилал нь сайн, ардчиллын зарчим нь сайн үйлчилдэг бол сонгуулийн хүчирхийлэл гарахгүй гэж үздэг аж.  

Б.Энхмаа

"Ардын эрх" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж