Хөдөө аж ахуйн тооллогыг арван жил тутамд хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн тооллогыг арван жил тутамд хийнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөлд тусгаснаар хөдөө аж ахуйн тооллогыг арван жил тутамд нэг удаа зохион байгуулж байхаар заажээ. Энэ хугацааг гишүүд урт хугацаа гэж үзэж байна. Учир нь арван жилийн хугацаанд юм өөрчлөгдөнө. Нэг ёсны судалгаа хэт хуучрах юм биш биз гэсэн анхааруулгыг өгч буй юм. Харин Үндэсний статистикийн хорооны даргын хэлснээр бол дэлхийн улс орнууд хөдөө аж ахуйн тооллогод ач холбогдол өгөх болсон Энэ нь дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрч хүнсний хомсдол үүсч болзошгүй байгаатай холбоотойгоор арван жил тутамд нэг удаа хөдөө аж ахуйн тооллогыг даацтай явуулах ёстой хэмээн үзэх болсон. Энэ агуулгаар төсөлд хөдөө аж ахуйн тооллогыг арван жилд нэг удаа зохион байгуулж явуулж байхаар тусгажээ. Мөн төсөлд тусгаснаар өрхийн орлогыг сар тутамд гаргахаар заажээ. Үүнд гишүүд итгэл муутай байна. Шалтгаан нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газар, олон улсын байгууллагуудаас гаргасан Монгол Улсын ядуурлын төвшний талаарх судалгаа зөрүүтэй байдаг. Нөгөөтэйгүүр, орлогогүй өрхийн судалгааг хэрхэн гаргах, мал аж ахуй эрхэлдэг малчдын хувьд улирлын чанартай орлоготой байдаг Тиймээс өрхийн орлогыг голчтой гаргана гэдэг амаргүй. Ямар арга аргачлалаар тооцож гаргахыг сонирхлоо. Түүнчлэн Үндэсний статистикийн хороо Засгийн газарт тааламжтай судалгааг гаргадаг гэх үгийг ч гишүүд хэлээд авлаа.

Үндэсний статистикийн хорооны даргын тайлбараар бол аргачлал нь өөр өөр байгаагаас судалгаа зөрүүтэй гардаг. Тухайлбал, Үндэсний статистикийн хороо нь 2002-2003 онд Монгол Улсад ядуурлын хэмжээ 36.1 хувь, 2007-2008 онд 35.2 хувь, Дэлхийн банк 2007-2008 онд Монголд ядуурал 16.8 хувьтай байсан гэж гаргасан. Өөрөөр хэлбэл, Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэл нь Засгийн газар талдаа тааламжгүй. Бид өөрсдийн гаргасан тоондоо итгэлтэй байгаа. УИХ-ын даргын дэргэдэх байгууллага учраас Үндэсний статистикийн хороо нь дарамт шахалтгүйгээр судалгаагаа гаргах боломжтой гэсэн тайлбар өгч буй юм. Ер нь өрхийн орлогыг тооцоход амаргүй аж. Учир нь өрхийн зарлага нь орлогоосоо давчихсан байдаг тул олон улсын байгууллагуудын хэрэглэж байгаа аргачлалаас өөр аргаар хийхээс аргагүй. Энэ ч үүднээс өөрийн орны онцлогт тохирсон аргачлал гаргахаар ажиллаж байгаа гэдгийг ч хэллээ. Ингээд энэхүү тогтоолыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь гар өргөн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж