21-ээ 42 мянга болговол ямар вэ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

21-ээ 42 мянга болговол ямар вэ

Манай улс уул уурхайн баялгаараа иргэн бүрээ нэг насаар нь идэх хоолтой, өмсөх хувцастай болгох бүрэн боломжтой гэдгийг олон улсын шинжээчид баталж буй. 2008 оны сонгуулиас хойш монголчууд 21 мянган төгрөгөө хүлээж суудаг “сайхан” зуршилтай болсон. Энэ мөнгөө олгохоо больчихвол ч ард түмэн “мөнгөө авъя” гээд Сүхийн талбайд хушуугаа унжуулаад суучихаж магадгүй болчихоод буй.

Ер нь 21 мянган төгрөг өгч эхэлснээр манай эдийн засаг хийгээд иргэдийн амьдралд сөргөөсөө илүү эерэг нөлөөлсөн гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Эдийн засагт 21 мянгатай, мянгагүй угаасаа гадаадаас орж ирж буй олон зуун тэрбумын хөрөнгө оруулалт халалт үүсгэж байхад бид зөвхөн Хүний хөгжил сангийн мөнгөөс болж эдийн засаг халаад буй мэт ярих нь үнэнд ойр гэхэд хэл нэг л эвлэж өгөхгүй нь.

Саяхны нэг судалгаагаар иргэдийн 80.6 хувь нь хувь хишгээ бөөнөөр нь бэлэн мөнгө хэлбэрээр хүртэх сонирхолтой байгаа гэснээс гадна сар бүр олгож буй 21 мянгыг 84.1 хувь нь ойр зуурын хэрэглээндээ зарцуулдаг аж. Түүнчлэн тэдний үзэж буйгаар 21 мянган төгрөг бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Ингээд үзэхээр энэ мөнгө монголчуудад огт хэрэггүй болсон мэт. Гэтэл нийгмийн дийлэнх буюу дундаас доогуур орлоготой болон эмзэг бүлгийнхний хувьд үүн шиг хэрэгтэй төрийн хишиг үгүй бололтой. Тэр дундаа олон хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүйчүүдэд түшиг тулгуур нь болсон гэхэд хилсдэхгүй. Гэнэт энэ мөнгийг цуцалж орхивол хэчнээн хүн хоногийн хоолноосоо хагацах талаар судалгаа хийгдээгүй нь хачирхалтай.

“Сачий байсан бол санаагаа хэрэгжүүлэхгүй юу” хэмээн нэгэн нэртэй эдийн засагч 21 мянган төгрөгийн талаар шүүрс алдан хүүрнэхдээ “Нийгмийг гурван түвшинд хувааж үзье. Дээд, дунд, доод гэж гурав хувааж байгаад санаагаар болдог бол дээд түвшнийхэнд 21 мянгыг нь өгмөөргүй байгаа юм. Үнэндээ энэ мөнгөөр архи ууж буй хүмүүс нь доод бус дунд түвшний орлоготой иргэд шүү дээ. Тиймээс дээгүүр орлоготой иргэдийн хишгийг доогуур орлоготой иргэдэд өгч, 42 мянга болговол шударга болох юм шиг” хэмээсэн. Үнэхээр энэ саналыг эрх баригчид бодож үзвэл болохгүй биш харин ч бүр боломжтой зүйл мэт.

Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд 21 мянган төгрөг сүрхий нөлөөлсөн гэхэд бас эргэлзээтэй. Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Рэндольф Коппагийн хэлснээр манай улсад гадны хөрөнгө оруулалт хэт их орж ирснээс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн аж. Өөрөөр хэлбэл, өнөөх 21 мянга маань өргөн хэрэглээний барааны нэмэгдэх нь тодорхой үнэд нэмэр болсон бололтой. Үүнийг нь дотоодын эдийн засагчид өлгөж аваад өгөөшөө болгочихож. Эх орны хишиг нийтдээ 700 орчим тэрбум төгрөг болж буй нь эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй нь үнэн. Гэхдээ Оюутолгойн бүтээн байгуулалтад өдөрт долоон тэрбум төгрөг зарцуулагддаг гэдэг. Энэ нь манай эдийн засагт хэрхэн нөлөөлж буй нь сонирхолтой.

Ингээд бодохоор хишиг, хувь хүртээх нь тийм ч муу зүйл биш бололтой. Манай Төвбанкныхан энэ зэргийн зүйлийг аргалаад гаршиж байгаа ч шинжтэй. Нэгэнт нийгэм, эдийн засагт бий болсон хүлээлт нэг өдөр тасрахад ямар үр дүн дагуулахыг цаг хугацаа харуулах биз ээ.

А.АРИУНБОЛД

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж